Сангийн яамнаас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Төрийн банкаар дамжуулан олгож буй зургаан хувийн хүүтэй зээлийн хүрээнд 30 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг өнгөрсөн сард шийдвэрлэж өгсөн билээ. Энэ хүрээнд ОССК-ын шаардлагыг хангаж, Төрийн банкны зээлийн босгыг давсан ч санхүүжилтгүйгээс гацсан иргэдийн орон сууцны зээлийн материалыг шийдвэрлэж өгнө хэмээн Хөгжлийн банкны удирдлагууд хэлж байсан. ОССК-ын дэд захирал Д.Оюунжаргалын хэлснээр нийтдээ 2500 иргэний материал бий. Гэвч хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн байхад яагаад өнөөг хүртэл хүсэлтийг нь шийдвэрлэхгүй байгааг Төрийн банкны мэргэжилтнээс асуухад “Манайх зээлийн шаардлага хангасан хүмүүсийн материалыг нягталж байна. Шаардлага хангасан гээд шууд зээл олгохгүй шүү дээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл манай удирдлагаас асуу” гэв. Ямартай ч, тус банкны зээлийн шалгуурыг давсан 2500 иргэнээс захиалга өгсөн барилгын компанийнх байр нь 100 хувь ашиглалтад орсон, зээл олговол нүүгээд ороход бэлэн хүмүүсийнхийг нь эхлээд шийдвэрлэх юм байна.