“Үйлдвэржилтийн шинэ эрин ноолуурын салбарыг хөгжүүлэх нь” сэдвийн дор тус салбарын нийт ажилчид, инженер техникийн болон удирдах ажилтнууд өчигдөр чууллаа. 2011 онд ноолуурын салбарт төр засгаас тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй эргэн төлөгдөх хугацаа урттай зээлийн бондоор дэмжлэг үзүүлснээр өнгөрсөн онд салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хэмжээ 30 орчим хувиар өсчээ. Түүгээр ч зогсохгүй үйлдвэрийн байраа өргөтгөх, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэг боломжийг аж ахуй нэгжүүдэд олгосон гэдгийг салбарынхан ам уралдан ярьцгааж байлаа. Чуулганы үеэр ноолуурын салбарынхан “Монголын тансаг ширхэгт” нэгдсэн нэг брэндийн дор хамтран ажиллаж эх орныхоо ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц чадвартай болгоно гэдгээ зарласан юм. 2017 он гэхэд монголд жилд бэлтгэгдэх бүх ноолууран түүхий эдээ 100 хувь боловсруулах төр засгийн бодлогыг бодит амьдралд хэрэгжүүлж 20 мянган хүнийг ажлыг байраар хангах зорилго тэд тээж яваа аж. Гэхдээ сайн бүхний хажуугаар саад бэрхшээл олон байгааг хэллээ.
Түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлт санхүүгийн бэрхшээлээс өнөөг хүртэл хараат байгааг хэллээ. Энэ жилийн хувьд өвөлжилт хүндэрч зуд болсноос шалтгаалан бэлтгэх ноолуурын хэмжээ ихээхэн буурах төлөвтэй байгаад ноолуурын салбарынхан эмээж байгаа гэв. Хятад улс ямааны тоо толгойгоо бууруулан томоохон үйлдвэрүүдээ түүхий эдээр баталгаатай хангах, ажлын байраа хадгалж үлдэхийн тулд манай улсаас ноолуурынхаа дийлэнх хувийг импортлох бодлого барьж байгаа нь үйлдвэрлэгчдэд өмнөх жилүүдийнхээс илүү хүндрэл учруулж болзошгүй гэдгийг ярьцгаасан юм.
Ноолуурын салбарын ажилчид Засгийн газар, ҮХААЯ-нд хэд, хэдэн санал хүргүүлж шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ. 2011 оноос ноолуурын салбарыг төр засгаас 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл үзүүлсэн байгаа ч цаашид нэмэгдүүлэх шаардлагатай гэв. Ноолуур боловсруулах салбарын цаашдын тогтвортой хөгжлийг хангахын тулд жил бүр 300-500 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгох хүсэлтийг үйлдвэрлэгчид гаргаж байна. Үйлдвэр компаниудад техник технологийн шинэчлэлийг эрчимтэй хийх боломж олгохын тулд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нэхмэлийн аж үйлдвэр хөгжсөн орнуудтай “лизингийн төлбөр, тооцоо, хүү”-г хөнгөвчлөх талаар гэрээ хэлэлцээр байгуулах шаардлагыг тусгажээ.
Европын холбооны улсуудад бараа бүтээгдэхүүний квоттой боловч хамтарч ажиллах сүлжээ байхгүй учраас Гадаад харилцааны яамыг эдийн засагжуулах бодлогыг эрс эрчимжүүлэх гадаадад суугаа элчингийн газруудаас туслалцаа хүслээ. Үндэсний үйлдвэрүүдэд үйлдвэрлэдэг ижил төрлийн бараа, бүтээгдэхүүний импортын татварыг 20-30 хувиар тогтоох, 50-иас дээш хувийг бэлэн бүтээгдэхүүнээр экспортолдог үйлдвэр аж ахуй нэгжийн орлогын татварт хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй гэв. Үүнээс гадна угаасан /бохир/ ноолуурыг экспортын татвартай болгох эсвэл экспортлохыг хориглох, технологийн чиглэлийн их дээд сургууль, коллежид суралцаж байгаа ноолуурын салбарт ажиллагсадын хүүхдүүдийн сургалтын зардлыг төрөөс санхүүжүүлдэг болгох, хөдөлмөрийн хуульд ажлын зургаан өдөрт болгох чиглэлээр өөрчлөлт оруулах санал нэмжээ. Мөн Орос, Хятадын гааль, импортын татварын хэмжээг бууруулах ажиллагааг эрчимтэй явуулах. Алтанбулагийн чөлөөт бүсийг нэн яаралтай ажиллагаанд оруулж Орос иргэдэд энэ бүсэд чөлөөтэй нэвтрэх боломж олгох зэрэг асуудлыг шийдвэрлүүлэхээр өргөн барьж байгаа юм байна.