Нийслэлчүүд эрчим хүчний тав дахь эх үүсвэрээ барих газраа олчихлоо хэмээн магнайгаа тэнийтэл баярлаж байсан нь саяхан. Дэд бүтэц төдийлэн сайн хөгжөөгүй гэгддэг хотын зүүн зүг төдийгүй нийслэлчүүдийг найдвартай эрчим хүч, дулаанаар хангахын тулд Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хороо, Ургах наран хорооллын замын урд талын 43 га газрыг шинжин байж сонгосон гэдэг. Гэвч Эрчим хүчний яаманд 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр болсон эл станцыг сүндэрлүүлэх Хөлийн голын хөндий нэртэй газар нь хотын ундны усны дотоод болон төмөр зам, Богд уулын хамгаалалтын бүсэд багтдаг нь асуудал үүсгэв. Хэдийгээр дулааны цахилгаан станц барих боломжтой ч ундны усны хамгаалалтын бүс учраас байгаль орчны нөлөөлөл хэр байхыг судлах шаардлагатай гэж нийслэлийн удирдлагын зөвлөлийнхөн өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд түр хойшлуулсан юм.
г нь, монголчууд амьдрах газраа шинжин өдрийн сайныг харан өргөө гэрээ барьдаг заншилтай.
Энэ л зарчмаараа багагүй судалгаа хийж сонгосон гэсэн мэдээллийг ЭХЯ-ныхан өгч байсан. Гэтэл яагаад НИТХ-ын 2012 оны ундны усны эх үүсвэрийн тэжээлийн мужид газар олгохыг хориглосон тогтоолыг үл харгалзан сонгочихов гэдэг нь хачирхалтай. Магадгүй, дулааны тавдугаар цахилгаан станцын сураг гарснаас хойш хэдэн жилийг элээн, цаасан дээр мөнхрөх шахсан болохоор амьдралд буулгая гэж яарсан байж мэдэх л юм. Улиастай, ТЭЦ-3 гээд бууриа олох гэж их л “нүүдэл” болж буй эл станц нь Хөлийн голын хөндийд сууриа тавибал Улаанбаатар хотод үүсээд буй дулаан, цахилгааны гачаалаас аврах хэдий ч хэдэн жилийн дараа “ус өгөөч” хэмээн алга тосох үе ирэхийг ч үгүйсгэхгүй. Цэвдэгтэй ч байж магадгүй хэмээгээд байгаа эл газар нь боломжгүй гэвэл хаашаа нүдээ бэлчээх юм бол...
Дэлхийн банкны дөрвөн жилийн өмнө хийсэн судалгаагаар эрчим хүчний шинэ эх үүсвэрээ яаралтай барихгүй бол 2012 он гэхэд цахилгаан, дулааны нийлүүлэлт өсөн нэмэгдэж, байгаа хэрэглээгээ хангаж чадахгүй хэмээн манай Засгийн газарт анхааруулж байв. Тэгэхэд төвийн эрчим хүчний системийн хэрэглээ даруй 3,5 хувиар нэмэгдэх тооцоо гарч байсан учраас тав дахь эх үүсвэрийг хурдан барьж ашиглалтад оруулахгүй бол 2014 он гэхэд нийслэлийн эрчим хүч, дулааны нөөц шавхагдахад хүрнэ гэж анхааруулж байсан. Гэвч цааснаас амьдралд хөл тавих гэж зүтгэсэн станц газраасаа болоод ийнхүү саатаж мэдэх нь. Эрчим хүчний сайд М.Сономпил “Нийслэлийг найдвартай эрчим хүч, дулаанаар хангаж буй ДЦС IV 30, ДЦС II 50, ДЦС III 44 жил ашиглагдаж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний суурилсан хүчин чадал 800 мВт, хэрэглээ 700 мВт байна. Өнгөцхөн харахад 100 мВт-ын хүчин чадалтай юм шиг санагдаж болно. Манай эрчим хүчний салбар өөрийгөө тохируулах чадваргүй. Өөрөөр хэлбэл, өглөө, оройны өндөр ачаалал, шөнийн бага ачааллын хооронд 100 мВт-ын зөрүүг хааж чаддаггүй. Үүнийг ОХУ-аас импортлох замаар тохируулж байна” хэмээсэн. Гэтэл эдгээр станцын нурууг тэнийлгэх байсан тав дахь эх үүсвэр 2015 онд ашиглалтад орно гэж цаасан дээр тодоос тод хараар бичсэн ч товлосон хугацаандаа ашиглалтад орно гэдэг лөөлөө бололтой.
Байгаль орчны үнэлгээ хийхээр болсон БОНХЯ-ны мэргэжилтнээс энэ талаар тодруулахад ”Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу манай яамнаас тухайн газрынх нь байгаль орчны үнэлгээг газар гэсэхээр хийнэ. Одоо дөнгөж танилцах шатандаа явна” гэв. Тэгэхээр биднийг тав дахь эх үүсвэрээ барих гэсээр байтал хотын нийгэм, эдийн засаг тэлэн 2016 он гэхэд эрчим хүч, дулааны гачаалд нэрвэгдэнэ гэсэн тоон дүн айдас дагуулж буй. Энэ талаар ч НИТХ-ын төлөөлөгч С.Үнэн “Хэрэв тав дахь эх үүсвэрийг өнгөрсөн жилээс бариад эхэлсэн бол 2015 онд дуусгах ёстой байсан. Гэтэл одоо хүртэл газраа олоогүй. Ингэхээр 2020 оноос наана шинэ цахилгаан станц ашиглалтад орохгүй нь. Хот энэ байдлаараа хөгжвөл 2015 он гэхэд эрчим хүчний хэрэгцээ одоогийнхоос хоёр дахин нэмэгдэнэ. Дахиад л эрчим хүчээ гаднаас импортлох уу. Ийм байдлаар асуудлыг аргацаасан, зөвхөн өнөөдрийн нөхцөл байдалд тохируулж шийдсэн бодлого хотын хөгжилд асар их сөрөг нөлөө үзүүлж байна” хатуухан шүүмжилж буйгаа нэгэн ярилцлагадаа дурдаж байсан удаатай.
Эрчим хүч гэдэг ганц яамных ч биш хотын асуудал. Лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр Хөлийн голын хөндийн газар боломжгүй гэвэл эрдэмтэн судлаачдын хэлснээр Багануурын уурхайг түшиглэн яагаад байгуулж болохгүй гэж. Газраас бусад асуудал нь шийдэгдчихсэн эл станцыг хурдан барихгүй бол хот харанхуйд нэрвэгдэж, хөлдөх аюул бийг ч анхааруулаад байгаа шүү дээ. Тиймээс дараагийн хувилбараа ч тооцсон байх ёстой. Дулааны тавдугаар цахилгаан станц барих боломжтой газар гэж 1980 оны үед ЗХУ-ын мэргэжилтнүүд Багануурын уурхайг судалгаагаар тогтоосон байдаг. Энэ талаар Багануурын уурхайн дарга асан Д.Дамбапэлжээ “Тухайн үед ЗХУ-ын мэргэжилтнүүд төвийн бүсийн найдвартай үйл ажиллагааг хангахад тав дахь эх үүсвэрийг барих шаардлагатай. Гол нь, уурхайгаа түшиглэн байгуулбал эдийн засгийн ашигтай гээд хангамжийн баазын хашаа, ажилчдын байрны барилгынхаа суурийг тавьсан юм. Ингээд ардчилал гараад ЗХУ-ын хөрөнгөөр баригдах тав дахь эх үүсвэрийн сураг ч алдарч, одоо шав тавьсан газар нь хоцорсон. Тухайн үед боломжтой гэж үзсэн байсан ч одоо яахыг хэлж мэдэхгүй юм” гэв. Хэдийгээр салбарынх нь мэргэжилтнүүд тээврийн зардалд хэмнэлттэй ч, дулааны шугам тавихад зардал ихтэй гэж эмээх ч буцах замгүй бол сонгохоос өөр аргагүй болж мэдэх юм. Эсвэл салбарынхаа сайн, мууг андахгүй тэд өөр гарц ч хайж байгааг хэн мэдлээ.
Ямартай ч, эхний ээлжинд Хөлийн голын хөндийн газрын байгаль орны үнэлгээ гараг. Түүний дараа яах вэ гэдэг нь шийдэгдэх биз. Гэхдээ нэгийг бодож, хоёрыг тунгаасаар байтал 2015 он хаяанд тулах нь. Байгаа хэдэн дулааны цахилгаан станцууд нь элгээрээ хэвтвэл яана аа. Судалгаагаар нийслэл болон Монгол Улсыг хөгжүүлэх төлөвлөгөө, хөтөлбөрүүдийн дагуу 2020 он хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын дулааны хэрэглээ 1000 гаруй Гегакалори, цахилгааны хэрэглээ 700 гаруй Мегаваттаар өсөх тооцоо гарчээ...