Дэлхийн хамгийн өндөр эрэлттэй смартфоны нэг Samsung Galaxy S цувралын шинэ хувилбар энэ долоо хоногт гарах гэж байна. Galaxy S3 Apple-ийн iPhone 5-ын хамгийн хүчтэй өрсөлдөгч байсны хувьд S4 ямар онцлог давуу талтай болох, iPhone-оос илүү байж чадах болов уу гэдгийг олон нийт мэдэхийг тэсч ядан хүлээж байна. Хэдийгээр “Samsung” –ийн зүгээс шинэ утасныхаа үзүүлэлтийн талаар ямар нэгэн мэдээлэл тараагаагүй боловч S4 смартфоны зах зээлд хувьсал хийж, нүдээр удирддаг онцлогтой байх болно гэсэн цуу яриа ч гарчээ. Нүднийхээ хөдөлгөөнөөр удирддаг энэхүү шинэ програмыг нь “Smart Stay” хэмээн нэрлэдэг хэмээн ярьж байна. Үүнээс гадна утасгүй цэнэглэгчтэй, S3-аас ч том 5 инчийн дэлгэцтэй, 13 мегапиксель камертай байх болно гэсэн таамаг ч байна. Гэхдээ энэ бүгд албан ёсны мэдээлэл биш бөгөөд зөвхөн олны таамаг юм. Харин S4 ямар шинэ үзүүлэлт, давуу талтай болох нь ирэх лхагва гаригт АНУ-д болох нээлтийн ёслолоос тодорхой болох юм.