Өнөөдөр ХБНГУ-ын Берлин хотноо найруулагч Вон Кар Вайгийн “Их мастер” киног толилуулснаар Берлиний олон улсын киноны 63 дахь наадам эхэллээ. Энэ наадамд дэлхийн 70 орны 400 гаруй кино үзүүлэх юм. Наадмын үндсэн хөтөлбөрт 19 зураг орж байгаагийн тавыг нь уралдаанаас гадуур үзүүлэх юм байна. Шилдэг киноны “Алтан баавгай” шагналын төлөө Ираны найруулагч Жафар Панахийн “Хаалттай хөшиг”, Германы Томас Арсланы “Алт”, Боснийн Данис Тановичийн “Төмөр хулгайчийн амьдралын нэг төрх”, Америкийн Стивен Содерберг болон Гаса Ван Сентийн бүтээлүүд өрсөлдөнө. Хоёрдугаар сарын 16-нд шүүгчид дүнгээ гаргаж “Алтан баавгай” шагналын эзнийг тодруулах юм. Жил бүр болдог Берлиний наадам 1951 онд анх зохиогдож “Берлиний баавгайнууд” хэмээх шагнал өгч байсан юм.