Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Жан Зиеи: Холливудад одоо ч надад огт өөр ертөнц шиг санагддаг

Холливуд хүртлээ карьер нь өссөн ази жүжигчин тоотой хэдхэн. Тэдэнд дунд эмэгтэй жүжигчин бүр ховор. Тэр л ховор амжилтад хүрсэн хүн бол Жан Зиеи. Бид түүнийг “Гейшагийн дурсамж”, “Нуугдах бар, хүрхрэх луу” зэрэг олон киногоор нь мэдэх билээ. Ингээд түүний сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

-Та кино жүжигчнээс гадна продюсер болжээ. Энэ таны мөрөөдлийн нэг хэсэг үү?
-Тийм ээ. Олон жилийн турш сэтгэлдээ тээж явсан мөрөөдлийн минь нэг хэсэг. Гэхдээ үнэнийг хэлэхэд ийм эрт продьюсерийн ажилд орно гэж бодоогүй  байсан юм. Харин “Софигийн өш хонзон” киноны зохиолыг уншсаны дараа шууд продьюсерлэхээр шийдсэн. Өнгөрсөн хугацаанд Жан Ёмоу, Ан Ли, Чен Кэйж гээд олон агуу найруулагч нартай ажиллах аз надад тохиосон. Түүний ачаар өөрөө кино хийгээд үзье гэж зориглосон юм.
-Олон улсад танигдсан жүжигчин болохоор кинондоо ивээн тэтгэгч олоход амар байсан уу?
-Кино ажлын эхэн үед нэг ивээн тэтгэгч олсон боловч уран бүтээлд маань хэтэрхий хутгалдаад байсан учраас мөнгийг нь буцаагаад өгчихсон. Миний бодлооор бизнесмэнүүд нь мөнгө санхүүгээ хариуцаад, киногоо цэвэр уран бүтээлчдэд нь орхих хэрэгтэй. Хэн нэг хөрөнгө оруулагч миний уран бүтээлд хяналт тавихыг би хэзээ ч зөвшөөрөхгүй. Бас хэн нэг хүний мөнгөний төлөө өөрийн уран бүтээлийн үзэл санааг өөрчлөхийг тэвчихгүй.  
-Хэвлэлүүд таныг харилцахад амаргүй хүн гэж бичих юм. Та тийм хэцүү хүн үү?
-Өмнө нь, надтай нэг сэтгүүлч ярилцлага хийснийхээ дараа та харилцахад тийм ч хэцүү хүн биш байна шүү дээ гэж хэлж байсан. Харин бусдад нь яагаад тэгж санагддаг гэхээр надтай нүүр тулж, ярилцаж үзээгүйгээс л болдог байх. Тэд намайг зөвхөн элдэв арга хэмжээ, улаан хивсний ёслол дээр үнэтэй даашинз, чимэг зүүлтээр гоёсон үед л хардаг болохоор би тэдний нүдээр амьдралаас тасарсан хүн шиг харагддаг байх л даа. Гэвч миний жинхэнэ амьдрал тэр биш шүү дээ.
-Хэвлэлийн анхаарлын төвд байх нь зан чанарт тань нөлөөлдөг болов уу?
-Анх кино урлагт хөл тавьснаас эхлээд одоо хүртэл Жан Зиеигийн юу ч өөрчлөгдөөгүй. Зан чанарын хувьд би ер нь тогтвортой хүн. Хувирч өөрчлөгдөөд байдаггүй. Хэдийгээр Хонконгийн хэвлэлүүдээр буруу ташаа мэдээлэх явдал их гардаг ч арав гаруй жил кинонд тоглосны дараа Жан Зиеи хэн бэ гэдгийг үзэгчид тодорхой хэмжээгээр мэддэг болсон байх.
-“Гэртээ харих зам” бол таны анхны уран бүтээл. Кино урлагт дөнгөж хөл тавьсан тэр үеэ эргэн дурсаач?
-Үнэхээр хэцүү байж билээ, тэр киноны зураг авалт. Хамгийн анхны зураг авалтын үеэр би бүр 35 удаа дахисан гээд бод доо.
-Та бол барууны чөлөөтэй оронд амьдраад дассан хүн. Хятадад байх хугацаанд баригдмал боогдмол юм шиг санагддаг уу?
-Үгүй, ердөө ч тэгж санагддаггүй. Өнөөгийн Хятад урьдынх шиг хаагдмал орон байхаа больсон шүү дээ. Харин ч эх орондоо байхад амар амгалан байдаг.
-Жан Зиеигийн тухай хүмүүсийн мэддэггүй зүйл юу вэ?
-Хүмүүс намайг бодохдоо азтай болохоор л сайн найруулагчтай таарч, сайн дүрүүд олдоод байдаг гэлцдэг. Тэд миний амжилтыг зөвхөн азтай холбож тайлбарладаг. Гэхдээ кино урлагт зөвхөн азтай байгаад хол явахгүй шүү дээ. Мэдээж гол дүр олж авах нь азтай хэрэг. Гэхдээ тэр азыг амьдрал болгож, үзэгчдийн сэтгэлд хүрэх дүр бүтээнэ гэдэг зөвхөн жүжигчин хүний ур чадвар, мэдрэмж, хөдөлмөрөөс шалтгаалдаг гэдгийг хэлмээр байна. Өнөөдрийн энэ амжилтад хүрэх гэж цус, нулимсаа урсгасан үе ч надад цөөнгүй бий. Олон хүн, ялангуяа манай хятадууд үүнийг сайн ойлгодоггүй. Намайг зүгээр л их азтай эмэгтэй гэж ярьдаг нь гомдолтой санагддаг.
-Хятад хүмүүс яагаад нэг нэгийгээ дэмждэггүй юм бол?
-Залуудаа амжилтад хүрсэн болохоор хүмүүс миний ард ямар нэг том хүч байна гэж хардаж сэрддэг бололтой. 20 гаруй жил кинонд тоглоод нэрд гарч чадаагүй жүжигчин олон л байдаг. Тэдэнтэй харьцуулаад л ингэж дүгнэдэг байх.
-Та хэзээ нэгэн цагт ийм нэртэй жүжигчин болно гэж төсөөлж байв уу?
-Үгүй ээ. Би жирийн л нэг цэцэрлэгийн багш юм уу онгоцны үйлчлэгч болоод, хүнтэй суугаад, энгийн сайхан амьдарна гэж мөрөөддөг байсан.  
-Алдар нэр гэр бүлийн тань амьдралыг өөрчилсөн болов уу?
-Сүйдтэй өөрчлөгдөөгүй. Ээж аав минь хүнд хэцүү амьдрал үзсэн хүмүүс болохоор мөнгийг дэмий зүйлд хэзээ ч үрдэггүй. Магадгүй, тэдний эдэлж хэрэглэдэг нь бага зэрэг сайжирсан байх. Гэхдээ тэд маань одоо хүртэл автобусаар ажилдаа явдаг хэвээрээ. Ээж аав минь охиноороо их бахархдаг. Миний зураг хамгийн анх сэтгүүл дээр гарсан нэг өглөө аав маань хэдэн зуугаар нь худалдаад аваад ирсэн байж билээ. Энэ олон сэтгүүлээр яах гэж байгаа юм гэхэд ажлынхандаа өгнө гээд их л баяртай байсан.
-Таныг жүжигчин Жэки Чантай хайр сэтгэлийн холбоотой гээд “Оргил цаг 2”-т тоглож байх үеэр нэг хэсэг шуугьсан.
-Энэ бол ээлжит худал мэдээллийн нэг. “Оргил цаг”-т тоглох гээд АНУ-д очих үеэр Жэкигийн эхнэр, хүүхэд нь надад яг л өөрийн гэр бүлийн нэг гишүүн шиг хандаж байсан. Тийм байхад бид хоёрыг холбоно гэдэг инээдтэй хэрэг.
-Таныг “Гейшагийн дурсамж”-ийн найруулагч Роб Маршал дээр очоод “Намайг ажилд аваач” гэж гуйсан гэлцдэг. Энэ үнэн үү?
-Үнэн. Гэхдээ Роб Маршал биш Стивен Спилбергээс тэгж гуйж байсан юм. Тухайн үед англи хэлээр өөрийгөө яаж ойлгуулахаа мэдэхгүй байсан болохоор хамгийн энгийн үгээр “Hire me, please” гэж хэлж байлаа. /инээв/
-Тэр тэгээд таныг ажилд авсан уу?
-Авсан. Бид “Гейшагийн дурсамж” дээр хамтран ажилласан. Зураг авалтын эхний өдөр Стивен надаас “За би чамайг ажилд авлаа, тийм үү” гэхэд нь би “Гэхдээ олон жилийн дараа” гэж хариулсан. Тэгэхэд тэр “Гэхдээ чи энэ хооронд хэл сайн сурсан байна шүү дээ” гээд инээж билээ.
-Таныг нэр алдарт хүргэсэн энэ киноны тухай яриач?
-Энэ номыг кинонд тоглохоос таван жилийн өмнө уншиж байсан л даа. Зохиол нь үнэхээр таалагддаг байсан. Тэгээд тэр зохиолоор кино хийнэ гэхэд нь найруулагч Роб Маршал дээр шууд очоод, тогломоор байна гэж хэлсэн. Гэхдээ би тэр үед англи хэлдээ муу байсан болохоор бас их эмээж байлаа. Би англи хэл үзээд ердөө хоёр жил л болж байсан юм.
-Ази жүжигчдийн хувьд олон улсын тавцанд гарахад хэлний бэрхшээл их байдаг байх?
-Тийм ээ. Гэхдээ энэ бэрхшээлийг давж, хүссэн кинондоо тоглохын тулд өдөрт таван цагаар англи хэл судалсан.
-Хятад эмэгтэй Япон гейшагийн дүрийг бүтээнэ гэхэд хүмүүс дургүйцэж байв уу?
-Кинонд тоглохоор сонгогдсон эмэгтэй жүжигчдээс хоёр нь хятад, бусад нь япон байсан л даа. Гэхдээ хятад, япон гэлтгүй тэр кинонд ажилласан бүх хүн л гейшагийн ертөнц, тэдний амьдралаас суралцах хэрэгтэй болсон. Яагаад гэвэл гейша гэдэг тэс өөр ертөц. Япончууд ч өөрсдөө тэдний ёсыг сайн мэдэхгүй. Тийм болохоор бид зургаан долоо хоногийн турш гейшагийн ёс дүрмийг заалгасан.  
-Энэ кинонд гардаг цасны бүжиг үнэхээр ур чадвар шаардсан ажил. Та яаж сурав аа?
-Үнэндээ тэр зузаан платформ гутал дээр бүжиглэнэ гэдэг гейшагийн ёсыг зургаан долоо хоног сурсан надад байтугай зургаан жил бүжгээр хичээллэсэн хүнд ахадмаар хэцүү юм билээ. Анх тэр гутлыг харчихаад Мишель Ёо цүнх юм уу гэж гайхаж байсан. Харин би дэр л юм байх гэж бодож байлаа. Гэтэл түүнийг өмсөөд бүжиглэ гэхээр нь цочсон шүү. 30 см өндөр гутал өмсөөд бүжиглэнэ гэдэг яагаад ч бүтэхгүй гэж эхэндээ бодож байсан ч өдөр бүр таван цаг өмсөөд ирэхээр сурдаг юм билээ. Цасны бүжиг бол жүжигчин хүний жүжиглэх чадварыг сорих сайхан шалгуур. Гейшагийн дүр надаас их зүйл шаардсан. Тэр хэрээр би ч өөрийгөө хангалттай сайн тоглосон гэж боддог.  
-Гэхдээ таныг бүжгийн сургуульд сурдаг байсан гэж дуулсан?

-Тийм ээ. Хятад ардын бүжгээр хичээллэдэг байсан юм.
-Тэгээд яагаад бүжгээрээ явалгүй, кино урлаг руу урвасан юм бэ?
-Бүжиглэх нь ирээдүйгүй байсан юм. Би сайн бүжиглэж чаддаггүй, ангийнхаа сайчуудын тоонд ч ордоггүй байсан болохоор өөртөө нэг л итгэлгүй байсан. Харин нэг найз маань жүжиглэх их ирээдүйтэй ажил гэж ярихаар нь шууд сэтгэл шулуудсан. Энэ ч маш зөв алхам болж, би кино урлагаас өөрөө өөрийгөө олсон.  
-Та янз бүрийн л дүрд тоглож байлаа. Тулааны урлагаар ч хичээллэж, гейшагийн ёсыг ч сурчээ. Энэ хоёр аль нь хүнд байсан бэ?
-Гейша болох нь хамгийн хэцүү байсан.
-Та ямар төрлийн кинонд тоглох дуртай вэ?
-Эмгэнэлт, уянгын драмад дуртай. Үйл явдал нь ноцтой, хүнд байх тусмаа сэтгэл татдаг.  Адал явдалт кинонд дургүй ээ. Гэхдээ ийм төрлийн кинонд хамгийн олон тоглосон. /инээв/
-Та Хятадын алдартай найруулагчтай бараг бүгдтэй нь хамтран ажиллажээ. Тэдний тухай яриач. Тухайлбал Жан Емоу, Вон Карвай ямар хүн бэ?
-Жан Емоутой гурван кинонд хамтран ажилласан. Ямар түүхий хүн кино урлагт орж ирээд, яаж боловсорсныг минь мэдэх цорын ганц хүн бол тэр. Харин Вон Карвайтай хамтран ажиллахад жүжигчний хувьд үнэхээр их зүйл сурсан. Түүний кинонд ямар ч зохиол гэж байдаггүй. Тийм болохоор ямар ч бэлтгэлгүйгээр зургийн талбайд ирээд найруулагчийн хэлсний дагуу жүжиглэх хэрэгтэй болсон. Эндээс жүжиглэх гэдэг хүний төрөлхийн авьяас юм гэдгийг биеэрээ мэдэрсэн дээ.
-“Нуугдах бар, хүрхрэх луу”кинонд Ан Литэй хамтарч ажилласан нь таны хувьд том амжилт, тийм үү?
-Тийм ээ. Найруулагч намайг маш олон жүжигчин дундаас сонгож авсан болохоор миний тархинд ганцхан бодол эргэлдэж байсан нь “Чи хэрэггүй, яв” гэж л битгий хөөгөөсэй гэж залбирч байсан. Намайг сонгосон нь буруу байжээ гэж харамсах вий гэж айж байсан шүү. Яагаад гэвэл би өөрийнхөө бүтэлгүйтэхийг тэвчиж чаддаггүй.
-Гэхдээ таныг сонгосон нь зөв байсан гэдгийг та баталсан шүү дээ?
-Би найруулагчийн урмыг хугалахгүйн тулд зургаан сар сэлмээр хичээллэсэн.  Үүнээс болоод мөр маань байнгын гэмтэлтэй явдаг байв. Гэсэн ч Ан Лиг бодохоор урагшаа зүтгэхээс өөр аргагүй. Бид хоёрын харилцааг тодорхойлбол яг л муур, хулгана шиг санагддаг байж билээ. Гэхдээ Ан Лигийн хувьд ч энэ кино том шалгуур байсан болохоор сэтгэлийн хүнд дарамттай байсан. Тэр энэ киног хийж байхдаа тамхи татдаг болсон.
-Гэхдээ танай кино үзэгчдэд маш сайн хүрсэн шүү дээ?
-Тийм ээ. Зөвхөн би ч биш манай кино багийнхан бүгдээрээ шоконд орох шахсан. Үнэндээ Ан Ли ч өөрөө тийм өндөр амжилтад хүрнэ гэж төсөөлөөгүй байсан байх.
-“Нуугдах бар, хүрхрэх луу” бол таныг дэлхий нийтэд таниулсан кино. Энэ кино олон оронд гарч, үзэгчдийн таашаалд нийцсэн. Гэхдээ Хятадад эсрэгээрээ . Яагаад гэж бодож байна?
-Хятадад яагаад юм бүхэн ийм өөр байдгийг үнэндээ би мэдэхгүй. Манайхан өөрийнхөө кино, өөрийнхөө жүжигчид, уран бүтээлчдийг дэмждэггүй. Энэ нь заримдаа үнэхээр бухимдуулдаг шүү. Намайг энэ киногоор амжилтад хүрэхэд хятатууд ердөө л “азтай байна” гэсэн. Тэр үед би тэдэнд “Тийм биш” гэж хэлэх зориггүй байсан юм. Харин одоо бол энэ бүхэн зөвхөн аз биш миний ур чадвар, хөдөлмөрийн хүч юм шүү гэж хэлэх хангалттай зоригтой болсон.
-Өөрийнхөө киног үзээд сэтгэл хөдөлж, уйлж байсан үе бий юу?
-Эхний хэдэн удаа үзэхэд бол мэргэжлийн үүднээс хаана ямар алдаа гарсан байна гэж нягтлан шалгаад юун сэтгэл хөдлөх манатай л байдаг. Харин бүр хэд хэд үзсэний дараа, жирийн үзэгчийн нүдээр үзэхэд сэтгэл хөдлөх үе гарна.
-Тоглосон кинонуудаа эргээд харахад хамгийн сайн жүжиглэсэн, үнэхээр сайн болсон гэж боддог ямар хэсэг байдаг вэ?
-“Гэртээ харих зам” киноны төгсгөл хэсэгт гардаг даа. Жао Ди хүндээр өвдөөд хэдэн өдрөөр ухаангүй байж байгаад сэртэл хайртай залуу нь хотоос эргэж ирээд, түүнийг сахисан гэж ээж нь хэлдэг хэсэг. Тэр хэсэгт Жаогийн нүднээс ганцхан дусал нулимс унадаг юм. Энэ хэсэг л хамгийн сэтгэл хөдөлгөдөг дөө. Би хэдий залуу, туршлагагүй байсан ч энэ хэсэгт гайгүй сайн тогложээ гэж одоо боддог юм.
-Та энэ кинонд гардаг шиг хамаг бүхнээ зориулах хайр сэтгэлтэйгээ учирсан уу?

-Үнэнийг хэлэхэд би хэн нэгэнд хайртай боллоо ч Жао Ди шиг зүрх зориг гаргаж чадна гэж бодохгүй байна. Одоо хүмүүсийн харилцаа чинь тэр 50-иад оны үеийнх шиг цэвэр ариун байхаа больсон шүү дээ.
-Ази жүжигчин Холливудын тавцанд гарах ямар байсан бэ?
-“Нуугдах луу, хүрхрэх бар” дэлгэцэнд гарсны дараа анх удаа Оскарын улаан хивсний ёслолд очихдоо юу болоод байгааг ч мэдэхгүй сандарч мэгдэж байж билээ. Би тэгж л юугаа ч мэдэхгүй Холливудад хөл тавьж байлаа. Том Круз, Жулия Робертс гээд алдартай жүжигчдийг хараад хөшиж орхисон. Тэр бол огт өөр ертөнц байлаа. Харин хоёр дахь удаа “Гейшагийн дурсамж”-д тоглосны дараа Оскарт очиход тэр одууд намайг таньдаг болсон байсан. Тэд өөрсдөө ирээд мэндлээд намайг бараг шоконд оруулсан шүү.  Гэхдээ Холливуд одоо хүртэл надад өөр ертөнц шиг санагддаг. Миний ажил, амьдрал, гэр бүл, найз нөхөд гээд бүх зүйл маань Хятадад бий болохоор.
-Та Холливудыг байлдан дагуулахыг хүсэхгүй байна гэж үү?
-Үгүй ээ, үнэхээр тийм хүсэл төрж байсан удаагүй. Яагаад гэвэл Холливудын найруулагчид хятад жүжигчинд нэг л хэвийн уйтгартай дүр санал болгодог. Нэг бол ядуу охин, нэг бол АНУ-д худалдагдсан биеэ үнэлэгч ч юмуу. Нэгэнт жүжигчний уран чадвар сорьсон дүр өгч чадахгүй болохоор Холливуд надад сонирхолтой санагддаггүй. Би дахин “Оргил цаг” шиг адал явдалт кинонд тогломооргүй байна. Тийм дүр надад ганц л байхад хангалттай.
-Та хүссэн бүх зүйлдээ хүрч чадсан уу?
-Үгүй ээ. Эмэгтэй хүн болохоор гоё хурим хийж, сайхан гэр бүлтэй болохыг хүсч мөрөөддөг. Одоогоор ажилдаа анхаараад гэрлэх цаг минь хойшлоод байна л даа. Хэн нэг хүн амжилтад хүрнэ гэдэг зөвхөн ажил, карьераар хэмжигддэг юм биш гэж би боддог. Манай найз залуугийн эгч нь маш сайхан гэр бүлтэй, Хоёр хөөрхөн хүүхэдтэй, хайр бялхсан айл байдаг. Тийм болохоор тэр эмэгтэй бол гарцаагүй хамгийн өндөр амжилтад хүрсэн хүмүүсийн нэг гэж би боддог.

Б.Сэвжидмаа

1 Сэтгэгдэл
Үнэхээр ухаантай, мэдрэмжтэй, чадвартай, хөдөлмөрч, чин үнэнч, бас энгийн, алдар хүнд, алт мөнгөнд шуналгүй бүсгүй юм. Аав нь охиноо " миний охин агуу хүн болж байна:" гэж хэлсэн гэдэг. Агуу хүн гэдэг зөвхөн нэр алдар, гавъяа, шагналын төлөөх хүн биш юм. Агуу хүн бол өөрөөр сэтгэгч байдаг.
goe yumaa, nuxur xuuxedtei bolj ulam saixan amidraarai
Goe yriltslaga bn iim yriltslaguud ihiig oruulj bgaarai
saihan huuhen sain jujugchin amjilt husie azuun jujugchdiin neg tuluulul
Saihan emegtei, sain ch jujigchin.
Хамгийн их уншсан