Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Ариунболд: Ярианы төлбөрийг секундээр тооцох систем 15-наас жигдэрнэ

Үүрэн телефоны оператор компаниуд ирэх сарын 1-нээс ярианы төлбөрийг секундээр тооцдог болно. Энэ ажлын бэлтгэл хангагдсан эсэх талаар ШӨХТГ-ын орон тооны гишүүн, дэд дарга А.Ариунболдтой ярилцлаа.

-Ирэх сарын 1-нээс нэг минутаас дотогш ярианы төлбөр секундээр тооцогддог болно. Үүрэн телефоны компаниуд бэлтгэлээ базааж дууссан гэнэ үү?
-ШӨХТГ өнгөрсөн оны сүүлээр үүрэн телефоны компанийн удирдлагуудтай уулзан ярианы тарифыг секундын алхамд шилжүүлэх талаар зөвшилцөлд хүрсэн. Судалгаагаар хэрэглэгчийн дийлэнхи нь эхний нэг минутанд яриагаа багтаадаг гэсэн байна.
Тиймээс компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлан хэрэглэгчийнхээ эрх ашгийг хүндэтгэн үзсэн хэрэг. Гэхдээ энэ системд шилжихийн тулд тодорхой хэмжээний технологийн шинэчлэл хийнэ гэсэн учраас гуравдугаар сарын 1 гэж хугацааг нь товлосон юм. Ингээд өнгөрсөн баасан гарагт үүрэн телефоны компанийн удирдлагуудтай уулзахад үндсэндээ бэлтгэлээ хангачихсан. Ирэх сараас нэг минутаас дотогш ярианы төлбөрийг секундээр тооцоход бэлэн гэж амаар болон бичгээр мэдэгдээд байна.
-Тэгэхээр нэг минутаас дотогш ярианы төлбөрийг секундээр тооцохоор төлбөр өөрчлөгдөнө. Хэд болно гэв?
-Чиг үүргийнхээ хувьд манайх үүрэн телефоны компаниудын үнэ тарифыг тогтоодог байгууллага биш. Компанийн удирдлагуудын хэлж байгаагаар өөр, өөрийн байгууллагын онцлог, маркетингаасаа хамаарч тооцоо янз бүр гарч байгаа. Ямар ч гэсэн тооцоо судалгаагаа Харилцаа холбооны зохицуулах газарт өгчихлөө гэсэн. Хуулиараа ч энэ газар үнэ, тарифыг нь батлах ёстой. Тус газраас судалж үзээд нарийвчилсан аргачлалаар тодорхой тариф гаргаж ирэх байх. Одоогоор манайд дунджаар ийм үнэтэй байх нь гэж хэлээгүй байна. Ямар ч гэсэн үүрэн телефоны компаниуд ирэх сарын 1-нээс нэг минутаас дотогш ярианы төлбөрийг секундээр тооцдог болох учир ойрын үед яаралтай хуралдаж, шийдэж өгнө гэж Харилцаа холбооны зохицуулах газраас мэдэгдсэн.
-Эл системд шилжсэний дараа  сарын төлбөр их, бага гарлаа гэсэн гомдол хэлэхийг үгүйсгэхгүй. Техник технологийн найдвартай байдлыг яаж хангасан юм бол оо?
-Компаниудын удирдлагууд ч энэ системд шилжихээр тодорхой хэмжээний гэмтэл гарч болзошгүй гэдгийг хэлсэн л дээ. Тийм учраас эхний 10 хоног туршилтын маягтай яваад 15-наас жигдэрнэ байх.
-Үүрэн телефоны компаниуд багцын үйлчилгээг санал болгодог. Гэтэл зарим компанийн багцын үйлчилгээнд орохоор их, бага ярьсан ч хамаагүй адилхан төлбөрөө төлдөг гэх юм. Тэгээд багцаасаа гаръя гэхээр боломжгүй гэдэг хэмээн иргэд гомдол мэдүүлдэг?
-Одоогоор манайх багцын үйлчилгээний ажил хийгээгүй байгаа. Гэхдээ энэ бол хэрэглэгчийн сонголт шүү дээ. Хэрвээ тухайн компанийн санал болгосон багцаас хэрэглэгч гаръя гэхэд үгүй гэж байгаа бол хэрэглэгчийн  эрхийг зөрчиж байна гэсэн үг. Ийм гомдол байвал манайд хандвал, шийдэж өгөх боломжтой. Нөгөөтэйгүүр, иргэд тухайн компанийн санал болгосон багцаас шалтгаалаад янз бүрийн хэмжээний мөнгө барьцаанд тавьсан байгаа. Гэтэл компаниуд эл барьцааны мөнгийг нь эргэлдүүлдэг. Компанид хүний мөнгө эргэлдүүлэх ямар ч эрх байхгүй. Хэрэглэгчийн 30, 50 мянган төгрөг барьцаандаа л байж байх ёстой. Нөгөө талаас, тэр мөнгө сул байж байхаар хүү тооцдог болбол хэрэглэгчдэд ашигтай. Компанийн ч барьцааных нь хөрөнгө нэмэгдэнэ. Аль, аль талдаа ашигтай ийм хувилбар байгааг компанийн удирдлагуудад тавихад нааштай хүлээж авсан. Энэ хүрээнд үүрэн телефоны зарим компани дугаараа олон жил барьсан иргэдэд барьцаат төлбөрийг нь буцаан өгч байна.
-Эхнээсээ хэрэглэгчдийнхээ барьцаат төлбөрийг өгч байх шиг байна ?
-Тийм. Тухайн хэрэглэгчийн барьцаанд тавьсан мөнгийг компани ашиглахгүй, арилжааны банкинд байршина. Дараа нь, иргэн мөнгөнийхөө хүүгээр ярианыхаа төлбөрийг төлж эсвэл авч болно, хэрэглэгчийн гэрээгээ цуцлахад үндсэн барьцааны мөнгөнөөс гадна хүү тооцогдох юм. Хэрэглэгчдэд эдийн засгийн хувьд ашигтай. Энэ ажлыг ирэх дөрөвдүгээр сард багтаагаад хэрэгжүүлчих санаатай ажиллаж байна. Гэхдээ цаг хугацаа шаардах ажил.  
-Энэ талаараа үүрэн телефоны оператор компаниудад мэдэгдсэн үү?
-Тэд сайн мэдэж байгаа. Дэмжсэн. Тийм учраас секундээр тооцох системд шилжиж, мөн  хүү тооцох чиглэл рүү явж байгаа юм.
-Гэхдээ яагаад дугаараа олон жил барьсан хүмүүсийнхнийг өгнө гэж байгаа юм бол.  Эхлээд 10, дараа нь  8,7 жил гээд шат дараатай явна. Бүх хүнийхийг буцаана гэж байхгүй гэж хэлсэн?
-Энэ талаар хүмүүс буруу ойлголт авсан юм шиг байна лээ. Бид үүрэн телефоны компаниудыг дараа төлбөрт хүмүүсийн барьцааг буцааж өг гэсэн шаардлага тавиагүй. Угаасаа ч болохгүй асуудал. Яагаад гэхээр, аливаа үйлчилгээг үзүүлэхийн тулд заавал барьцаа авна гэсэн журам байдаг. Би дараа төлбөрт дугаараараа баахан ярьж, ярьчихаад барьцаа мөнгөгүй байвал нөгөө компани чинь хохирно шүү дээ. Барьцаа төлбөрийн асуудал аль ч оронд байдаг л асуудал. Гол нь, барьцааны мөнгийг эргэлдүүлж болохгүй, хэрэглэгчдийнхээ эрхийг хүндлэх үүднээс арилжааны банкинд байршуулж хүү тооцдог бол гэсэн шаардлага тавьсан. Энэ асуудлыг ярихад компанийнхан дугаараа олон жил ашигласан хүмүүсийн барьцаа мөнгийг буцааж өгье гэсэн юм. Гэтэл иргэд барьцаа төлбөргүй болох юм байна гэж ойлгож. Хууль эрх зүйн орчин, бизнесийнхээ хувьд ч төлбөрөө дараа төлдөг байна гэвэл эрсдэлтэй шүү дээ. Тиймээс л барьцаа байдаг юм.  
-Тэгэхээр дугаараа олон жил ашигласан хүний барьцааг буцаан олгож байгаа нь тухайн компанийн сайн дурын үйлдэл гэсэн үг үү?
-Тийм. Тэдний сайн дурын асуудал. Бид барьцаа төлбөр чинь их, бага байна гэж хэлэх эрхгүй.

Т.Баяр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан