Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАХИД ХАСНАЙН: АШИГЛАЛТАД ОРСОН ЗАМ ОЛОН Ч ЗАСВАР ХИЙХГҮЙ БАЙНА

Дэлхийн Банкнаас “Төсвийн хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулан дэд бүтцийн сорилтуудыг даван туулах нь” сэдэвт тайлангийн үр дүнг өчигдөр танилцууллаа. Уг  тайланд Монгол Улсын бодлого боловсруулагчид төсвийн хөрөнгийг  төдийлөн үр ашигтай зарцуулж чадахгүй байна. Мөн эдийн засгийн тэргүүлэх салбарт хөрөнгө оруулалт дутуу хийдэг, ач холбогдол багатайд нь их мөнгө зарцуулж байгаа гэж үзжээ. Ингээд дээрх тайланг гаргасан Дэлхийн банкны мэргэжилтэн, судлаач Захид Хаснайнаас зарим зүйлийг тодрууллаа.

-Судалгаа хийсэн хүний хувьд та Монгол Улсын дэд бүтцийн хөрөнгө оруулалт ямар байна гэж үзэв ?

-Энэ тайланг гаргахдаа дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийхдээ хэрхэн зөв төлөвлөх, хаанаас эхэлж хөгжүүлэх вэ гэдэгт  анхаарлаа хандуулан ажилласан. Мөн ямар, ямар төсөл хэрэгжүүлэх нь чухалыг тодорхойлох гэж оролдлоо. Үүнд, хэрэгжүүлэх төслийн төлөвлөлт, тендер зарлах байдлыг судалсан. Тэгээд төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төслийн чанар муу, хурд нь удаан байна гэсэн дүгнэлтэд хүрлээ.  Мөн  дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийж, ямар нэг төсөл хэрэгжүүлэхэд ажиллах хүчин, инженерүүд  дутмаг юм. Иймд хөрөнгө оруулалтын чанараа сайжруулах, боловсон хүчин бэлтгэх шаардлага гарч байна. Уул уурхайн салбарт ажлын байр олноор бий болдоггүй. Тэгэхээр дэд бүтцийн хөгжилд анхаарч, хөрөнгө оруулалт зөв хийх нь чухал.
-Тэгэхээр энэ бэрх­шээлийг богино хугацаанд даван туулах боломж ма­найд хэр байна?
-Монгол Улс төсвийн хөрөнгө оруулалтад  тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг даван туулж чадна гэсэн дүгнэлт хийсэн. Энэ тайланд хэд хэдэн бодлогын зөвлөмж өгсөн. Монголын хүн амын дийлэнх нь дээд боловсролтой. Иймд бүх бэрхшээлтэй асуудлаа зөв шийдэж чадна. Нэг зөвлөмж хэлэхэд бүх худалдан авалт нээлттэй, мэдээлэл нь ил тод байх учиртай. Жишээлбэл, тухайн тендерт ямар шалгуур тавьж байгаа, хэн хэн оролцов, ямар материал ирсэн зэрэг нь нээлттэй байвал олон нийт идэвхтэй оролцоно. Мөн алдаа оноог нь төр засагт хэлж өгч шийдвэрлэх болно.
-Та дээр хэлсэн. Хөрөнгө оруулалтын чанар муу байна гэлээ. Тодорхой жишээ байна уу?
-Жишээлбэл, шинээр барьж ашиглалтад өгч буй зам олон байна. Харин тэр замдаа цаг тухайд нь засвар үйлчилгээ хийх нь хойрго байна гэж боддог. Ерөнхийд нь ажиглахад замд зарцуулах ёстой хөрөнгийнхөө дөнгөж тавны нэгийг л засварт зарцуулдаг юм билээ. Арчилж тордож засвар олигтой хийхгүй болохоор бүр муудаж дахиад өндөр өртгөөр шинэчилж  тавьдаг. Өнөөдөр улсын хэмжээнд хатуу хучилттай замын 60 хувь нь доройтолд орсон тул яаралтай их засвар хийх шаардлагатай болсон. Жилд дэд бүцэд чамгүй хөрөнгө мөнгө зарцуулдаг. Гэвч Улаанбаатарын дэд бүтцэд хөрөнгө оруулалт хүрэлцээтэй хийж чадахгүй байна. 2011-2016 онд зам барихаар төлөвлөсөн. Гэтэл нийт хөрөнгө оруулалтын 21 хувийг нь нийслэлд хуваарилсан байх жишээтэй. Хамгийн гол нь, хөрөнгө оруулалтаа зөв төлөвлөх, худалдан авах үйл ажиллагаагаа нээлттэй байлгах ёстой гэж боддог.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан