Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗЭЭЛИЙН ЗӨРҮҮГ ЦЭГЦЛЭЕ

Найз, хамаатан садангууд маань банк бус санхүүгийн байгууллагаас хэдэн төгрөг зээлсэн чинь хүү нь яваад үндсэн төлбөрөөсөө гарч чадахгүй нь хэмээн ярих болов. Үнэндээ арилжааны банкыг бодвол олон бичиг баримт шаардлагагүй, түргэн шуурхай болохоор иргэд ч хошуурдаг биз. Тэгээд ч мөнгөний хэрэг гарч яарсан үед хамгийн түрүүнд ББСБ-ыг зорьдог байх л даа. Судалгаагаар ББСБ-ууд улирлын чанартай болон баяраар хамгийн их үйлчлүүлэгчтэй байдаг гэнэ. Энэ ч утгаараа Цагаан сар дөхөж байгаа болохоор ч тэр үү  зээл авах иргэний тоо өсч, ачаалал нь  нэмэгджээ.

Дунджаар нэг банк бус санхүүгийн байгууллага  арав гаруй мянган харилцагчтай байдаг нь ч үүнийг илтгэх мэт. Иргэд “Цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа бидний хувьд банкнаас зээл авна гэдэг бүтэшгүй. Наад зах нь  цалингийн зээл авъя гэхэд өрхийн орлого, өрхийн гишүүдийн тоо, Засаг даргын тодорхойлолт гээд л бөөн бичиг цаас шаарддаг. Үүгээр ч зогсохгүй өмнө нь зээлээ хугацаандаа төлж байгаагүй бол муу зээлдэгч гэсэн нэр зүүчихээр бүр бүтэхгүй. Тиймээс хүү өндөр ч гэсэн ББСБ-ыг зорихоос аргагүйд хүрдэг” хэмээн ярьж байлаа.

Харин иргэд зээл авсныхаа дараа хүүндээ дарлагдаж, гэм нь урдаа гэмшил нь хойноо гэгч л болсоор байна. Нөгөө талаар, банкнаас 1.7-2 хувийн хүүтэй зээл аваад түүнийгээ хэд дахин өсгөж иргэдэд зээлээд байна уу гэсэн хардлага төрж байгаа юм. Уг нь, зах зээлийн зарчмаар хүү нь жигд л байх ёстой. Гэтэл зарим нь хоёр хувийн хүүтэй байхад нөгөө нь найм байх жишээтэй. Ёстой л тэнгэр, газар шиг.

Уг нь, Монголбанк бодлогын хүүгээ 0.75 хувиар бууруулсан. Гэсэн ч банк бус санхүүгийн байгууллагуудын хүүнд өөрчлөлт орсонгүй. Статистик харахад 2010 онд 182 банк бус санхүүгийн байгууллага байсан бол 2012 онд 212 болтлоо өсчээ. Энэ нь зөвхөн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй нь. Тэгвэл банк бус санхүүгийн байгууллагууд хөдөө орон нутагт хүртэл байгуулагдан иргэдэд сарын арван хувийн хүүтэй зээл олгосоор байна. Тэгэхээр ашигтай болоод л эдгээр байгууллага борооны дараахь мөөг шиг олширч буй хэрэг. Харин 200 гаруй банк бус санхүүгийн байгууллагад 1000 гаруй ажилтан албан хаагчид ажилладаг байна.


С.Чулуунтогтох: Манайх зээлийн хүүнд оролцдоггүй
 
БСББ-д хэрхэн хяналт тавьдаг талаар Санхүүгийн зохицуулах хорооны Бичил санхүүгийн газрын банк бус санхүүгийн байгууллагуудын хэлтсийн ахлах хянан шалгагч С.Чулуунтогтохоос тодрууллаа.

 -Өнөөдрийн байдлаар банк бус санхүүгийн хэдэн байгууллага үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Одоогоор улсын хэмжээнд 215 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаа.

-Шинээр хэр үүсгэн байгуулагдаж байна?
-Он гараад гурван банк бус санхүүгийн байгууллагад зөвшөөрөл олгосон.

-Банк бус санхүүгийн бай­гууллагуудад хэрхэн хяналт тавьдаг юм бэ. Иргэд ийм өндөр хүүтэй байгаа нь буруу гэх юм?
-Манайхаас хоёр жилд нэг удаа баримтын шалгалт тогтмол хийдэг. Мөн явцын дунд Монголбанк, цагдаагийнхантай хамтран шалгадаг. ББСБ-тай холбоотой гомдол байвал манайд хандаж болно.

-Танайхаас зээлийн хүүг хянах уу. Эсвэл тэдэн хувь байх ёстой гэсэн журам бий юү?
-Санхүүгийн зохицуулах хороо зээлийн хүүнд зохицуулалт хийдэггүй. ББСБ-уудын өөрсдийнх нь хэрэг. Манайд бүртгэлтэй санхүүгийн байгууллагуудын хүүг дунджаар  гаргахад доод тал нь 0.5, дээд тал нь найман хувийн хүүтэй байгаа. Зарим иргэн банк бус санхүүгийн байгууллагыг ломбардтай андууран ойлгох нь бий.

-Орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй ББСБ-ууд 10 хувийн хүүтэй зээл олгож байна шүү дээ?
-Тийм ээ. Гэхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос зохицуулалт хийх боломжгүй. Банк бус санхүүгийн олон байгууллага байгаа учир хүү нь хэт өндөр байвал өрсөлдөх чадварт нөлөөлнө. Тиймээс хэт өндөр хүү хэлдэггүй. Манайх хүү нь хэт өндөр байвал хянана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан