Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УУЛ УУРХАЙД ДЭЭРЭЛХҮҮЛСЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ СЭРЭЭНЭ

Монголын аялал жуулчлалын салбарт шинэчлэл хийх, хөгжүүлэх зорилгоор ССАЖЯ-наас Монголын аялал жуулчлалын форумыг зохион байгуулж байгаа билээ. Эхний өдрийн үйл ажиллагаа өчигдөр болж өнгөрлөө. Гурван салбар хороодын зургаан дэд хороо чуулж, асуудлаа хэлэлцсэн юм. Эхний өдрийн чуулганаас гарсан санал санаачилгыг нэгтгэн өнөөдөр Төрийн ордонд чуулганы нэгдсэн хуралдааныг хийнэ.
Аялал жуулчлалын салба­рын хуулиудад шинэ­члэл хийх, шинээр боловсруулж буй хуулийн төслүүдэд иргэд болон олон нийтийн санаа бодлыг тусгах нь чухал. Тиймээс иргэд болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг энэ удаагийн форумд нээлттэй оролцуулж, тэдний санаа бодлыг сонсч байна. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Аялал жуулчлалын орчны төлөвлөлтийн тухай хуулийн үндэслэл” нэртэй илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм. Тэрээр илтгэлдээ “Нэгэнт тодорхойлсон аялал жуулчлалын бүсийг цаашид хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт хуулийн зохицуулалт хэрэгтэй байна.
Улаанбаатарын хэмжээнд жишээ авахад Гандангийн дэнж орчмыг аялал жуулчлалын түүхэн бүс гээд тогтоочихвол тэр хавьд хоёр давхраас өндөр болон шилэн барилга барихгүй байх, дээвэр нь сүмийх шиг оройтой барилгуудыг зөвшөөрнө гэх зэргээр журам батлах юм. Ингэснээр дураараа аялал жуулчлалын бүсийн хөгжлийг үгүй хийдэг хүмүүст хариуцлага тооцоход дөхөм болно гэж үзэж байна. Тиймээс орон нутгийн удирдах газруудтай хамтран ойрын хугацаанд аялал жуулчлалын бүс тогтоох мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр хуулийн заалт оруулж байгаа. Энэ мастер төлөвлөгөөний үр дүнгээс тухайн аялал жуулчлалын бүсэд байрлах үнэт зүйлсийг хэрхэн хамгаалах, өмнө нь нэгэнт баригдсан хөрөнгийг хамгаалах зэрэг ажлыг хийнэ. Энэ ажилд тухайн бүсэд оршин буй иргэд хамтран ажиллавал бидний төлөвлөсөн ажил урт хугацаанд тогтвортой оршин байх үндэс болох юм” хэмээн ярилаа.
Мөн “Аялал жуулчлалын орчны төлөвлөлтийн тухай хууль”-д аялал жуулчлалын орчны бүсийг улсын, аймгийн, сум орон нутгийн чанартай гэж хуваахаар болсон байна. Ингэснээр аялал жуулчлалын салбарын замбараагүй байдал үгүй болж, шинэчлэлийг бий болгоно гэж үзэж байгаа аж.

Ц.Оюунгэрэл: Монгол орон жуулчдын сонирхлыг татаж буй топ гурван орны нэг болсон

/ССАЖ-ын сайд/

-Өнөөдрийн форумд ая­лал жуулчлалын салба­рын­хан их идэвхтэй орол­цож байгаа нь ажиглагдлаа?
-Нэг салбарынхаа хөгжилд хохирдог салбар гэж байдаг. Уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа нь сайн хэрэг ч аялал жуулчлалынхан чадварлаг боловсон хүчнээ уул уурхайруу алдсан, нутаг орноо уул уурхайгаар сүйтгүүлсэн жишээ олон. Цаашид ч уул уурхай хөгжихийн хэрээр эрсдэлд орж мэдэх салбар бол аялал жуулчлал. Тийм учраас энэ бүхнээс яаж хамгаалах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрхэн бэлтгэх, хүн хүчээ хэрхэн сургах, зах зээлээ яаж тогтворжуулж, байгалийнхаа түүх дурсгалт газруудыг бүрэн бүтнээр авч үлдэх гээд олон асуулт гарч ирж байна. Эдгээр асуултад тохиромжтой хариулт олохын тулд өнөөдрийн форумыг зохион байгуулж байна. Иргэд ч идэвхтэй оролцож байна. Өнөөдөр энд цугалсан хүмүүс
-Өмнө нь, энэ салбар жилд нэг сая жуулчин авна гэсэн зорилготой  ажил­ладаг байсан шүү дээ. Шинэч­лэлийн Засгийн газрын үед энэ нь өөрчлөгдсөн үү?
-Тийм ээ. Шинэчлэлийн Засгийн газрын үед Монголд тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавьсан. Үүний дүнд дэлхийн нэр хүндтэй олон сэтгүүл дээр Монголын аялал жуулчлалын тухай материалууд гарч байна. Монгол орон Чингисийн өлгий нутаг юм гэсэн сурталчилгаа явуулахад Чингисийн тухай тэд бичээд эхэлж байна. Монгол орон шувууны орон юм гэхэд л “National geographic” сэтгүүлийн сүүлийн гурван сарын дугаарт Монголын шувууг сурталчиллаа. Монго­лын үлэг гүрвэлийн талаар Английн хамгийн олон уншигчтай сэтгүүлд “Монгол бол үлэг гүрвэлийн орон. Лениний музейг үлэг гүрвэлийн музей болгох нь” гэсэн нийтлэл хамгийн сүүлд гарсан байна билээ. Ингэж өдөр өнжихгүйгээр Монголын тусгай сонирхлын аялалыг хөгжүүлэх сурталчилгаа дэл­хий даяар хийгдэж байна. Эдгээр сурталчилгааг мөн­гөөр хэмжвэл асар их тоо гарна. Гэхдээ өмнө нь ярь­даггүй байсан зүйлүүдийг ши­нээр яриад эхлэхээр өөрсдөө сонирхож, үнэгүй сурталчилгаа хийж байгаа юм. Энэ сурталчилгааны үр дүнд Монгол орон дэлхийн жуулчдын очиж үзэхийг хүсч байгаа топ гурван орны нэг болсон. Өмнө нь, Монголд ирээч гэсэн сурталчилгааг олон явуулдаг байсан ч дээр хэлснээр эдгээр зүйлсийг үзэж болно гэсэн сурталчилгааг хийдэггүй байсан юм уу даа.

Аялал жуулчлалын өнөөгийн байдал өнгө будаггүйгээрээ

Аялал жуулчлалын фо­румд оролцож, илтгэл тавь­сан хүмүүс энэ салбарыг хөг­жүүлэхийн тулд өнөөгийн байдлаа өнгө будаггүй ярилаа. Аялал жуулчлалын чиг­лэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах, хүний нөөцийн асуудлыг шийдэх зэрэг тулгамдаж буй асуудлуудыг нэн түрүүнд шийдэх шаардлагатай гэж тэд ярьсан юм. Ингээд форумд ирсэн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн санаа бодлыг сонссон юм.

Э.Цэрэн: Хүлээлт үүсгэж байсан форум боллоо

/“Цэрэн тур” компанийн захирал/

-Энэ салбарт ажил үйлчилгээ эрхэлдэг хүний хувьд өнөөдрийн форумаас ямар үр дүн хүлээж байна вэ?
-Соёл, спорт гэсэн хоёр салбар бол мөнгө оруулж ирэхээсээ илүү зарлага гаргадаг байгууллага. Харин мөнгөний үйлдвэрлэл явуулдаг салбар бол аялал жуулчлал. Өнөөдрийн форум маш их хүлээлт дагуулсан үйл явдал болж байна. Шинэчлэлийн Засгийн газрын авч хэрэгжүүлэх гэж арга хэмжээг бид мэдэх нь чухал байсан. Ялангуяа, 2013 онд гаргах гэж буй багц хуульдаа бидний санаа бодлыг тусгана гэж байгаад сэтгэл хангалуун байна. Манай салбарт аль болох болж бүтэхгүй байгаа зүйлүүдийг шийдэж өгөх сайн хууль болох байх.
-Аялал жуулчлалын чиг­­лэлээр үйл ажиллагаа явуул­даг байгууллагуудын хам­­тын ажиллагаа маш муу гэсэн шүүмжлэл гарч байс­ан?
-Байнга яригддаг асуудал. Монголын аялал жуулчлалын салбар зочид буудал, жуулч­ны бааз гэж хуваагдаад салан задгай явсаар өдийг хүрсэн юм. Гэхдээ цаашид бид хамтран ажиллахгүй бол энэ салбар хөгжихгүй. Ту­хайл­­бал, тур операторуудад маань хүний нөөц багассан. Жуулчны баазуудын үнэ нэ­мэгд­сэн. Уул уурхайгаас үүд­сэн энэ сөрөг зүйлүүдээс хэр­хэн гарах вэ гэдгийг нэгдэж байж олох хэрэгтэй. Гэхдээ яаж хамтран ажиллах талаар жу­рам дүрэм юу ч байхгүй, амаараа тохиролцсоор өнөөг хүрлээ. Тийм болохоор үгүй ядаж хамтын ажиллагааг зохи­цуулсан эрх зүйн орчинг бий болгох байх гэж хүлээж байна даа.



Ө.Амгалан: Ажил олгогчид хамгийн гол нь зөв тоглох хэрэгтэй

/МУБИС-ийн Монголын түүхийн тэнхмийн аялал жуулчлалын багш/


-Форумаар хэлэлцсэн асуудлууд дунд хамгийн их яригдсан зүйл бол аялал жуулчлалын сал­барын боловсон хүчний асуудал байлаа. Таны бодлоор ямар арга хэмжээ авбал зөв бэ?
-Уул уурхайн салбар руу аялал жуулчлалынхан олж байна гээд түүнийг зогсоох хөтөлбөр, хууль боловсруулах нь өрөөсгөл ойлголт. Энэ бол хөдөлмөрийн зах зээлд байж л байдаг урсгал шүү дээ. Хамгийн гол нь үүнийг тогтвортой барих нь чухал. Ингэх үндсэн нөхцөл нь ССАЖЯ байж болно. Ажил олгогч эзэд өөрсдөө байж болно. Тэд боловсролд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Нэг ёсондоо сайн тоглогч байх хэрэгтэй. Ингэснээр уур уурхай руу чиглэсэн боловсон хүчний урсгалыг зогсоож болно. 1990-ээд онд хүн бүр хуульч болдог байсан.
Түүний дараа бүгд эдийн засагч болохоор тэмүүлэх болсон. Үүнтэй л адилхан тодорхой хугацаанд л үргэлжлэх урсгал байхгүй юу. Энэ хугацаанд нь л хүний нөөцөө тогтвортой барихад болно.
-ССАЖЯ, ажил олгогч эзэд тоглогч юм бол дүрэм нь боловсролд хөрөнгө оруу­лах л юм байна шүү дээ?
-Хөрөнгө оруулалт гэ­дэг нь заавал мөнгөөр хэм­жигдэхгүй байж болно. Тухайлбал, тэд зочид бууд­лын чиглэлээр бэлтгэгдэж байгаа оюутнуудад дадлага хийх орчныг нь бүрдүүлэх ёстой. Тэд оюутнуудыг дад­лага хийхээр очиход өмнөөс нь хөөдөггүй байх хэрэгтэй. Жорлон цэвэрлэж сурч байж энэ салбарын жинхэнэ ажилтан болно гэж тулгадаггүй байх хэрэгтэй.
Бүх л төвшинд нь дадлага олгох нь чухал. Жуулчны баазууд зун болохоор л биднээс дадлага хийх оюутан гуйдаг. Өвөл ч гэсэн тэд боловсролын салбарт оролцдог байх хэрэгтэй. Оюутнуудад ядаж нэг цагийн лекц уншаад өгдөг ч юм уу. Иймэрхүү маягаар л тоглох хэрэгтэй болоод байна даа.
-Сая форумаар оюутнуу­дад цагийн ажил хийх боломж бий болгох хэрэгтэй гэж ярьж байна?
-Энэ зөв санаа. Боловсон хүчний хомсдолыг шийдэх бас нэг гарц шүү дээ. Гэхдээ үүнийг маш нарийн төлөвлөгөөтэй хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол оюутнууд ажилдаа шамдаад хичээлээ орхигдуулах муу талтай. Тиймээс цагийн ажилтан юу хийх вэ гэсэн стан­дартыг бий болгох нь чухал.
Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан