Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор УИХ-аас Зээлийн батлан даалтын сан байгуулахаар болсон. Харин эл сан хэзээ үүдээ нээх болон үйл ажиллагааных нь талаар Сангийн яамны Санхүү, худалдан авах ажиллагааны бодлогын газрын Санхүү, бодлогын хэлтсийн мэргэжилтэн Д. Очирвааньтай ярилцлаа.
-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 70 гаруй хувь нь санхүүгийн хүндрэлтэй тулгардаг гэсэн судалгаа байдаг. Энэ хүндрэлийг багасгах зорилгоор Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг өнгөрсөн 2012 онд батлан гаргасан. Сан хэзээ үүдээ нээх вэ?
-Барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Зээлийн батлан даалтын сан байгуулж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд тус сангийн үйл ажиллагаанд мөрдөгдөх дүрэм, журмуудын төслийг боловсрууллаа. Тун удахгүй эдгээр журмыг удирдах зөвлөл нь хэлэлцэж батлах юм. Энэ сардаа багтааж тус сангийн үйл ажиллагааг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Эл сан долоон тэрбум төгрөгийн дүрмийн сантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж, яваандаа 100 орчим тэрбум болно гэж буй. Эхний ээлжийн мөнгө жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гар дээр очиход бэлэн гэсэн үг үү?
-Засгийн газраас энэ санд таван тэрбум төгрөг хуваарилсан. Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд “Сангаас гаргах батлан даалтын нийт хэмжээ нь өөрийнх нь хөрөнгийг 20 дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байна” гэж заасан байдаг. Тэгэхээр санд төвлөрөөд буй таван тэрбум төгрөгөөс бодож үзэхээр гарах батлан даалтын нийт хэмжээ нь 100 тэрбум төгрөг байх боломжтой гэсэн үг. Сан ямар нэгэн хэлбэрээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд мөнгө хуваарилахгүй. Банкны зээлийн шаардлага хангасан, барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн 60 хүртэлх хувийг Зээлийн батлан даалтын сан гаргах юм.
-Тэгэхээр арилжааны банкаар дамжуулан олгох нь ээ?
-Тиймээ, банк олгоно. Сан банкнаас ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн хүсэлтийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах юм. Арилжааны банкууд хамтран ажиллахад нээлттэй.
-Зээлийн хүү ямар байх бол. Зорилго нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид рүү чиглэсэн ч хүү нь хэт өндрөөс тэр бүр хамрагдаж чаддаггүй гэж ярьдаг л даа?
-Банк, санхүүгийн байгууллага зээлийнхээ хүүг өөрсдөө шийднэ. Харин Зээлийн батлан даалтын сан батлан даалт гаргасны хариуд авах шимтгэл, хураамжийнхаа хэмжээг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дарамт болохгүйгээр тогтоохоор ажиллаж байна.
-Зээлийн батлан даалтын сангийн дүрмийн санг бүрдүүлэхдээ хувийн хэвшлийн байгууллагаас 1.5 тэрбум авахаар тусгасан. Энэ нь эргээд тэднийхээ аманд орох вий гэсэн болгоомжлол төрсөн?
-Санг үүсгэн байгуулах явцад аж ахуйн нэгжүүдээс хөрөнгө оруулах ямар нэг санал гарч ирээгүй. Өнөөдөр ч ирээгүй байна. Хөрөнгө оруулах нь нээлттэй. Учир нь, “Зээлийн батлан даалтын сангийн дүрэм”-д төрийн санхүүжилтээс гадна гадаад улс, олон улсын байгууллагаас Засгийн газрын шугамаар олгосон хөнгөлөлттэй зээл, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив зэрэг эх үүсвэрээс орлого нь бүрдэнэ гэж заасан. Санд хэдий их хэмжээний хөрөнгөтэй байна, төдий чинээ батлан даалтын хэмжээ нь өснө. Тиймээс зөвхөн Засгийн газар гэлтгүй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжигч хэн бүхэн сангийн үйл ажиллагааг бүхий л хэлбэрээр дэмжин ажиллаж болно.
-Бизнес гэдэг тооцоо, эрсдэл дээр явдаг гэж хүмүүс ярьдаг. Энэ эрсдэлийн 60 хувийг нь төр даана гэхээр авлигад өртөх магадлалтай юм шиг. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч хэн ч энэ зээлд хамрагдахыг хүснэ шүү дээ?
-Төр даана гэсэн үг биш л дээ. Барьцаа хөрөнгийн дутагдлаас үүдэн зээл авч чадахгүй байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг батлан дааж байгаа. Энэ нь, зээл авахад нь тусалж буй дэмжлэг. Гэхдээ үйлдвэрлэл эрхлэгчид эрсдэлийн 60 хувийг төр даах юм чинь гээд эрхэлж байгаа бизнестээ хариуцлагагүй хандвал Зээлийн батлан даалтын сан цаашид оршин тогтнох боломжгүй болно гэдгийг санах хэрэгтэй.
-Зээлийн батлан даалтын санд хандсан хүн бүхэн зээл авч чадах нь гэсэн ойлголт үйлдвэрлэл эрхлэгчдэд төрсөн. Ямар хүнд зээл олгох вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Банк, санхүүгийн байгууллагууд өөрийн шалгуур үзүүлэлтээр хянаад шаардлага хангасан боловч барьцаа хөрөнгө дутагдалтай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зээл хүссэн хүсэлтийг Зээлийн батлан даалтын санд хүргүүлэх юм. Харин сан банкны ирүүлсэн зээлийн дүгнэлтийг үндэслэн батлан даалт гаргах эсэхээ шийднэ. Жижиг, дунд бизнес эрхлэгч хэн бүхэн эл санд банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан батлан даалт гаргуулах боломжтой.
-Гэхдээ хэнийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч вэ гэх нь тодорхойгүй гэдэг. Тухайлбал, орон нутгийн жижиг, дунд үйлдвэр үйлдвэрлэл гэхээсээ илүү цех маягтай байдаг. Тэдэнд тусгайлсан бодлого хэрэгжүүлж байгаа юу?
-Батлан даалт гаргахад хот, хөдөө гэсэн ямар нэг хязгаарлалт байхгүй. Одоогийн байдлаар сангийн удирдах зөвлөлөөс нэг зээлдэгчид гаргах батлан даалтын дээд хэмжээг 250 сая төгрөг байхаар шийдвэрлэсэн.
-Ямар үйлдвэрлэл эрхэлж байгаа болон тухайн үйлдвэрийн хөрөнгө хэд байвал зээлд батлан даалт гаргуулах боломжтой вэ. Сүүлийн үед монголчууд импортыг орлох үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэж ярих болсон?
-Мэдээж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого түлхүү барилгүй яахав. Үйл ажиллагааны цар хүрээ, үр ашиг, эргэлтийн болон өөрийн хөрөнгө, авах зээлийн хэмжээ зэрэгтэй нь уялдуулж батлан даана. Түүнээс биш гар урлал, ноос ноолуурын үйлдвэрлэлийг түлхүү дэмжинэ гэж нэр заан батлан даалт гаргана гэсэн бодлого одоогоор баримтлаагүй.
-Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь тухайн жилд Зээлийн батлан даалтын сангийн гаргахаар төлөвлөсөн нийт батлан даалтын дүнгийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг болзошгүй өр төлбөрийг төлөхөд зориулан бэлэн мөнгө хэлбэрээр дансандаа байршуулна гэж заасан байсан. Тэгэхээр төрөөс хөнгөлөлттэй зээл аваад, түүнийгээ үрэн таран хийчихээд дараа нь төрөөр төлүүлчихье гэхийг хэн байг гэх вэ?
-Сангийн батлан даалтаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгосон зээлийн эрсдэлийг бууруулах зорилгоор дээрх заалтыг хуульд оруулсан юм. Эрсдэл бол хаана ч байдаг. Таны дурдсан дээрх эрсдэлээс хамгаалах гол арга нь батлан даалт зөв хүндээ очих явдал юм. Мөн банк, санхүүгийн байгууллага, Зээлийн батлан даалтын сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, ЖДҮ эрхлэгчид хоорондын хамтын ажиллагаа, хяналт өндөр байх ёстой. Ингэж чадвал эрсдэлээс сэргийлж чадна.
-Гэхдээ Монголд цоо шинэ гэгдэж буй эл санг дэлхийн хаана ямар улс оронд амжилттай хэрэгжүүлсэн туршлага байдаг юм бол. Манайх ямар улсын туршлагыг судалсан юм бэ?
-Зээлийн батлан даалтын сангаараа дамжуулан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмждэг олон орон байна. Тухайлбал, БНСУ, ОХУ, Япон, Бельги, Тайвань гэх мэт. Манай улсын хувьд амжилттай хэрэгжүүлж буй эдгээр орны Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа. Гол нь, дээр хэлсэнчлэн үйлдвэрлэл эрхлэгчид эрсдэлийн 60 хувийг төр даах юм чинь гээд бизнестээ хариуцлагагүй хандвал Зээлийн батлан даалтын сан оршин тогтноход хэцүү болно гэдгийг л санах хэрэгтэй.