Орон сууцны үнийн талаар ШӨХТГ, ОССК хамтран өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн судалгаа явуулсан билээ. 21 аймаг, нийслэлийн хэмжээнд явуулсан судалгаагаар аймаг тус бүрд зохимжтой өртөгийг нь гаргажээ. Ингээд орон сууцны нэг ам.метр нь нэг сая төгрөгөөс хэтрэхгүй байх бүрэн боломжтой гэж тогтоожээ.
Иймээс цаашдаа барилгын ам.метрийн үнийг навс хямдруулж, нэг сая төгрөгт барина гэсэн том амлалтыг ШӨХТГ-ын дарга О.Магнай өглөө.
Тэрээр “Нью-Йоркийн хамгийн тансаг дүүргийн байр ам.метр нь 6000-7000 ам.доллар байхад Улаанбаатарын шороонд баригдсан нь 5000 ам.долларын үнэтэй гэдэг зүгээр л хөөс. Одоо хөөсийг хагалж, бодит үнийг тогтооно. Судалгааны үр дүн ийм гарлаа гээд өнөө маргаашгүй орон сууцны үнэ буучихгүй нь мэдээж.
Манайхаас барилгын компани бүрт үнэ буулга гэх боломжгүй. Харин хямдхан орон сууц ашиглалтад ороод эхлэхээр аяндаа үнэ нь буурна” гэв.
Өмнөх Засгийн газраас орон сууц худалдан авах иргэдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгосноор барилгын компаниуд нийлүүлэлтээ дийлэхээ болингуут үнээ өсгөж эхэлсэн. Харин одоо эсрэгээрээ Монголбанкнаас барилгын компаниуд хөнгөлөлттэй зээл олгон нийлүүлэлтийг нь ихэсгэх замаар үнийг нь бууруулахаар болжээ. Барилга хот байгуулалтын яам, ШӨХТГ, барилгын компаниуд хамтарсан гурван талт гэрээ хийж, орон сууцны үнийг нэг саяас хэтрүүлэхгүй байх гарын үсэг зурж эхлэх нь ээ. Нью-Йоркод тансаг зэрэглэлийн байшингууд 6000 ам.долларын үнэтэй байхад манайд Зайсан дахь орон сууц 5000 ам.доллар байх жишээтэй. Иймд тансаг зэрэглэлийн орон сууцнуудад татвар ногдуулахаар судалгааны ажил хийж байгааг ч тэрээр хэллээ. “Тансаг зэрэглэлийн байшингууд хэд байх нь хамаагүй. Иргэдэд худалдаж авах эрх нь нээлттэй.
Гэхдээ бусдаас илүү орлого олж байгаа хүмүүс яагаад татвар төлж болохгүй гэж. Францад баячуудадаа 75 хувийн татвар ногдуулаад жүжигчин Жерард Депардье ОХУ-ын иргэн болж байгаа биз дээ” гэдгийг ч нэмж хэллээ. Хямдхан орон сууцны эхлэл болгон ОССК “Буянт-Ухаа” хорооллыг ашиглалтад оруулах гэнэ. Эхний ээлжийн орон сууцнуудыг ирэх есдүгээр сард 950 мянган төгрөгийн үнэтэйгээр түлхүүрийг нь гардуулан өгнө хэмээн ОССК-ын захирал А.Гантулга мэдэгдлээ.
Ингээд энэ талаар зарим зүйлийг тодрууллаа.
-“Буянт-Ухаа” хороололд хэчнээн орон сууц ашиглалтад орох вэ?
-ОССК-иас 28 ширхэг есөн давхар, 1764 айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Эхний ээлжийн 950 мянгаар үнэлэгдэх орон сууцны гүйцэтгэл нь 85 хувьтай байна гэсэн юм.
-Дараа, дараагийн ээлжинд орох орон сууцнуудын үнэ тогтвортой байж чадах уу?
-Сүүлд ашиглалтад орох орон сууцнуудын хувьд нэг сая төгрөгөөс хэтрэхгүй. Цаашдаа барихаар төлөвлөсөн маш олон хороолол байгаа. Зах зээлд нэг сая төгрөгийн үнэтэй орон сууц байсаар байхад иргэд үнэтэй рүү нь хошуурахгүй биз дээ.
-Орон сууцны үнийг хямд байлгахын тулд компаниуд барилгынхаа чанартыг орхигдуулчихгүй байгаа?
-Зайсанд барьж байгаа орон сууц Баянхошууны гэр хорооллын байшинтай адилхан хятад цемент, дотоодын үйлдвэрийн тоосго хэрэглэж байгаа шүү дээ. Үнэ дагаад чанар байдаг. Гэхдээ одоо зах зээлд орон сууцны чанараас илүүтэй үнийн хөөс үүссэн шүү дээ.
-Барилгын компаниудын хувьд газраа үнэтэй авдаг учраас орон сууцны ам.метр талбайн үнэ өндөр байгаа гэдэг тайлбар өгдөг. Үүнийг яаж зохицуулах вэ?
-Би нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч болохоороо үүнийг сайн мэдэж байна. Өмнө нь иргэдээс газрыг нь чөлөөлж авахдаа хулхидчихсан байхгүй юу. Байраар солино гэхчихээд үлдсэн 30-40 сая төгрөгийг нь зээл маягаар олгочихсон байсан. Одоо бол шууд л байраар солиод ямар нэгэн зээл төлөхгүй журмаар иргэдээс газрыг нь авна. Яармагийн дөрөвдүгээр хорооны 120 айлын газрыг чөлөөлүүлэхийн тулд иргэдтэй нь нэг бүрчлэн уулзаж, санал бодлыг нь сонссон. Ихэнх нь 50-100 ам.метр квадрат байраар газраа сольж болж байна гэсэн. Тухайн 120 айлын газар нийтдээ 5.8 га газар болж байгаа. Гэтэл 2.3 га газарт л хангалттай хэмжээний орон сууц босчихно. Үлдсэн 2.5 га газарт компаниуд сургууль, цэцэрлэгээ барина уу ямар ч гэсэн сул ороод ирнэ. Цаашид ийм журмаар төр болон хувийн хэвшил, иргэд аж ахуй нэгжтэй хамтарч ажиллана.