Монгол Улс шатахууныхаа дийлэнх буюу 98 хувийг Оросоос авдаг нэг том дутагдалтай. Харин сүүлийн жилд энэ хувь жаахан буурч 91 болсон. Гэвч шатахуун импортлон оруулж ирж байгаа компаниуд үүнийг тун ч чадварлагаар далимдуулдаг. Газрын тосны үнэ өсөх гэж байна гэсэн сургаар л үнэ нэмчихдэг, үгүй бол үнэ нэмнэ гэж анхааруулсан хуурамч цахилгаанаар далимдуулдаг.
Эдийн засгийн суурь үнэ гэсэн тодорхойлолт авчихаад байгаа шатахууны үнэ ард түмний амьжиргаанд шууд нөлөөлдөг учраас дөрвөн жил тутамд болдог сонгуулиа бодон бодон Засгийн газар нь арга буюу шатахууны үнийг бууруулах бүхий л аргыг эрэн хайж чадлаараа арга хэмжээ авна.
Өнгөрсөн жилийн хувьд Засгийн газар аравдугаар сард Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр баталж бага хүүтэй зээл импортлогчдод өгөөгүй бол тэд үнээ хэд болтол нэмэх байсан юм бол гэсэн асуулт нээлттэй үлдсэн.
Хөтөлбөр хэрэгжсэнээр гадаад зах зээл дээрх шатахууны үнийн өсөлтийг дотоодын жижиглэнгийн худалдааны үнэд биш, харин бөөний худалдааны үнэд шингээдэг механизмд шилжиж эхэлсэн нь том үр дүн гэж Засгийн газар тайлбарлаж байгаа.
Өчигдөр үдээс өмнө “Роснефть” компанийн захирлуудын зөвлөл нь энд онд манай улсад нийлүүлэх шатахуун, нарийн яривал газрын тосны бүтээгдэхүүний хэмжээг 1,068 сая тонн байхад хангалттай гэсэн шийдвэр гаргажээ. Манай улс уул уурхайн салбарын үсрэнгүй хөгжлийн ачаар шатахууны хэрэгцээ нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэдгийг мартаж болохгүй. Гэтэл өнгөрсөн жил “Роснефть” нь манайд нийлүүлэх шатахууны хэмжээг анхлан 1,109 сая тонн гэж тогтож байгаад яваандаа манай гуйлтаар хэмжээг нь 1,421 сая тонн болгож нэмэгдүүлсэн. Ийм байхад л хомсдол үүсч, түүгээр түрий барьсан шатахуун импортлогчид үнээ нэмчихсэн. Эрэлт их нийлүүлэлт бага байх тусам тухайн барааны үнэ нэмэгддэг нь зах зээлийн хууль. Хөнгөлөлттэй зээл өгсөн болохоор харж үзээд бага нэмж байгаа шүү гээд үнээ нэмчихдэг импортлогч компаниуд шүү дээ. Манайд импортын шатахуун нийлүүлж байгаа “Роснефть” компани яг хэдий хэмжээний шатахууныг, ямар үнээр ямар хугацаанд нийлүүлэх гэж байгааг компаниуд мэдэгддэггүй. Лавлахаар компанийн дотоод хэрэг, хуулиар хамгаалагдсан бизнесийн нууц гэдэг. Ер нь, яагаад нэмээд байгаа юм бэ гэхээр энэ муу “Роснефть” л хэргийн эзэн, хэнгэргийн дохиур гэнэт л бүх нөхцөлөө өөрчилчихлөө, тэгээд л үнээ нэмлээ гэсэн хариу өгнө. Уг нь зах зээлийн зарчмаар байгуулсан гэрээний дагуу юу, юугүй гэнэт нэмдэггүй, нэмэхээр бол наанадаж хэдэн сар, цаанадаж хэдэн долоо хоногийн өмнө мэдэгддэг баймаар. Ингээд ямар гэрээ байгуулчихаад гэнэт үнээ нэмэгдээд байгаа юм бэ гэхээр мөн л бизнесийн нууц. Ингээд л нэмээд байдаг.
Ийм үед манай эрх баригчид шатахуун боловсруулах үйлдвэр барих асуудлыг онцгой шуурхай авч үзэн бүх талаар дэмжих шаардлагатай нь бүр ч илүү ойлгомжтой болж байгаа юм. Гэтэл газрын тос бүү хэл нүүрснээс шатахуун гаргадаг үйлдвэр барих тухай яригдаад хэдэн жил болж байгаа билээ? Ярианаас цаашгүй. Хартай хүн бол эрх мэдэлтнүүд сонгуулийн үеэр шатахуун импортлогчдоос дэндүү их дэмжлэг авсан болохоор хариуг нь хямд хүүтэй зээл өгөх, шатахууны үйлдвэр барихыг аль болох аргаар барьж байна гэж бодмоор.