Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Сүхээ: Арьс шир үйлдвэрлэгчид нэгдсэн зохион байгуулалтад орохоор ярилцаж эхэлсэн


Монгол брэнд гэхээр хамгийн түрүүнд арьс шир ноос ноолуур яригддаг. Гэвч өнөөдрийг хүртэл бид дэлхийн зах зээлд тодорхой хэмжээний орон зайтай болж чадахгүй л байна.  Энэ талаар үйлдвэрлэгчид ямар санаа бодолтой явдгийг сонирхон “Ман ланс” компанийн захирал Б.Сүхээтэй ярилцсан юм.

-Арьс шир боловсруулагчид хийгээд үйлдвэрлэгчид хамгийн түрүүнд дэлхийд Монголыг сурталчлах брэндийг буй болгож чадна гэж олон хүн хүлээн зөвшөөрсөөр өнөөдрийг хүрлээ. Гэвч энэ салбар үүсч хөгжөөд багагүй жилийг үдсэн ч өнөөг хүртэл Монгол брэнд гэж хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй л байна. Эдийн засгийн форумын үеэр ч үүнийг хөндөж л байна?
-Эдийн засгийн форум зургаан салбарыг онцлон хөндөж байгаа юм. Түүний нэг нь, мэдээж арьс ширний салбар. Учир нь, энэ салбарын түүхий эд нь Монголынх, үйлдвэрлэл нь монгол шүү дээ. Монгол брэндийн бааз суурь болон хөгжих хамгийн бололцоотой нь арьс шир гэдгийг би хувьдаа хүлээн зөвшөөрдөг. Арьс ширний салбарыг дэмжиж УИХ-аас энэ жил 200 тэрбум төгрөг шийдсэн. Энэ бол  салбарыг өндийх, дээшлэх брэнд үйлдвэрлэхэд тусламж үзүүлнэ гэдэгт бид итгэж байгаа. Мөн техник технологийн шинэчлэл хийх, олон арван хүнийг ажлын шинэ байртай болгох, амьдрал ахуйг нь дээшлүүлэхэд туслалцаа болсон бодитой үр дүн л үүнээс гараасай гэж бодож байна. Бодитой талаас нь дэмжээд өгвөл үйлдвэрлэгчид зүтгэхэд бэлэн байгаа. Шинэчлэлийн Засгийн газар асуудлыг зөв тавьж, шийдэж байгаа учраас бидэнд юм хийхэд урам, дэм болж байгаа.

-Арьс шир боловсруулах технологийн хувьд манайх үнэхээр хоцрогдсон гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Та үүнтэй санал нийлдэг үү?
-Ер нь, малчдаас авч байгаа арьс шир экологийн хувьд цэврээрээ л боловсруулах үйлдвэрт ирэх ёстой. Замд нь ченж гэх нөхөд хэмжээг томруулах гээд гарт тааралдсан зүйлээрээ үрж нүдсээр байгаад маш их гэмтээдэг. Ингээд гэмтээсэн арьсаар  бүтээгдэхүүн хийхэд маш муугаар нөлөөлдөг. Тэгэхээр малчид маань түүхий эдээ чанартай нийлүүлж байж сайн боловсруулсан арьс бидний гарт ирнэ шүү дээ. Эцсийн бүтээгдэхүүн маань чанарын өндөр төвшинд гарч байж дотоодынхоо зах зээл болон ойролцоо ОХУ руу гаргахад гүйлгээтэй байхаас гадна монгол брэнд гэсэн даацаа хадгалж чадна. Хуучин социализмын үед Монголын арьс, шир тодорхой хэмжээний зах зээл эзэлчихсэн, гадаадынхан мэддэг болчихсон байлаа. Тэгэхээр энэ суурь нь байгаа учраас уламжлалт аргадаа орчин үеийнхээ техник, технологийг шингээчихвэл Монголоос брэнд төрөхөд ойрхон л байгаа.

-Яг үнэндээ монголчуудын маань үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн гар ажиллагаа ихтэй, түүхий эд үнэтэй зэргээсээ шалтгаалаад хэрэглэгчдэд хүрэхдээ дундаж төвшнөөс арай л өндөр үнэтэй байдаг. Тэгэхээр бидний хувьд урд хөршийн барааг сонгохоос өөр аргагүй. Эсвэл хийц загвар нь барууны үйлдвэрүүдийн хэмжээнд хүрдэггүй?
-Одоо бид үйлдвэрлэл явуулж байгаа түүхий эдээ дандаа гадаадаас авч байна. Монголд боловсруулж байгаа арьс маань ихэнхдээ Хятадын үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах зорилготой байгаа. Учир нь, дөнгөж анхан шатны боловсруулалт хийгээд л урагшаа гаргаж байна. Тийм учраас бидний үйлдвэрлэж буй барааны үнэ жаахан өндөр. Хэрвээ бид арьсаа боловсруулаад тэр нь гадаадаас авч байгаа бүтээгдэхүүнээс жаахан хямд байвал эцсийн бүтээгдэхүүн хямд гарна. Арьсан бүтээгдэхүүн маань брэнд гэдэг утгаараа үргэлж өндөр чанар шаарддаг гэдгийг л сайн мэдрэх хэрэгтэй.

-Экспортод чиглэсэн үйлдвэрлэл явуулж чадаж байна уу. Жишээ нь, танайх гадаад руу бүтээгдэхүүн гаргаж чаддаг уу?
-Бидний хувьд бүтээгдэхүүнээ ОХУ руу гаргаж байгаа. Европ руу туршилтын журмаар бага зэргийг гаргасан. Маш их сонирхож байна. Үйлдвэрлэгчид экологийн чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч эхэлсэн. Энэ жил манай үйлдвэр эсгий ултай арьсан толгойтой таавчиг үйлдвэрлэж зах зээлд гаргасан. Өнгөрсөн сар шинийн баярын үеэр  “Мишээл экспо”-д гарсан үзэсгэлэнгийн үеэр борлуулалт сайтай байлаа. Тэгэхээр  хэрэглэгчид биднийг үнэлдэг болж.

-Үнийн хувьд боломжтой байсан байх л даа?
-10 мянга орчим төгрөг байсан. Бид олон хүнийг ажлын байраар хангаж байна. Нийгмийн даатгал, татвар гээд бүх зүйлээ бүтээгдэхүүндээ шингээх болохоор подвальд үйлдвэрлэл эрхлэгчдээс жаахан өндөр үнэтэй гардаг л даа.

-Подвальд үйлдвэрлэл эрхлэгчид гэхээр жижиг дунд үйлдвэрлэл тэд юм шиг ойлгогддог болж. Гэвч байнга л дэмжлэг эрдэг олон үйлдвэрлэгч байх нь хэр оновчтой юм бол доо?
-Бид арьс ширний  нэгдсэн холбоо гэсэн зохион байгуулалтад ороод жижиг дунд  үйлдвэрлэл эрхэлж байгаа бүх үйлдвэрлэгчээ нэгтгэн, хамтарч корпорацын хэмжээнд үйл ажиллагаа явуулах бодолтойгоор олон үйлдвэрт асуудлаа тавиад байна. Гутал цүнх гээд л хоршиж хамтарч ажиллах чиглэлээр нэлээн асуудал дэвшүүлэн томоохон хэмжээний хувьцаат компани болон ажиллах талаар ярилцаж эхэлсэн.

-Сая эдийн засагч Ч.Хашчулуун боловсруулах үйлдвэр гадааддаа байсан нь дээр гэж ярьсан. Харин эцсийн бүтээгдэхүүнээ эндээ үйлдвэрлэвэл гэх санал л хэлээд байсан?
 -Хүмүүс судлаад төсөл яриад байгаа болохоор боловсруулах үйлдвэрийнхэн маань сайн бүтээгдэхүүн гаргаж чадах байх.  Би хувьдаа санал нийлэхгүй байна. Нэг хэсэг Хятадын түүхий эдийн бааз Монгол болж байсан нь үнэн. Өнөөдөр Шинэчлэлийн Засгийн газар асуудлыг тодорхой төвшинд тавьж ажил хэрэг болгож байгаа болохоор ахиц гарна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

-Та сурагчийн цүнхийг дотооддоо үйлдвэрлэе хэмээн ярьж байсныг санаж байна.  Энэ төсөл чинь ямар шатандаа яваа вэ?
-Сурагчийн цүнх төсөл маань яг үнэндээ үе үеийн Засгийн газар дамжаад цаасан дээр л байна даа. Төслийн ач холбогдол нь, нэгдүгээрт түүхий эд нь Монголдоо байна. Хоёрт, олон хүнийг ажлын байраар хангана. Мөн монгол хүүхдүүд маань цэвэр экологийн арьс ширэн бүтээгдэхүүн хэрэглэнэ. Цүнхээ багаар бодоход хоёр жил үүрэх учраас эдийн засгийн хувьд бас үр дүнтэй шүү. Нэг цүнх дунджаар гуч гаруй мянган төгрөгөөр зах зээлд гарах юм. Арьсан цүнхтэйгээ хоёр жил болох уу, Хятадын даавуун цүнх хоёр сар барих уу гээд бодвол ч уг нь.

-Зах зээлд гаргаж борлуулж үзсэн үү?
-Бид зах зээлд үйлдвэрлээд гаргасан. Хүүхдүүд маань ашиглаж эхэлсэн. Бололцоотой л юм билээ. Өмнөх Засгийн газарт төслөө танилцуулсан. Ерөнхий сайд асан Батболд хэрэгжүүлэх хамгийн боломжтой төсөл гээд авсан ч таг чиг болсон. Миний хувьд Улаанбаатар, Хэнтий,  Дархан, Эрдэнэтэд үйлдвэр байгуулах боломжтой гэж үзсэн. Таван зуугаад хүнийг ажлын байраар хангаж, эдийн засагт тодорхой хэмжээний байр суурь эзэлнэ гэж төлөвлөсөн. Хэрвээ Монголын хүүхдүүд үүрээд явбал наад зах нь ОХУ руу гаргах боломжтой. Хүүхдэд ямар ч хор нөлөөгүй, үүрэхэд хүнд биш. Бид сайн боловсруулсан арьсаар хийж, туршилтад гаргасан л даа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан