Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын нэрийг дэлхийд тамгалах цаг ойрхон байна


Монгол Улсын хөгжил, эдийн засгийн тогтвортой байдалд хүргэх, түүнийгээ хадгалах талаар шүүн хэлэлцэж байна. Энэ бол “Үндэсний бүтээгдэхүүнээс Монгол брэнд рүү” сэдэвт эдийн засгийн форум бөгөөд өнөөдөр өндөрлөх юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр эдийн засгийг форумыг нээн хэлсэн үгэндээ “Сүүлийн үед брэнд гэж ярих боллоо. Энэ юу гэсэн үг вэ гэхээр таамаглах гэсэн утга гарч байна. Мөн өөрсдөдөө байгаа, мэддэг, чаддаг зүйлээрээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бусдын хүртээл болгохыг хэлнэ. Монголчуудад ийм боломж бий. Брэнд гаргах бүх эд байна. Харин ажил хэрэг болгох нь чухал. Тухайлбал, өнөөдөр манай улс жилд 17000 тонн ноос бэлтгэдэг. Гэтэл түүнийгээ бүрэн ашиглаж чадахгүй, түүхий эд чигээр нь экспортолж  байна. Жилд бэлтгэж байгаа ноосны 7000 тонноор нь гэхэд хоёр сая орчим ам.метр даавуу үйлдвэрлэж болно. Социализмын үед Монгол Улс  жилд 1.2 сая ам метр даавуу үйлдвэрлэж байсан. Өнөөдөр нэг см ч даавуу үйлдвэрлэж чадахгүй байна” хэмээв. 

Гэвч сүүлийн хэдэн жилд л “Монголын эдийн засгийн форум” гэж боллоо. Харин өнөөдөр форумаас ийм санал санаачилга ажил хэрэг боллоо гэсэн тайлан мэдээ алга. Тэгэхээр үр дүн гарсан гэхэд хэцүү, гараагүй гэхэд бас өрөөсгөл юм.
Энэ удаагийн форумаас ямар нэг үр дүн гараасай. Гарсан үр дүнгээ тайлагнаасай билээ. Эдүгээ манай улсын экспортын 90 хувь нь ашигт малтмал болоод буй. Үүн дотор нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр тэргүүлж байгаа. Уул уурхайд суурилсан эдийн засаг хэврэг, өсөлтөө хадгалж чаддаггүй нь дэлхийд аль хэдийнэ танил болсон. Энэ талаар ч эдийн засагч, судлаачид анхааруулж ирсэн билээ. Өнөөдөр дэлхийд зэсийн экспортоор тэргүүлдэг Чили улсын эдийн засаг ч ганц уул уурхайд бус валют олох, тогтвортой байх сувгууд бий. Жишээ нь, тус улс дарсаараа дэлхийд алдартай. Чили 1995 онд дарс үйлдвэрлэлээс жилд 30 орчим сая ам.доллар олдог байж. Гэтэл эдүгээ дарс үйлдвэрлэл нь өргөжин тэлж жилд 600 гаруй сая ам.долларын орлого төсөвтөө оруулдаг болжээ. 

Тэгвэл Монгол Улсын хувьд өнөөдөр уул уурхайгаас гадна хөдөө аж ахуйн салбар валют олох гол суваг. Иймээс Монгол брэнд гаргахаар энэ удаагийн эдийн засгийн форумаар ярилцаж байна. Хурлаар монгол малын сүү, мах, арьс, шир, ноос, ноолуур, нүүдэлчний соёл иргэншил, өргөн уудам нутаг, говь, үлэг гүрвэл дэлхийд брэнд болох боломж бий эсэх талаар зөвлөлдөж байна. Энэ удаагийн хуралд оролцогчид Монгол Улс дээрх бүтээгдэхүүнээ дэлхийд алдартай брэнд болгох боломж бий хэмээн дүгнэж, олон талаас нь шүүн хэлэлцэж байгаа юм. Ингээд өчигдөр нэгдсэн хуралдаанаас гадна “Монгол хүнс Монгол брэнд болох нь”, “Хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн Монгол брэнд болох нь”, “Аялал жуулчлал Монгол брэнд болох нь” сэдэвт салбар хуралдаан болов.

800 төрлийн эмийн ургамлаар хооллодог монгол мал брэнд

Дотоодын үйлдвэрлэгчид мах, сүүн бүтээгдэхүүнээ эхний ээлжинд эх орондоо брэнд болгох ёстой гэлээ. Цаашид дэлхийн зах зээлд гарах боломж бий хэмээн үзэж байна. Учир нь, мал аж ахуй бол өөрөө брэнд. Бэлчээрлэж байгаа мал 800 гаруй төрлийн эмийн ургамлаар хооллодог. Иймээс  малаас гарч буй бүтээгдэхүүний амт чанар нь дэлхийд ганцхан. Сүүлийн үед дэлхий дахинаа “happy animal” буюу тааваараа бэлчээрлэдэг мал аж ахуйн бүтээгдэхүүнийг илүү үнэлж сонирхох болсон юм. Тэгэхээр монголчууд энэ боломжоо ашиглах учиртай гэдэгт санал нэгдэж байлаа. Харин судлаачид   бүтээгдэхүүнээ ямар төрөл, хэлбэрээр боловсруулж савлавал эрэлттэй байх гарц шийдлүүдийг санал болгосон нь сонирхол татлаа. Салбар хуралдаанаар мах  боловсруулах үйлдвэрүүдийн өнөөгийн байдлын талаар ярилцсан. Үйлдвэрлэгчид, холбоодын төлөөлөл өнөөдөр Монгол орон мах бэлтгэх тогтолцоо,  бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй,  мал төхөөрөх, боловсруулах технологио сайжруулахад анхаарах нь чухал байгааг  онцолсон. Ингээд боловсруулах үйлдвэрүүдэд технологи шинэчлэх, хөгжихөд Засгийн газраас дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага байгааг төрийн төлөөллүүдэд сонордуулж байв.  Төв суурин газар буюу Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот аймгийн төвүүдийн мах, сүүний хэрэгцээг  эхний ээлжинд хангахын тулд  эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх учиртай гэдэг. Манай улсад жилд 2.5 сая ямаа сааж сүүгээр нь бяслаг үйлдвэрлэх боломж бий гэсэн судалгаа гарчээ. Сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид өнөөдөр түүхий эдээр дутагдаж байна. Ингээд гадаадаас хуурай сүү авч ашиглаж буй аж. Тэгэхээр сүүний нөөц бүрдүүлэх фермерүүд бий болгох шаардлага байгааг хуралд оролцогчид онцлов. Мөн сүү боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийг  төрөөс дэмжих, урамшуулалтай болгох санал тавилаа.  
Монгол малын мах брэнд болох боломж бий хэмээн салбар хуралдаанд оролцогчид дүгнэв. Харин үйлдвэрлэгчидэд  санхүүгийн дэмжлэг  үзүүлэх нь гол асуудал  хэмээж байлаа.
 
Ноолуураа бүтэн боловсруулбал гурван их наяд төгрөг олох боломжтой

Хөнгөн үйлдвэрийн салбарт Монголын гэсэн мянга мянган брэнд бий болгох боломж бий хэмээн  салбарынхан нь хэлж байна. Харин үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд эргэлтийн хөрөнгө, банкны зээлийн хүүг бууруулах талаар бодолцооч гэсэн санал гаргалаа.  Мөн УИХ болон төр засгийн удирдлагууд Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн хувцсаа өмсч байхыг уриалах нэгэн ч байв. Хөнгөн үйлдвэрийн салбар бол  хамгийн олон ажлын байр бий болгодог, нэмүү өртөг шингээдэг. Гэтэл манай улс ноос ноолуур, арьс ширээ боловсруулж бүтээгдэхүүн гаргаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, нийт түүхий эдийнхээ гучин хувийг л хагас боловсруулж дөнгөж арван хувиар нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Тухайлбал, гутал, ноолууран цамц гэх мэт зүйлс үйлдвэрлэдэг. Үлдсэн нь урд хөршид түүхий эд болон гарч буй. Тэгэхээр хөнгөн үйлдвэрийн салбарт үйлдвэрлэл эрхлэх орон зай асар их байна гэсэн үг юм. Аливаа брэнд тухайн улсын давуу талыг түшиглэн гардаг. Монгол Улсын давуу тал бол өргөн уудам нутагт бэлчээрлэж буй мал сүрэг,  түүнээс гарч буй түүхий эд юм. Үүнээс гадна дэлхийд хамгийн томд тооцогддог хоёр зах зээлтэй хил залгаа билээ. Иймээс судлаачид Монгол Улс газар зүйн байрлал сайтай, бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлд ойр тул хамгийн бага зардлаар нийлүүлэх боломжтой хэмээдэг. Тэгэхээр монголчууд түүхий эдээ боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хийж чадвал арав дахин илүү үнээр борлуулах боломжтой аж. Жишээлбэл, өнөөдөр үхрийн арьс түүхий эдийн “Эмээлт зах” дээр 34000 төгрөг байна гэж бодъё. Үүнийг хөх шир болготол 40000 төгрөгөөр зарна. Харин бүтэн боловсруулж савхи болговол 80000 төгрөгт хүрнэ. Тэгээд гутал, цүнх гээд эцсийн бүтээгдэхүүн  үйлдвэрлэвэл нэг үхрийн шир доод тал нь 300  мянган төгрөг болох нь. Хэрэв олон улсад танигдсан брэнд болбол гурван мянган ам.долларт хүрэх бололцоо бий. Үүнээс гадна  монголчууд жилд бэлтгэсэн ноолуураа 400 тэрбум төгрөгөөр борлуулдаг. Тэгвэл эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл  гурван их наяд орчим төгрөг олох тооцоо бий.  Иймд дэлхийд Монголын нэрийг тодоор тамгалах нөхөн үрждэг асар баялаг, түүхий эд Монголд байна.

Чингис хааны нэр, үлэг гүрвэл жуулчдыг татах соронз

Аялал жуулчлалын салбарынхан  Монголын говь үлэг гүрвэл, нүүдлийн соёл иргэншлийн брэнд болно гэж  байна. Салбар хуралдаанд оролцогчид мөн л Чингис бондын мөнгөнөөс аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт хийгээч гэсэн санал тавив. Тэгэхээр Чингис бондын мөнгө Монголын эдийн засгийн олон салбарт үр шимээ өгөх болж байх шиг. Аялал жуулчлалын салбарт тулгамдаж асуудлын нэг нь гадаадад сурталчилгаа хийх явдал болжээ. Гадаад зах зээлд хүчтэй сурталчилгаа хийж чадахгүй байгаа тул төдийлэн хөгжиж чадахгүй байгаа нэг шалтгаан хэмээн аялал жуулчлалын салбарынхан хэлж байна. Учир нь,  маркетинг, зар сурталчилгаанд зарцуулах хөрөнгө мөнгө хувийн хэвшлийнхэнд дутмаг байгаа аж. Иймээс энэ асуудалд төрийн дэмжлэг хэрэгтэй байгааг онцолсон юм.  Засгийн газар энэ онд гадаад зах зээлд аялал жуулчлалын сурталчилгаа хийхэд 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөжээ. Ингээд “national geographic” сэтгүүлээр Монголын аялал жуулчлалыг байнга  сурталчилах болсон байна. Шинэчлэлийн Засгийн газар палентологийн музей байгуулахыг дэмжиж, хөрөнгө оруулалт хийх шаардлагатай хэмээж буй юм. Учир нь, үлэг гүрвэлийн аялал жуулчлал хөгжих боломж бий  гэдэгт хуралдаанд оролцогчид санал нэгдэв. Дэлхий нийтэд нууцлаг зүйлс байж л жуулчдыг татдаг гэдэг. Дэлхийд тайлагдашгүй оньсого бол Чингис хааны бунхан, түүний түүх юм. Тэгэхээр Чингис хааны бунханыг гаргаж ирэхгүй байх нь археологийн нууц,  Монгол Улсын жуулчид татах гол брэндийн нэг болох гэнэ. Мөн тогтвортой хөтөлбөртэй аялал жуулчлал чухал байдаг. Урд нь манай улсын аялал жуулчлал тогтвортой хөтөлбөргүй явж ирж.

Иймээс манайхыг зорих жуулчны тоо цөөсөн ажээ. Монгол Улсын брэнд болон ганц хөтөлбөр нь наадам. Үүнийг аялал жуулчлалын салбарынхан хүлээн зөвшөөрдөг. Учир нь, тогтсон сар, өдөрт болдог нь нөлөөлсөн гэж байгаа юм. Иймд Монгол Улс аялал жуулчлалын цагалбар гаргахаар болжээ. Өөрөөр хэлбэл, албан ёсны тогтвортой хөтөлбөртэй болно гэсэн үг. Энэ цагалбар нь ирэх зургадугаар сарын 1 гэхэд гарах нь. Үүнийг аялал жуулчлалын салбарынхан дуртай хүлээн авч байна.  Эцэст нь хэлэхэд, брэнд гэдэг асар том зах зээл, үнэ цэнэ, ирээдүй юм. Тэгэхээр Монгол Улсад байгаа энэ бүх боломж ажил хэрэг болж дэлхийд нэрээ тамгалаасай гэж ерөөе.

0 Сэтгэгдэл
Цонжин болдогийг өшөө гоё болгомоор байна.
Хамгийн их уншсан