11 төрлөөр Оскарт дэвшээд ганц ч үгүй хоцорсон кино
Оскарын наадамд гайхмаар олон төрөлд нэр дэвшсэн атлаа ганц ч номинацад нь ялж чадаагүй хоёр кино бий. 1985 онд дэлгэцэнд гарсан “Ягаан өнгө” болон 1977 онд гарсан “Эргэх цэг” хэмээх хоёр кино хоёулаа тухайн жилийнхээ Оскарт 11 төрөлд нэр дэвшээд ганцыг нь ч авч чадалгүй хоцорсон удаатай.
11 төрөлд нэр дэвшээд бүгдэд нь Оскар хүртсэн кино
Тэгвэл энэ хоёр шиг 11 төрөлд нэр дэвшээд бүгдэд нь ялж, Оскар хүртсэн гайхамшигтай тохиолдол ч бий. Тэр бол Петер Жексоны алдартай “Бөгжний эзэн: Хаан эргэж ирсэн нь” юм. 2003 онд дэлгэцэнд гарсан энэ кино шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг зохиолоос эхлээд шилдэг дуу, визуаль эффет, хувцас дизайн, нүүр будалт гээд 11 төрөлд Оскар хүртэж, ганзага дүүрэн харьж байсан билээ.
20 удаа Оскарт нэр дэвшээд ганц ч удаа ялаагүй хүн
Түүнийг үнэндээ азтай гэж хэлэхэд хэцүү бас азгүй гэхэд ч хэцүү хүн. Холливудын ертөнцөд саунд микс хийдгээрээ гаршсан Кевин О’Коннел нийтдээ 20 удаа Оскарын шагналд нэр дэвшсэн атлаа ганцыг нь ч өөрийн болгож чадаагүй юм. Тэрээр хамгийн анх 1983 онд “Terms of Endearment” хэмээх киноны ажлаараа Оскарт нэр дэвшиж байсан бол хамгийн сүүлд 2007 онд “Transformers” киногоор нэр дэвшжээ. Гэхдээ энэ мэдээж, түүний сүүлчийн удаа нэр дэвшсэн Оскар хараахан биш биз ээ.
Кевин О’Коннелын хувьд ийнхүү Оскарын тэнгэр нь хаясан мэт байдаг бол өөр нэг дууны найруулагчийн хувьд од нь гийсэн мэт дөрвөн ч удаа хүртэж байжээ. Дууны найруулагч Марк Бергер дөрвөн удаа Оскарт нэр дэвшээд, дөрвүүлэнд нь өөрийн болгож байжээ.
Хамгийн олон Оскар хүртсэн хүн- Уолт Дисней
Оскарын түүхэнд хамгийн олон алтан хүн авсан хүн бол яах аргагүй домогт Уолт Дисней юм. Тэрээр гялалзсан карьерынхаа туршид 22 Оскар хүртсэн түүхтэй. Ингэхдээ бүр нэг жилд дөрвөн шагнал хүртсэн тохиолдол ч бий.
Зохиол, найруулга, шилдэг киноны гурван төрөлд Оскар авсан цорын ганц тохиолдол
Алдарт Билли Уайлдер 1960 онд “The Apartment” киногоор шилдэг зохиол, найруулагч, продюсер гэсэн гурван гол төрөлд хүртэж байжээ.
Гэр бүлээрээ 86 удаа Оскарт нэр дэвшсэн Ньюманыхан
Холливудын түүхэнд Ньюмэнийхэн хэмээх гэр бүл үе үеэрээ дуурсагдсаар ирсэн байдаг. Энэ гэр бүлээс кино урлагтай хамгийн анх холбогдсон Альфред Ньюман 45 удаа Оскарт нэр дэвшиж, есийг нь хүртсэн байдаг. Ньюманыхан бол “Нисэх буудал”-аас эхлээд олон арван алдартай кино зохиол бичсэн кино зохиолоор дагнасан хүмүүс юм.
Кинонд ердөө хоёр минут тоглоод л Оскар авсан жүжигчин
Английн жүжигчин Гермойн Бадделэйн “Room At the Top” кинонд тоглосон туслах дүр нь дэлгэцэнд ердөө хоёр минут 32 секунд л гардаг. Гэвч энэ богинохон хэмжээний жүжиглэлт нь түүнд Оскарт авчирсан түүхтэй.
Хамгийн удаан үргэлжилдэг Оскарын шагналт кино
Оскарын шагнал хүртсэн кинонуудаас хамгийн удаан үргэлжилдэг нь 1939 онд бүтээсэн “Салхиар туугдагсад” кино юм. Энэ кино 238 минут үргэлжилдэг юм. Тэгвэл үүнээс ч олон цагаар үргэлжилдэг өөр нэг кино Оскар хүртсэн нь ЗХУ-ын үед бүтээсэн “Дайн ба Энх” юм. Гадаад хэл дээрх шилдэг киноны төрөлд Оскар болон Алтан бөмбөрцөг хүртсэн энэ кино 431 минут буюу долоон цаг гаруй үргэлжилдэг. Дашрамд сонирхуулахад, гадаад хэл дээрх шилдэг киноны төрөлд хамгийн олон Оскар авсан орон бол Франц юм. Францчууд 36 удаа нэр дэвшээд есөн удаад нь ялсан байна.