Төсвийн тухай шинэ хуулийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлснээр орон нутагт төсөв захиран зарцуулах эрх мэдэл шилжсэн. Энэ ажил орон нутагт ямар байдалтай байгаа талаар Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяртай ярилцлаа.
-Орон нутагт төсвийн эрх мэдэл шилжлээ. Ингэснээр иргэдийн оролцоог нэмэгдүүлж, ямар нэг бүтээн байгуулалт болон тохижилтын ажилд тэдний санал бодлыг харгалзан үзэхээр болсон. Иргэдэд энэ хуулийг таниулах зорилгоор та бүхэн хэрхэн ажиллаж байна вэ?
-Төсвийн тухай шинэ хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлсэн. Энэ хуулийн хүрээнд 274 тэрбум төгрөгийг сумдын ИТХ иргэдээрээ шийдүүлээд хамгийн чухал асуудлуудад зарцуулах эрхийг олгож байгаа юм. Иргэдийг хэрхэн сургах уу, орон нутгийн удирдлагууд энэ асуудалд өөрсдөө хэрхэн хандах эсэхийг “Шууд ардчилал- иргэдийн оролцоотой төсвийн менежмент” сургалтаар зааж өгч байна. Хамгийн гол нь, тухайн сумын ... дугаар багт тулгамдаж буй ямар асуудал байгааг, өөрийнхөө багт 50 сая төгрөгөөр юу хийх талаар иргэд хоорондоо хэлэлцэж ярилцах ёстой. Ингэхэд одоохондоо манай иргэдэд туршлага дутна. Гэхдээ нийгмээрээ хэлэлцэж байж шийдэлд хүрч байгаа нь дэвшил юм.
Орон нутгийн бүх шатны удирдлагууд болон шууд ардчиллын сургагч багш нараар дамжуулан иргэдэд мэдлэг мэдээлэл түгээх юм. Түүнээс биш иргэдийг бүгдийг нь нэг дор хамруулж чадахгүй шүү дээ. Шууд ардчилал өндөр хөгжсөн орнуудад иргэд нь хуралдаад тухайн орчиндоо хийх ажлынхаа төсвөө тогтоочихдог гэсэн. Тухайлбал, Швейцарьт нэг гудамжны үзүүрийг янзлахад тэр хавийн оршин суугчид хоорондоо ярилцаад иймэрхүү маягаар өөрчилье гээд шийдчихдэг юм билээ. Харин манайд дарга нар нь шийдвэр гаргадаг учраас хийсэн ажлууд нь нүдээ олдоггүй. Энэ талаар би нэг жишээ хэлье. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, I хороололд “City toilet” барьсан. Харамсалтай нь хүн олноор явдаггүй газар аваачаад барьчихсан байна билээ. Бүх зүйлийг бид мэддэг гэсэн хандлагаар хандаж, иргэдээсээ асуулгүй хийхээр ийм балагт хүрдэг. Тиймээс иргэдтэйгээ ярьж аль нь зөв эсэх, байршлаа хаана сонгох эсэхээ шийдэх ёстой.
-Төсвийн гүйцэтгэлд тавих хяналт сул байдаг. Орон нутагт хяналт хэрхэн тавих вэ. Нөгөөтэйгүүр ажлын үр дүнг яаж дүгнэхээр төлөвлөв?
-Төсөв барьж байгаа эрх бүхий албан тушаалтнууд төсвөө нуух, иргэдэд нээлттэй бус байлгах асуудал маш их гардаг. Үүнийг ил тод болгох нь иргэдийн өөрсдийнх нь гарт байгаа. Манай хороо, сум, багийн төсвийг сар бүр ингэж танилцуулна гээд журам гаргачихвал үүнийг заавал хуульчлах шаардлагагүй. Энэ талд ч сум, багийн ИТХ-ынхан суралцах ёстой. Би саяхан цахим хуудаснаас нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрийн гадаадад ажилласан томилолтын задаргааг олж үзлээ. Хэдэн төгрөгийн буудалд орсон, автобусанд хэдээр суусан гэх мэтээр нэг бүрчлэн тавьсан байсан. Ингээд тавьчихаар хэн хэндээ амар шүү дээ. Орон нутгийн болон УИХ-ын сонгуульд хэдэн тэрбумаар нь зардал гаргадаг. Энэ мөнгийг хэнд өгсөн ямар зүйлд зарцуулсан зэргийг тодорхой гаргаад тавьчих хэрэгтэй. Бүх зүйлийг нээлттэй ил тод болгоход л иргэд ойлгож эхэлнэ. Хуульд ч энэ тухай заачихсан.
-Бүс нутгийн тайланд хөндлөнгийн аудит хийх шаардлагатай юу?
-Үүнийг Аудитын болон Төсвийн тухай хуулиар жилийн эцэст хийж байхаар хуульчилсан. Хуулиа бариад ажиллавал бүх зүйл тодорхой байгаа. Тэр бүү хэл, шалгалтад ИТХ-ын төлөөлөгч болон ажлын хэсэг ч гарч болох юм. Харин үүнийг санаачлах эрх нь ИТХ-ын болон Засаг дарга нарт байдаг.
-Та Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга байсан. Танай намын даргыг сольсон ч таныг тамгаа авч зугатаад өгөхгүй байгаа гэх яриа гарсан. Үүнд тайлбар өгөхгүй юү?
-Олгой хагаравч тогоон дотроо гэгчээр энэ намын дотоод асуудал. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг янз бүрээр бичиж буй ч би тэвчээртэй хандаж байгаа. Ингэснээрээ алдана гэж бодохгүй байна. Надад тамга авч зугатаах ямар ч шаардлага байхгүй. Ном журмынх нь дагуу хуралдаад намын даргаа шинээр томилоод тамгаа албан ёсоор хүлээлгэж өгсөн. Хулгайч гэж орилоод байгаа тэр хүн өөрөө хулгайч гэсэн үг байдаг шүү дээ.
-Орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан дүүрэг ялагдсан нь таны ажлаа өгөх шалтгаан болсон уу?
-Орон нутгийн сонгуульд манайх 41 төлөөлөгчөөс цөөнх болсон. Тиймээс энэ намыг сонгуульд авч орсон намын дарга хариуцлага хүлээх ёстой. Ийм жишиг тогтож байгаа. Энэ дагуу би ажлаа хүлээлгэж өгөх хүсэлтээ гаргасан юм.
-УИХ-ын 26 дугаар тойрогт дахин санал хураана. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулах сураг байсан?
-Энэ асуудал шийдэгдээгүй байгаа. Хяналтын шатны шүүх дээр явж байгаа учраас янз бүрийн тайлбар хэлэх ямар ч боломж алга. Ямар нэг байдлаар сонгинохайрханчуудыг парламентад төлөөлөх нэг суудал чухал байгаа. Дахин санал хураалт болох эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй. Тодорхой цаг хугацааны дараа шийдвэр гарч, УИХ-ын гишүүнтэй болж л таарна шүү дээ.
-Таныг өрсөлдөгчийнхөө эсрэг сөрөг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд цацаж байна гэсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Энэ талаар мэдэхгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх сонирхол ч алга. Учир нь, энэ нэг талаараа сурталчилгаа болчих гээд байдаг. Явдаг юм явдгаараа л явна биз дээ. Хэвлэлүүдээр янз бүрийн мэдээлэл цацагдаж л байна билээ.