2012 онд хамгийн амжилттай байсан од хэн байсныг магадгүй тэдний данс хэр зузаарснаар хэмжих биз ээ. Тэгвэл АНУ-ын каунтри дуучин, залуу од Тэйлор Свифт Холливудын архаг жүжигчдээс арвин мөнгө хурааж, хамгийн амжилттай яваа одоор нэрлэгдлээ. Тэрээр өнгөрсөн онд 57 сая ам.долларын ашиг орлоготой байсан нь Холливудын од Энне Хатавей, Брэд Питт хоёрын хорлогыг нийлүүлснээс ч өндөр байгаа юм. “Parade” сэтгүүлд бичсэнээр Оскарын шагналт Энне Хатавей өнгөрсөн онд “Les Miserable” хэмээх хит кинонд 10 сая ам.долларын хөлстэйгөөр тоглосон ч цомгийн борлуулалт, реклам сурталчилгааны орлого, аялан тоглолт гээд орлогын олон эх үүсвэртэй Тэйлор Свифтийн хажууд багаханд тооцогдох хэмжээний орлого олжээ. Тэгвэл Холливудын туршлагатай жүжигчдийн нэг Брэд Питт 2012 онд 35,5 сая ам.долларын орлоготой ажилласан байна. Үүнээс долоон сая ам.доллар нь зөвхөн “Chanel No.5”-ын сурталчилгаанд тоглосны хөлс юм.
Орлогоороо Тэйлор Свифттэй өрсөлдөхүйц өндөр амжилттай яваа од бол Жастин Бибер юм. Тэрээр аялан тоглолт, хөрөнгө оруулалт, бүсгүйчүүдэд зориулан гаргасан үнэртэй усны борлуулалт зэргээсээ 55 сая ам.долларыг олсон байна. Үүгээр бол Жастин Биберийн дансанд нэг цагт л 6261 ам.долларын орж ирдэг гэсэн үг.
Урлагийн оддоос өндөр орлоготой дуучдын эгнээнд Британийн дуучин Адель багтаж байна. Тэрээр өнгөрсөн онд 32 сая ам.доллараар дансаа зузаалсан гэнэ.