Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг баталлаа

Монгол Улсын 2010 оны экспортын бүтээгдэхүүний 83.2 хувь нь технологийн багтаамжгүй бүтээгдэхүүн, 15.1 хувь нь нам технологит бүтээгдэхүүн, 0.02 хувь нь өндөр технологит бүтээгдэхүүн эзэлж байжээ. Арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл нь нам технологит бүтээгдэхүүнд багтдаг бөгөөд нийт экспортод 1.1 хувийг эзэлж байна. Арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс ширэн бүтээгдэхүүний экспорт 2007 онтой харьцуулахад 2011 онд 17 хувиар өссөн бол импортын хэмжээ ч мөн сүүлийн 5 жилийн хугацаанд 81.4 хувиар өсчээ.
Улсын хэмжээнд арьс ширний үйлдвэрлэлийн салбарт 30 гаруй боловсруулах үйлдвэр, 80 гаруй бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүд ажилладаг байна. Манай улсад жилдээ бод, бог малын 10.3 сая ширхэг арьс бэлтгэгддэгээс 74.2 хувь нь түүхий болон анхан шатны боловсруулалт хийгдсэн байдлаар БНХАУ-руу экспортлогдож байна. Үлдсэн 25.8 хувийг нь үндэсний үйлдвэрлэгчид боловсруулж байгаагийн 40 гаруй хувийг европын стандартаар боловсруулж, Итали, Испани, Турк, Өмнөд Солонгос зэрэг 10 гаруй улс оронд экспортолж байгаа юм. Жилд бэлтгэгддэг түүхий эдийн нийт үнэ зах зээлийн ханшаар 151.6 тэрбум төгрөг бөгөөд үүний 38.2 тэрбум төгрөгийн түүхий эдийг үндэсний үйлдвэрлэгч нар авч, 113.4 тэрбум төгрөгийн түүхий эдийг БНХАУ-ын зах зээлд нийлүүлж байна. Арьс ширийг дотооддоо хагас боловсруулахад өртөг 1.4 дахин, гүйцэд боловсруулахад 2.3 дахин, эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 5 дахин нэмэгдэх юм. Дөрвөн зуугаад мянган ширхэг адууны ширийг боловсруулалт хийж, экспортолвол 60 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой.
Олон улсын туршлагаар хөгжингүй орнууд, тэр дундаа Евро бүсийн орнууд үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, иргэдийн эрүүл ахуйн байдлыг хангах зорилгоор стандарт, техникийн зохицуулалтыг тогтоож өгсөн байдаг. Нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг өргөжүүлэх, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, зохих стандартын дагуу боловсруулалт хийгдээгүй бүтээгдэхүүн хил дамнуулан гаргахаас сэргийлэх зорилгоор бүх төрлийн арьс ширийг идээлж боловсруулсан болон мөн түүнээс цааш гүйцэд боловсруулсны дараа зах зээлд нийлүүлэх, экспортлох техникийн зохицуулалтыг Засгийн газрын тогтоол гаргаж, баталлаа.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан