Шатахууны хангамжийг тогтвортой байлгах, жижиглэнгийн үнийг өсгөхгүй арга хэмжээ авч импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээл олгоод байгаа. Урьд нь шатахуун импортлогч компаниудын зээлийн хүүний зардал найман хувь байж. Харин хөнгөлөлттэй зээл олгосноор энэ зардал нь дөрвөн хувь болон буурчээ. Үүнээс гадна шатахууны нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч буй. Улс болон импортлогч компаниудад 40 хоногийн нөөц байв. Нөөц нэмэгдүүлснээр 60 хоног байхаар тогтсон. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийтдээ 62 хоногийн шатахууны нөөцтэй болсон байна.
Уул уурхайн дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид саяхан ОХУ-д айлчилсан. Тэгэхдээ “Роснефть” компанийн удирдлагуудтай уулзжээ. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ харьцангуй тогтвортой байна. Иймд ОХУ-ын Засгийн газар сүүлийн дөрвөн сарын дотор газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвараа бууруулжээ. Гэвч хойд хөршийн төв банкны хийсэн судалгаагаар манай улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүн бусад оронд өгдөг үнээс тонн тутамдаа 300 ам.доллараар өндөр байгаа аж. Тэгээд Монголын тал ОХУ-д хэд хэдэн санал тавьсан байна. Тухайлбал, хоёр орны газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг шинэчлэх санал гаргав. Ингээд уг гэрээнд газрын тосны үнийг зургаан сарын хугацаанд тогтвортой байлгах, санхүүгийн форворд, фьючерс, хеджинг ашиглаж төлбөр тооцоогоо хийх асуудал хөндсөн байна. Мөн газрын тос байгуулах төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой “Роснефть” компанитай хамтран ажиллах санал гаргасан аж. Үүнд, жилд хоёр сая тонн газрын тос тус компаниас худалдан авах тухай ч ярилцжээ. Оросын тал манай тавьсан саналыг хүлээн авч газрын тосны бүтээгдэхүүний үнийг эргэн харах, бусад асуудлыг судалж үзээд хариу өгөхөөр болсон байна.
2015 онд газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орох нь
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт жилд хоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар тусгасан. Төрийн өмчийн оролцоотой энэ үйлдвэрийг 2015 он гэхэд барьж дуусгах тухай Засгийн газрын тогтоол гарсан билээ. Энэ сард багтааж зээл авах, түүхий эдийн хангалтын талаар хэлэлцээр хийх, төрийн өмчийн оролцооны хувь хэмжээг тогтоохоор ажиллаж буй аж. Энэ үйлдвэрийг Япон улсын хамтын ажиллагааны банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, тус улсын “Тоёо инженеринг” корпорацын технологиор барина. Ингэснээр олон улсын чанар, стандартад нийцсэн бензин, дизелийн түлш, битум, мазут, шингэрүүлсэн хий зэрэг зургаан нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Засгийн газар нийт есөн компанийн газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг судалж үзээд дээрх компанийг сонгожээ. Уг үйлдвэрийг Дарханд барихаар төлөвлөж байгаа. Тус үйлдвэр ашиглалтад орсноор шатахууны үнэ 6-8 хувиар буурна. Ингээд анх оруулсан хөрөнгөө дөрвөн жилийн хугацаанд нөхөх тооцоо гарсан билээ. Үүнээс гадна Дорнодын Тамсагт бас газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах тухай яриа ч бий. Монгол Улс 2011 онд 2.5 сая баррель газрын тос экспортолсон. Энэ хэмжээ сүүлийн жилүүдэд өссөөр ирсэн. Тухайлбал, өнгөрсөн онд 3.38 сая баррель газрын тос экспортолж, 104 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Иймд зарим эдийн засагч Тамсагт газрын тос боловсруулах дундаж хүчин чадалтай үйлдвэр байгуулах ёстой хэмээж буй. Ямартай ч, олон жил яригдсан газрын тос боловсруулах үйлдвэрийн сураг гарлаа. Ирэх жилүүдэд ярианаас цаасан дээр, цааснаас газар дээр босох нь.