Эрчим хүч манай улсын хамгийн чухал хэрнээ хамгийн их алдагдалтай ажилладаг салбар. “Цахилгаан дулааны үнэ нэмж болохгүй шүү” хэмээн дээрээс байнга үүрэг өгдөг учраас алдагдалгүй ажиллах хэцүү хэмээн тус салбарын бодлогыг тодорхойлж явсан үе үеийн сайд нар нэгэнтээ хэлж байсан. Харин энэ удаа эл хариуцлагатай салбарыг УИХ, Засгийн газрын гишүүн М.Сономпил толгойлж байна. Түүнтэй салбарынх нь өнөөгийн байдал, цаашид хэрхэн ажиллах талаар болон цаг үеийн бусад асуудлаар ярилцлаа.
-Ажлаа аваад багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд салбартаа эхлүүлсэн томоохон ажлаас тань яриагаа эхэлье?
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад нэлээд хугацаа өнгөрлөө. Манай кабинетийнхэн ирэх дөрвөн жилд ажиллах мөрийн хөтөлбөрөө гаргаж, УИХ-аар оруулж батлуулсан. Үүн дотор манай салбарт хийх ажлын чиглэл ч бий. Тухайлбал, бид сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх талаар маш тодорхой тусгаж өглөө. Монгол Улс өнөөдрийн байдлаар цахилгаан, эрчим хүчний хомсдолтой байна. Тиймээс цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг шинээр байгуулах нь юу юунаас илүү чухал байгаа.
-Эрчим хүчний салбар сүүлийн жилүүдэд маш их алдагдалтай ажиллаж байгаа. Алдагдлаа нөхөхийн тулд ямар ажил хийж эхэлсэн бэ?
-Энэ бол харьцангуй ойлголт. Алдагдалтай ажиллаж байна гээд үнэ тарифыг нэмэх ёстой гэсэн ойлголт энэ салбарынхны дунд бий болчихсон. Ер нь, эрчим хүчний үйлдвэрүүдийн үнэ дэлхийн зах зээлээс үнээс доогуур байгаа нь үнэн. Тиймээс уг үйлдвэрүүд оны өмнөхөн үнэ тарифыг нэмэх хүсэлтээ ирүүлсэн. Гэхдээ үнэ нэмэхийн тулд биш бид дотоод нөөц бололцоогоо ашиглан менежмэнт хийж, зардлаа багасган алдагдлыг нөхөх талаар ярилцаж байна. Энэ асуудлыг эрчим хүчний зохицуулах хорооныхон Мэдээлэл технологийн газартай хамтран судалж байгаа юм. Ямартай ч бид энэ ондоо дотоод нөөц бололцоогоо ашиглан хэмнэлт хийж, цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй гэж бодож байна.
-УИХ-ын өнгөрсөн сонгуулийн өмнө цахилгаан, дулааны үнийг нэмэх гэж байсан ч сонгуультай холбогдуулан болиулж, ирэх сарын 1-нээс нэмэхээр болсон. Гэтэл энэ жил Ерөнхийлөгчийн сонгууль болох учраас үнэ нэмэх асуудлыг дахин хойшлуулахаар болсон гэж сонссон. Энэ хугацаанд тус салбарт гарсан алдагдлыг яах юм бэ?
-Манай салбар энэ жилийг эрчим хүчний хэмнэлтийн жил болгон зарласан. Тиймээс хэмнээд үнээ нэмэхгүйгээр ажиллана. Нөөц бололцоо бидэнд бий. Дотоод зардлаа багасгачихаар нэг их алдагдалд орохгүй байх.
-Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлсэн гэсэн. Бусад цахилгаан станцуудын хүчин чадлыг хэрхэн нэмэх вэ. Нөгөөтэйгүүр эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох тал дээр танай яам хэрхэн ажиллаж байгаа бол?
-Өнгөрсөн арваннэгдүгээр сард Засгийн газрын тогтоол гарч ТЭЦ- IV цахилгаан станцад 100 мВт-ын турбин суурилуулж хүчин чадлыг нь нэмэхээр болсон. Энэ ажил одоо хэрэгжээд явж байна. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш жил гаруй буюу 16 сарын дараа үр дүнгээ өгөх юм. Зөвхөн 100 мВт ч биш 180 Ккал дулаан ялгаруулах юм. Нийслэл дулааны дутагдалтай байгаа нь үнэн. Энэ төсөл ирэх оны зургадугаар сард дуусна. Улаанбаатарын зүүн хэсэгт дулааны хомсдол их бий. Тиймээс Засгийн газрын шийдвэрээр хотын зүүн хэсэг буюу Амгаланд шинэ цахилгаан станц барихаар болсон. Энэ ажил эхлээд явж байна. УС-15 гээд 1970-аад онд баригдсан хуучнаар уурын зуух байсан газарт барих юм. Түүнийг дулааны станц болгож өргөтгөнө гэсэн үг л дээ. Төмөр зам, дэд бүтэцтэй бэлэн газар. Ирэх сард гэрээний ажил дуусч, дөрөвдүгээр сараас ажлыг нь эхлүүлэхээр төлөвлөсөн.
Олон жил яригдсан шинэ эх үүсвэрүүдийн асуудал шинэчлэлийн Засгийн газрын дөрвөн жилд биеллээ олно. V цахилгаан станц барихаар газар байршлыг нь сонгочихоод байгаа. Үүнээс гадна Тавантолгойн цахилгаан станц барих ТЭЗҮ бэлэн болсон. Мөн Оюу толгой, Тавантолгойд цахилгаан эрчим хүч өгөх зорилгоор 300 мВт-ын хүчин чадалтай цахилгаан эрчим хүчний үйлдвэр барих ажлыг эхлүүлэх юм.
-Дээр дурьдсан ажлууд хэзээ дуусах вэ. Бондын хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжинэ биз дээ?
-Цахилгаан станцын ажил эхэлснээс хойш 2.5-3 жилийн хугацаанд дуусгавар болдог. Гэхдээ бид гүйцэтгэгч компанийнхантай уулзаж, аль болох хурдан хугацаанд гүйцэтгэхийг шаардана. Бондын хөрөнгөөр санхүүжихээр болсон.
-Дулааны V цахилгаан станцыг барих газар ус намаг ихтэй гэж сонссон. Үүнээс өөр байршил сонгож болоогүй юм уу. Барьсны дараа ямар нэг хүндрэл гарах юм биш биз дээ?
-Баянзүрх дүүрэгт “Чулуутын ам” гэдэг газар барихаар болсон. Уг газрыг намаг, лаг шавар ихтэй, цэвдэгтэй гэж ярьж байгаа. Гүйцэтгэгч компанийнхан геологийн дүгнэлт гаргах байх. Цэвдэг битгий хэл далай дээр юм барьчихаж байгаа болохоор ямар ч байсан техни-кийн шийдлээ олчих байлгүй.
-Оюу толгойд эрчим хүч нийлүүлэхийн тулд манайх өдөрт БНХАУ-д хэдэн төгрөг төлж байна вэ?
-Өмнө нь бид Оюу толгойн эрчим хүчийг өөрийн дизель станцаар хангаж байсан. Харин өнгөрсөн арваннэгдүгээр сараас Өвөрмонголын Баянмонгол аймгаас дунджаар 40-60 мВт-ын эрчим хүч авч байна. Өнөөдрийн байдлаар жилд зарцуулах эрчим хүчний төлбөр гараагүй байгаа. Гэхдээ урьдчилсан байдлаар 100-110 сая ам.доллар зарцуулах тооцоо гарсан. Одоо хийж буй гүйцэтгэлээр нь тооцоход ийм тоо гарч буй. Оюу толгойн оргил ачааллын үе хараахан болоогүй байгаа шүү дээ.
-Хөвсгөлийн Могойн голд барих цахилгаан станц юу болсон бэ?
-Өмнөх Засгийн газрын үед Могойн голын нүүрсний уурхайг түшиглээд Хөвсгөлд барих гэж байсан ч байршил нь өөрчлөгдсөн. Одоо Завханы Тэлмэнд байгуулахаар болоод байгаа. Гэрээ хэлцэл нь хийгдчихсэн учраас гүйцэтгэгч компанийнхан ирэх хавраас ажилдаа орох байх.
-Энэ станц ашиглалтад орсноор баруун аймгуудыг эрчим хүчний хараат байдлаас гаргах боломжтой юу?
-Баруун бүсэд 100 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц ашиглалтад орох юм. Ингэснээр баруун аймгуудын эрчим хүчний хэрэглээнд томоохон түлхэц болно. Бүрэн хангагдана гэж хараахан хэлж чадахгүй. Гүйцэтгэгч компани 2.5 жилийн дараа ашиглалтад оруулна гэж ярьж байгаа.
-Ойрын хугацаанд хоёр хөршөөс импортолж байгаа эрчим хүчийг багасгах боломж бүрдэх үү?
-Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд, V цахилгаан станц, Тавантолгойн станц ашиглалтад орчихвол хоёр хөршөөс эрчим хүч авах шаардлагагүй болно. Гэхдээ хараахан бүрэн гүйцэд гарч чадахгүй л дээ. Нөгөөтэйгүүр цахилгааны шинэ эх үүсвэр ашиглалтад ороогүй нөхцөлд байнга хараат байсаар л байна. Манай улс ихэвчлэн ОХУ-аас эрчим хүчээ импортоор авдаг. Өмнөд хөршөөс өнгөрсөн арваннэгдүгээр сараас авч эхэлсэн. Оюу толгойгоос гадна Цагаан суварга, Тавантолгой, Даланзадгад руу шугам татчихвал тийшээ эрчим хүч авах боломжтой.
-Та МҮАН-ын гишүүн. Танай нам МАХН-тай нэгдэж “Шударга ёс” эвсэл байгуулан УИХ-ын сонгуульд оролцож улмаар АН-тай хамтарч Засгиййн газар байгуулсан. Гэтэл МАХН, МАН-тай нэгдэнэ гэж ярих боллоо. Хэрэв нэгдсэн тохиолдолд эвсэл задрах уу?
-МАХН, МАН хоёр нэгдэнэ гэж ярьж байна. Бид нөхцөл байдлыг хараад сууж байгаа. Хоёр намын яриа хэлцэл юу болохыг харж байгаад манай нам дуугарах байлгүй дээ. Хоёр нам нэгдэх тухай яриа “Шударга ёс” эвсэл болон МАХН, МҮАН-ын төвшинд яригдах байх. Ингэсний дараа шийдвэр гарна гэж бодож байна. Харин МАХН, МАН нэгдэх нь тухайн намын дотоод асуудал учраас нэгдэх эсэх нь тэдний хэрэг.
-МҮАН-ын бүгд хурал хэзээ болох вэ. Танай нам хамтарсан Засгийн газраас гарна гэж байсан шүү дээ. Энэ асуудал юу болсон бэ?
-Уламжлал ёсоор шинийн 8-нд болдог юм. Улс төрд үүсээд байгаа зарим нөхцөл байдлыг хараад хойшилж байх шиг байна. Намын удирдлагууд Бүгд хурлаа хийхийг нэг их яарахгүй байгаа бололтой. Засгийн газраас гарах эсэх талаар ярьсан зүйл байхгүй. Би лав сонсоогүй юм байна.