Японы машин үйлдвэрлэлийн Toyota корпораци өөрийн үйлдвэрлэсэн Toyota болон Lexus маркийн 1.3 сая машинаа янз бүрийн гэмтлээс болоод зах зээлээс эргүүлэн татах болсноо мэдэгдлээ. Компаний мэдэгдсэнээр энэ машинуудын ослын дэр нь хэрэгтэй цагт ажиллахгүй байгаа юм байна. Ослын 18 тохиолдолд жолооч, зорчигч ямар нэгэн хэмжээгээр бэртэл гэмтэл авч байжээ. Ингээд 2003 -2004 онд үйлдвэрлэж Япон, Канад, Мексикт худалдсан 752 мянган автомашиныг эргүүлэн татах болсон байна. Toyota маркийн машины энэ гэмтлээс болоод зөвхөн АНУ-д гэхэд л 55 сая ам.долларын хохирол учирчээ. Lexus IS машины хувьд шил цэвэрлэгч нь гацаж байгаа нь 2006-2012 онд үйлдвэрлэсэн 385 мянган машинд илэрсэн байна. Toyota компани энэ мэт шалтгаанаар сүүлийн дөрвөн сард гуравдахь удаагаа өөрийн машинаа зах зээлээс эргүүлэн татаж байгаа нь энэ. Өнгөрсөн оны аравдугаар сард гэхэд л жолоочийн талын хаалганы шил өргөх механизм ажиллахгүйгээс болоод 7.4 машинаа зах зээлээс татаж байсан бол 11 дүгээр сард жолооны удирдлага, усан насос зэргээс болж 2,7 сая машинаа худалдаанаас эргүүлэн авч байсан юм. Toyota корпораци өнгөрсөн онд энэ мэт зөрчлөөс болоод америкийн худалдан авагчдад тэрбум гаруй долларын нөхөн төлбөр төлөөд байгаа юм.