Махны үнийг барих зорилгоор ҮХААЯ, Монголбанк хамтран “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж буй. Үүний үр дүнд мах бэлтгэлийн компаниудад хөнгөлөлттэй зээл олгож, нийслэлийн хэмжээнд 9200 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Энэ талаар өчигдөр ҮХААЯ, ОБЕГ, МХЕГ, Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, мах бэлтгэн нийлүүлэгч компаниудын төлөөлөл хамтран мэдээлэл хийлээ. Нөөцийн махыг одоогоор хороодын байрлал сайтай дэлгүүр, хүнсний зах болон сүлжээ дэлгүүр гээд нийт 247 цэгээр борлуулж эхэлжээ. Харин цаашдаа мах борлуулах сонирхлоо илэрхийлсэн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийн долдугаар сарын 15-ны өдрийг хүртэл 350 гаруй цэгээр борлуулахаар төлөвлөсөн байна. Үнийн хувьд үхрийн мах кг нь 5950, ямааных 4850, хонь 5750 төгрөгөөр борлуулж байна. Түүнээс гадна зарим иргэн гулуузаар нь авах хүсэлтэй байдаг. Иймээс амралтын өдрүүдэд “Нарантуул-2”, “Хүчит шонхор”, “Хархорин” захаар хонь, ямааны гулууз, үхрийн өрөөл мах борлуулах гэнэ. Хэрвээ нөөцийн махыг гулуузаар нь авна гэвэл хонины мах кг нь 5500 төгрөг, ямаа 4400, үхрийн махыг 5800 төгрөгөөр худалдаалах юм байна. Харин Дархан-Уул аймгийн хувьд “Баатрууд” ХХК нөөцийн махных нь менежерээр ажиллаж байгаа гэнэ. Нийт 1000 тонн мах нөөцөлж. Орхон аймгийн нөөцийн махны нийлүүлтийг “Эрдмийт” ХХК хариуцан борлуулалтыг нь хариуцжээ. Ингэхдээ нийт 1016 тонн мах бэлтгэснээс 50 гаруй хувийг нь өөрийн үйлдвэрт бэлтгэж, аймгийн ЗДТГ-аас баталсан 13 цэгээр худалдан борлуулж байгаа аж.
Мэдээллийн үеэр “Жаст Агро” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Батхишиг “Энэ жилийн нөөцийн махны чанарт ахиц гарсан. МХЕГ-ын дүгнэлт гаргасан зооринд махаа нөөцөлж байгаа. Эрүүл ахуйн дүгнэлт гаргуулсан. Өнөөдрөөс эхлэн бүх нийлүүлэлтийг тогтворжуулна. Нөөцийн мах үнийн хувьд боломжийн. Өртөг дээр зээлийн хүү, үйл ажиллагааны зардал нэмэгдээд борлуулах үнэ гарсан. Гэхдээ одоогийн байдлаар эрэлт тийм сайн биш байна. Цаашдаа нэмэгдэх хандлага бий. Ер нь, махны үнэ гуравдугаар сарын сүүлээс зургаан сар хүртэл өсдөг. Энэ хугацаанд 300 гаруй цэгээр нөөцийн махны нийлүүлэлт явах учраас үнэ тогтворжино гэсэн үг” хэмээв.
Хурлын үеэр ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-Жил бүр амт, чанарын асуудал сөхөгддөг байсан нөөцийн маханд энэ онд олон ахиц гарлаа. Үнийг нь бууруулах боломж бий юү?
-Өнгөрсөн жилээс нөөцийн махны үнэ өндөр байгаа нь үнэн. Гэхдээ тухайн үеийн зах зээлийн үнийг хэтэрхий бага тогтоосноос мах нөөцөлсөн компаниуд зах зээлийн үнээр зарснаас нөөцийн мах бараг борлогдоогүй.
Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сараас нэгдүгээр сар хүртэл махаа нөөцөлсөн. Орон нутгаас тухайн махыг авахад ямар үнэтэй байсан, тэр ханшаар нь л бүрдүүлсэн. Тэгэхээр нөөцийн махын менежер компаниуд өөрсдөө банкнаас зээл авч буцааж төлөх учраас бэлтгэсэн үнээсээ хямдаар махаа борлуулах боломжгүй.
-Яамны зүгээс цаашдаа махны үнийг бууруулах талаар ямар бодлого барьж ажиллах вэ?
-Бидний тавьж байгаа гол зорилго бол махны үнийг олон дахин савлуулахгүйгээр тогтвортой барихад л оршиж байна. Тэрнээс хямдруулах зорилго тавиагүй. Зах зээлийнхээ жамаар үнэ өснө. Гэхдээ цөөн хэдэн хүн үгсэн хуйвалдаж хуурамч хомсдол үүсгэн ашиг олдог үзэгдлийг таслан зогсоохын тулд нөөцийн мах бэлтгэсэн.
-Өнөөдөр кг махны үнэ хэт ялгаатай байна. Тухайлбал, “Хүчит шонхор” зах дээр үхрийн кг мах 8000 байхад “Баянзүрх” худалдааны төвд 10 мянга байх жишээтэй. Махны үнэ жигд тогтворжиж өгөхгүй байна л даа?
-Үхрийн шинэ мах захуудад кг нь 10 мянгаар борлогдож байгаа. Энэ үнэтэй махыг яаж бэлтгэдэг вэ гэхээр Төв, Булган, Хэнтий аймагт малаа төхөөрөнгүүт гуяны махыг нь өртөг өндөртэй захуудад зараад, цээжний махыг нь зоогийн газарт нийлүүлдэг. Төхөөрснөөсөө хойш 24-48 цагийн дотор хөлдөөхгүйгээр хотод зарагдаж байгаа мах 10 мянган төгрөг байгаа. Гэтэл энэ шинэ махны үнээр нийслэлийнх нийтдээ юм шиг ойлгож болохгүй гэдгийг дахин хэлье.
“Хүчит шонхор” захад гэхэд өнөөдөр 70 тонн, “Хархорин” хоногт 15 тонн үхрийн мах зарагддаг. Тэгвэл томоохон захуудад тухайлбал, “Меркури” захад өдөрт 1200 тонн мах зарагдаж байгаа. Энэ 1200 тонн махны үнээр Улаанбаатарт борлуулж байгаа 100 тонн махны үнэтэй харьцуулж болохгүй.
-Нөөцийн махыг борлуулж байгаа газрууд хол байна. Ойр хотын төв рүүгээ дөхүүлж болохгүй юм уу?
-Нөөцийн махыг томоохон зах худалдааны төвүүдэд зарж борлуулъя гэхэд захын удирдлагууд татгалзсан. Учир нь, бид түрээслэгчдийнхээ эрх ашгийг хамгаалж байна. Түрээслэгчдийн махны үнийг хямдруулах үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн л дээ. Гэхдээ яамнаас нөөцийн махны менежер компаниудад төвийн захуудын яг хажууд нөөцийн махыг зар гэсэн даалгавар өгсөн. Бид “Меркури”, “Баянзүрх”, “Бөмбөгөр” захад худалдаалж байгаа махны үнийг бууруулж чадахгүй. Учир нь, захын удирдлагууд тийм боломж өгөөгүй.
-Нөөцийн мах ид хаврын урт өдрүүдэд хүрэлцээгүй болох нь бий. Энэ жил тийм зүйл гарахгүй биз дээ?
-Нөөцийн махны менежментийн асуудал 2005 оноос хувийн мах бэлтгэлийн компаниудын бэлтгэсэн махыг зооринд нь лацдаад, хавар зах зээлийн үнээс хямд зарсан тохиолдолд урамшууллын мөнгө өгдөг байсан. Энэ зарчмаараа 2005-2012 он хүртэл явсан. Энэ жил мах бэлтгэлийн арга өөрчлөгдөж, хяналт ч сайжирсан.
Нөөцийн мах бэлтгэхэд онцгой байдлын нөөцийн няравууд, Мэргэжлийн хяналтын байцаагч, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг гээд олон талын оролцоо орсон. Сардаа нэг удаа хяналт шалгалт хийж байсан. Иймээс ч бүх мах сайн бэлтгэгдсэн. Өмнө нь, манай компани 2000 тонн мах бэлтгэсэн гээд 500 тонн мах бэлтгэсэн байдаг байлаа. Мах хангалттай бий. Одоо бидэнд нэг том асуудал үүсч байна. Юу вэ гэхээр бэлтгэсэн махаа зам зуур ашиг хонжоо хайсан нэгэнд оруулахгүй иргэддээ жигд хүргэх ажил үлдэж байна.