Манай улс шатахуун нийлүүлэлтээр гадаадын улсаас хамааралгүй болохын тулд нефть боловсруулах үйлдвэр барих тухай олон жил ярьсан. Ярьсаар ярьсаар олон Ерөнхий сайдын нүүр үзэв. Харин төр өөрчлөгдсөнөөс хойш яриа нь ажил болох хандлага энэ жилээс ажиглагдаж эхлэв. Гэтэл бас нэг асуудал гарч ирж байгаа. Тэр нь боловсон хүчин. Хэрүүл хэлцэл болж, элдэв юм давсаар нэг том үйлдвэр нээхээр бүх мэргэжилтэн нь гадаадын хүмүүс болж таардаг. Тэгэхээр манайх шатахууны үйлдвэр байгуулбал бас л ийм байдал үүсэх үү? Монгол хүмүүс хамгийн бага цалинтай цэвэрлэгч, харуул, үүдний жижүүр хийсэн хэвээр байх уу? Уг нь, захирлаас эхлээд ерөнхий инженер хүртэлх бүх ажлыг бид хийдэг баймаар. Манайд энэ талаар мэргэжилтэн огт бэлтгэдэггүй юм байх гэж бодож байтал бэлддэг гэдгийг сонслоо. Тэгэхээр энэ талаар нарийвчлан тодруулахаар авахын тулд бид ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн Тэргүүлэх профессор, Профессор, Доктор (Ph.D) Жамбын Цэвээнжав гуайтай уулзлаа.
-Дарханд “Монгол Секью ” компани жилдээ сая гаруй тонн шатахуун боловсруулах чадалтай үйлдвэр барих асуудлыг саяхан Засгийн газраас бүрэн шийдсэн. Гэтэл манайд ийм хэмжээний үйлдвэрийг хариуцан цаашид ажиллуулах чадвартай тусгай мэргэжлийн боловсон хүчин хангалттай байна уу? БНХАУ, АНУ-аас мэргэжилтэн урьж авчраад өндөр цалинтай ажиллуулахаас өөр аргагүй юу?
- Үнэндээ эх орон хэзээ нэгэн цагт дуудвал бэлэн байх ёстой гээд бэлтгэсэн боловсон хүчин бий. Газрын тосны гэсэн тодотголтой сургууль 1990-ээд оноос, Зөвлөлт задран унасны дараагаар л манайд цоо шинээр нээгдсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Тухайн үедээ Зөвлөлт манайд хөнгөлөлттэй үнээр шатахуун нийлүүлэхээ больж, бүх зүйл зах зээлийн харилцаанд шилжсэн болохоор манайхан шатахуун боловсруулах үйлдвэр байгуулах талаар ярьж, шаардлагатай боловсон хүчний асуудал хөндөгдсөн хэрэг. Гэтэл өнөөг хүртэл нээгдсэн үйлдвэр байхгүй. Манай удирдлагууд 20 гаруй жил зөвхөн ярьсаар байлаа. Тэгэхээр эхний төгсөгчид маань ажлын байр байхгүй учраас өөр чиглэлээр ажиллаж байна. Онцгой байдалд, орон нутагтаа шатахуун импортлогч компаниудад гээд л ажиллаж байгаа.
-Тэгвэл технологийг нь сурчихвал гадаадын улсаас мэргэжилтэн гуйх хэрэггүй гэсэн үг үү?
-Мэдээж, эхний үед технологи зааж байна гээд тодорхой тооны гадаадын боловсон хүчин ажиллах байх. Харин түүнээс цааш бол боловсруулах үйлдвэрийн мэргэжилтнээ айлаас эрэхээр авдраа уудал гэж хэлэх гээд байна. Манайхан гадаадынхан гээд хошуурдаг. Эсвэл орон нутгаас хүн авна гэдэг. Мэргэжлийг нь эзэмшсэн хүн байна уу, байна гэж нэг ч хүн ярихгүй байгаа юм. Гэтэл манайд газрын тосны чиглэлээр төгссөн, үнэхээр мэрийлттэй, зүтгэлтэй мэргэжилтэн олон байна. Жишээлэхэд, миний нэг шавь өөрөө Англид очоод мэргэжлээрээ зэрэг хамгаалаад хэрэгтэй боловсон хүчин болоод ирсэн. Дипломоо хамгаалсан ч төлбөрийн хэдэн төгрөг үлдсэн болохоор авч чадаагүй. Түүнийг нь энд би холбогдох газрын олон хүнд тайлбарлан ойлгуулж, төлбөр мөнгийг нь шийдүүлэхийг хичээсэн. Даанч үнэхээр бүтэхгүй юм билээ. Шинэ боловсон хүчин бэлтгэх зүйтэй ч одоо байгаагаа анхаарвал хүн байна. Дараагийн хүнээ бэлэн болтол ажиллах хүч байгаа гэдгийг бүгд санаж байх хэрэгтэй. Би оросуудтай уулзаж байлаа. Тэгэхэд тэд танайх бакалаврын төвшний хүн бэлтгүүлэх юм. Уг нь, магистрын хэмжээнд илүү нарийн чиглэлээр бэлтгэвэл дээр байдаг юм гэж надад хэлж л байсан. Жишээлэхэд, за чи олборлолт, за чи боловсруулах үйлдвэр, чи тээвэрлэлтээр төгсч ирнэ шүү гээд хатуу даалгавар өгөөд, хатуу гэрээ байгуулаад сургах хэрэгтэй. Бакалаврын хэмжээний анхны мэдлэгийг нь манай сургууль өгчихөж байгаа юм шүү дээ. Ингэвэл ядаж л сурах жилийн тоо цөөн, сургалтын чанар нь өндөр байх юм.
-Ер нь, газрын тос боловсруулах үйлдвэрт хэдэн хүн ажилладаг юм бэ?
-Технологиосоо хамаараад янз бүр. Цөөхөн хэдхэн хүн ажилладаг хамгийн сүүлийн үеийн технологи байж болно. Би өөрөө оруулж ирж байгаа биш болохоор тодорхой хэлж мэдэхгүй байна. Багцаалбал, хамгийн цөөндөө 200 мэргэжилтэн ажиллах шаардлагатай л болох байх. Манай сургууль энэ хэрэгцээг хангалттай дүүргэх тооны мэргэжилтэн бэлтгэсэн. Гэхдээ л ний нуугүй хэлэхэд, миний хувьд бол үнэхээр бухимдахаас өөр аргагүй байдаг. Манайхан газрын тосны салбарын 70 жилийн ой гэж ярихаас цаашгүй л байгаа юм. Уул уурхайн салбар, зэс, нүүрс л гэж бүгд яриад, тэндээ л бүх анхаарлаа төвлөрүүлээд байна. Манай улсын төсвийн дийлэнхийг оруулж ирж байна л гэдэг. Гэтэл тэр бүх уурхайд машин, техник юугаар ажилладаг юм бэ? Шатахуунаар. Тэгэхээр манай улсын хувьд стратегийн хамгийн чухал ач холбогдолтой салбар нь шатахууны үйлдвэр, газрын тосны салбар байх ёстой. Газрын тосны үнэ нэмэгдэх төдийд манай нийгэм яаж хямарч байна вэ? Ийм байтал манайх яагаад ийм чухал салбараа бараг л огт анхаарахгүй орхиод байгааг би ойлгохгүй юм. Уг нь, хуулийг нь гаргаад, агентлаг энэ тэрийг нь ажиллуулаад эхэлчихсэн. Гэтэл хууль нь ч, агентлаг нь ч өнөөдрийн амьдралын шаардлагыг хангаж чадах тийм төвшинд ажиллахгүй байна.
-Таныхаар бол яах ёстой вэ?
-Юуны өмнө, газрын тосны мэргэжилтэн, нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд илүү анхаарах хэрэгтэй. Саалиа бэлдэхээр юу гэдэг билээ дээ... Ингэхээр газрын тос гэдэг нэрний цаана олон янзын мэргэжилтэн бэлтгэгдэж байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Газрын тос гэхээр л нөгөө зурагтаар гараад нүүр гараа газрын тосоор буддаг хүмүүс гэж төсөөлдөг. Үнэндээ тэд бол ердөө олборлолтын хэсэг. Үүний дээр хайгуул хийж газрын тос олдог, өрөмддөг мэргэжилтэн гээд. Олборлосны дараа боловсруулах үйлдвэр хүртэл тээвэрлэдэг хэсгийг хариуцсан мэргэжилтнүүд гэж байна. Тэгээд боловсруулах үйлдвэрийн мэргэжилтэн гэж байна. Би нарийн мэргэжлийн үгээр хэлсэнгүй. Товчхондоо ийм байна. Энэ бүх шат дамжлагад ажиллаж байгаа манай боловсон хүчин хэдий чинээ мэргэшсэн байна тэр хэмжээгээр манай улс хөгжингүй байна гэсэн үг. Гэтэл манайд газрын тос гэж ярихаас хэтэрдэггүй. Сургууль дээрээ ганц лаборатори авчихъя гэхээр л таг болдог. Өндөр нарийвчлалтай жинхэнэ шалгах тоног төхөөрөмж авах гэхээр зуун мянган ам.доллараар яригддаг. Багш нарынхаа цалин нэмэх гэж бөөн юм болж байгаа манай сургууль ийм нөхцөлд яах ёстой вэ? Үгүй ядаж лаборатор авах зардлын талыг нь төрөөс даагаад өгвөл болох л байлаа. Уг нь, сая миний хэлж байсан тэр их зүтгэлтэй хүүхдүүдийг дэмжээд, бүр илүү сургаад, туршлагажуулаад авах ёстой. Дараа нь тэднээр багшлуулаад туршлагыг нь нэвтрүүлэх ёстой. Манайхан нүүрс устөрөгчийн бүтээгдэхүүн боловсруулах салбарт ажиллах туршлагатай хүмүүс юм шүү дээ. Эрдэнэтэд шатдаг хийн үйлдвэр ажилд ороход манай сургуулийн төгсөгч нар л очиж байсан. Сайн ч ажилласан. Манай боловсон хүчин тэгэхээр энэ салбарт ажиллаж чадаж байна гэсэн үг. Мэдээж, оросуудаас сурах юмаа нэмж сураад, асуух юм аа асууж л байсан биз. Ажилд тийм юм гарах л ёстой.
Товчхон хэлэхэд, газрын тосны хайгуул, олборлолт, боловсруулалтын боловсон хүчин бэлдэхэд илүүтэй анхаарал тавихаас гарцаагүй байдал үүссэнийг манай эрх баригчид бүр сайн ойлгож, анхаарал тавих хэрэгтэй байна.