Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТӨРИЙН БАНКНЫ ТУЗ-ИЙН ӨМНӨХ ГИШҮҮДЭЭР ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨЛҮҮЛНЭ

Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд өмнө нь ажиллаж байсан есөн хүн хоёр тэрбум төгрөгийн урамшуулал, зээл авсан нь тус банкинд хийсэн санхүүгийн шалгалтаар тодорхой болжээ.
Одоогоос сар гаруйн өмнө ажилдаа хариуцлагагүй хандаж, тааруухан менежментээр удирдсан хэмээн тус банкны гүйцэтгэх захирал Ж.Отгонбилэгийг ажлаас нь халсан бол “ашигтай ажилласан” нэрээр өөрсдийгөө 90 сая төгрөгөөр шагнасан ТУЗ-ийн гишүүдийг ч ажлаас нь чөлөөлж, орны хүмүүсийг шинээр томилсон билээ. Өдгөө Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Д.Батсайхан, ТУЗ-ийн даргаар Сангийн яамны Төсвийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганбат, гишүүдээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн, Төрийн өмчийн хорооны дэд дарга Ж.Төмөрбаатар, Сангийн яамны Төсвийн санхүүжилт, зохицуулалтын газрын дарга Т.Доржханд, Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, Сангийн яамны Дотоод аудит хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Батцэцэг, Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Д.Болдбаатар, хараат бус гишүүдээр Ч.Сайнбилэг, М.Дөш нар ажиллаж байгаа юм.
Төрийн банкны удирдлагын багийг ийн өөрчилсний дараа хийсэн санхүүгийн шалгалтаар ТУЗ-ийн өмнөх гишүүд нь их хэмжээний мөнгө авсан ноцтой зөрчил илэрчээ.
Өмнө нь, тус банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Баясгалан, Сангийн яамны Санхүү бодлогын хэлтсийн дарга Б.Батбаяр, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Сангийн яамны Дотоод аудитын газрын дарга Б.Гэрэлмаа, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга асан Л.Зориг, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбат нар “банкыг ашигтай ажиллуулсан” гэж тус бүр нь 90 сая төгрөг авсан гэсэн мэдээлэл худал болох нь тогтоогдсон байна. Учир нь, ТУЗ-ийн гишүүд тус бүр 90 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авчээ. Тухайлбал, Төрийн банкны удирдлага “Өөрийнх нь гаргасан өргөдлийг харгалзаж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж орон сууц худалдан авахад зориулж ТУЗ-ийн гишүүн Б.Батбаярт 90 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсүгэй” гэсэн шийдвэр гаргасан аж. Өөрөөр хэлбэл, энэ нь Төрийн банкны ТУЗ-д ажилласны төлөө авсан урамшуулал болж таарлаа.
Дараа нь банкыг ашигтай ажиллуулсан гэж ТУЗ-д багтсан есөн хүн тус бүр 15 сая буюу нийт 135 сая төгрөгийн шагнал авчээ. Ингээд зогсохгүй ТУЗ-ийн гишүүн байсан дээрх зургаан хүн дахин орон сууцны хөнгөлөлттэй зээл гэж тус бүр нь 110, 150, 154, 155, 160 сая төгрөг авсан байх юм. Тэдэнд энэ зээлийг 15 жилийн хугацаатай, 9.6 хувийн хүүтэй олгосон нь анхаарал татаж байна. Ингэхэд төрийн албан хаагчийн ёс зүй гэж тэдэнд байна уу.
Энэ бүгдийг нэгтгэвэл, ТУЗ-ийн нэг гишүүн гэхэд л нийгмийн асуудлаа шийдвэрлүүлэх урамшуулал гэж 90 сая, банкыг ашигтай ажиллуулсны шагнал гэж 15 сая, хөнгөлөлттэй орон сууц авна гэж 110 сая төгрөг нийлээд хамгийн багадаа 215 сая төгрөг, хамгийн ихдээ 265 сая төгрөг банкнаас авсан байна. Ийм байдлаар улсын гэх тодотголтой банкны ТУЗ-д багтсан есөн хүн хоёр тэрбум төгрөгийн хохирол учруулжээ.          
Гэтэл олон иргэн Төрийн банкнаас зээл авч, орон сууцтай болох гээд чадахгүй л яваа. Материалаа бүрдүүлж өгсөн зарим нь банкнаас зээл олгохгүй байгаагаас гэрээ хийсэн барилгын компанидаа төлсөн урьдчилгаа төлбөрийнхөө 20 хувийг суутгуулахад хүрч, хохирох дээрээ тулаад байна. ТУЗ-ийн гишүүдэд олгосон дээрх хоёр тэрбум төгрөгөөр дор хаяж 40 хүнийг зээлд хамруулж, орон сууцтай болох хүсэлтийг нь шийдвэрлэж өгөх боломжтой. Гэвч Төрийн банкны өмнөх удирдлагууд тэгсэнгүй. Иргэдийнхээ эрх ашгийг хөсөр хаяж, увайгүй, ёс зүйгүй албан тушаалтнуудыг хөхиүлэн дэмжлээ. Хамгийн хачирхалтай нь, ийм их хэмжээний мөнгөөр өөрсдийгөө урамшуулсан байхад өнөөдрийг хүртэл тэдэнд хэн ч хариуцлага тооцоогүй байгаа юм. Үүнийг шалгаж, хариуцлага тооцох ёстой хууль хяналтынхан ч таг чиг. Тэд мөнгө завшсан агуулгатай мэдээлэл түгэж байгаа ч  хэн нэгнээс өргөдөл, гомдол бичиж ирүүлээгүй учир эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзэж буй бололтой.  
Манайд төрийн оролцоотой аж ахуйн нэгж, компани ашигтай ажилладаг ч “Алдагдалтай ажиллаж байна” гэж худал хэлж, түмэн зовлон тоочин удирдлагын багт нь багтсан албан тушаалтнууд олсон ашгаа хуваан завшдаг жишиг тогтоод удаж буй. Үүний нэг сонгодог жишээ Төрийн банк боллоо. Тус банкныхан ТУЗ-ийн багт багтсан хүмүүстээ байгаа мөнгөө хувааж өгчихөөд, иргэдэд зээл олгох гэхээр “мөнгө байхгүй” гэсэн тайлбар тавиад сууж байна. Ер нь, төрийн өмчит компани, аж ахуйн нэгжийн ТУЗ-д багтах нь “мөнгөн дээр” сандайлах сайхан боломж гэсэн ойлголт ч төрийн албан хаагчдын дунд түгээмэл. Тиймээс ч аль нэг төрийн оролцоотой компани, аж ахуйн нэгжийн ТУЗ-д багтах гэж улайрч, үхэн хатан тэмцэлдэх нь энүүхэнд.
Ийм шударга бус үйлдэлтэй Шинэчлэлийн Засгийн газар эвлэрэхгүй гэдгийг ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдчихээд буй. Тиймдээ ч тэрээр Төрийн банкны ТУЗ-ийн өмнөх гишүүдээс авсан мөнгийг нь буцаан төлүүлж, одоо хашиж байгаа ажлаас нь халахыг холбогдох яамдын сайдад үүрэг болгосон. Тухайлбал, тус банкны ТУЗ-ийн гишүүн байсан  зургаан хүний гурав нь Сангийн яаманд ажиллаж байна. Ерөнхий сайд төрийн албан хаагчийн ёс зүйгээ уландаа гишгэсэн энэ мэт хүмүүсийг цаашид төрийн албанд ажилд авахгүй байхыг ч анхааруулав.
Монгол Улсад барууны улс орнуудад хэрэгжүүлдэг нэр хүндийн хариуцлага гэдгийг нэвтрүүлэх цаг болсныг дээрх мэт олон үйлдэл харуулж буй. Хууль бус зүйлтэй нэр холбогдсон, өөрсдөдөө давуу байдал бий болгосон төрийн албан хаагчийг ажлаас нь халж, дараагийн төрийн байгууллагад ажилд орох гэж өргөдөл барьж очиход авдаггүй байх эрх зүйн орчин бүрдүүлэх нь чухал байна.

Б.Алтанцэцэг


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан