Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүрэнгийн УЦС цогцолбор төслийн нээлттэй хэлэлцүүлэг болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Түлш эрчим хүчний бодлогын дэд зөвлөлөөс Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Шүрэнгийн УЦС-ын цогцолбор төсөл ба усны эрчим хүчийг каскад байдлаар ашиглах боломж” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Түлш эрчим хүчний бодлогын дэд зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Мөнхөө удирдан явуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж нээж үг хэлэв.
Хэлэлцүүлгийн үеэр ЭХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн гишүүн, зөвлөх, ЭХЯ-ны Шүрэнгийн УЦС-ын ажлын хэсгийн гишүүн Б.Очиржав уг УЦС-ын талаар танилцуулга хийлээ. Сэлэнгэ мөрөн дээр байгуулах Шүрэнгийн 300 МВт-ын УЦС-ын цогцолбор төсөлд урьдчилсан байдлаар 450 орчим сая ам.долларын зардал гарах бөгөөд таван жилийн хугацаанд барьж байгуулах юм байна. УЦС-ын жилийн орлогыг 80 сая орчим ам.доллар гэж төсөөлөн тооцоолжээ. Хөрөнгө оруулалтыг УЦС ашиглалтад орсноос хойш 10 жилийн дараа гэхэд нөхөх бололцоотой бөгөөд ашиглалатын хугацааг 100 жил гэж үзсэн байна.
Мөн Дөргөний УЦС-ын зөвлөх инженер, ЭХЯ-ны Шүрэнгийн УЦС-ын ажлын хэсгийн гишүүн П.Баатар “Хөвсгөл-Сэлэнгийн усны эрчим хүчийг каскад байдлаар ашиглах боломж”, ЭХЯ-ны Шүрэнгийн УЦС-ын ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Э.Төгөлдөр “Усны эрчим хүчийг ашиглах олон улсын туршлага, чиг хандлага”, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Л.Цэдэндамба “Шүрэнгийн УЦС ба кластер” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлэгт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажилладаг төрийн болон ТББ-ын төлөөлөл оролцож Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх усны эрчим хүчийг УЦС барих, түүний дотор каскад УЦС байгуулах замаар үр ашигтай ашигласнаар эрчим хүчний салбарт тулгараад байгаа одоогийн хүндрэл, бэрхшээлийг даван туулах, байгаль орчны бохирдлыг бууруулах, цөлжилтийг сааруулах, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой болохыг хэлэлцүүлэгт оролцсон мэргэжилтэн, судлаачид тэмдэглэж санал бодлоо солилцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан