2012 онд бөөгийн тэнгэр хаагдаж, борооны дараахь мөөг шиг олширсон бөө цөөрнө хэмээн ярьж байсан. Үнэхээр ийм явдал болж, жинхэнэ чадалтай бөө үлдэх эсэхийг “Мөнх тэнгэр судлал”-ын дэлхийн академийн доктор, Ард түмний гавьяат, “Монгол бөө мөргөл төв”-ийн тэргүүн, зайран Д.Бямбадоржтой ярилцлаа.
-Бөөгийн нэрийг барьж иргэдийг хууран мэхэлсэн явдал өнгөрсөн онд олонтаа гарсан. Тиймээс 2012 онд бөөгийн тэнгэр хаагдаж, дахин бөө төрөхгүй хэмээсэн. Ийм явдал болов уу?
-Бөө шилэгдэнэ гэдэг нь цаг үеэ дагаад байж олно. Яагаад гэвэл, сайн бөө нар олонд танигдаад ирэхийн цагт сүсэгтэн хэнээр ч заалгахгүйгээр хэнд очихоо мэднэ. Гэхдээ бөөгийн ёс жаяг байрлаж буй байраасаа монгол шүтээнтэй харилцаж байгаагаасаа хамаарч бөөгийн хүч, чадал онгод янз бүр. Бөө гэдэг маань эмээр эмчлэхгүй, энгүй үгээр хүнийг эдгээх, засч, залуурдах ухаан юм. Энэ ухааныг шинээр эхэлж буй болохоор хүмүүс учрыг нь ойлгохгүй, янз бүрийн яриа гарч байна. Шинээр олон хүн онгодоо хүлээн авч байгаа шүү дээ.
-Тэгэхээр бөөгийн тэнгэр хаагдана гэдэг худал байх нь ээ?
-Онгод тэнгэр хаагдана гэж байхгүй. Байгалийн болон хувь хүнд буй далдын хүч нь нэмэх хасах энерги байгалийн зохицолтой байдаг. Тэр талаараа бөө мөргөл далдын хүчийг нэн эртнээс хөгжүүлж ирсэн. Өнөө үед нийгэм хөгжихийн хэрээр хүмүүст тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухаанаас илүүтэйгээр бөө нар далдын хүчээр эмнэж байна. Өөрөөр хэлбэл, хүнийг эмгүйгээр эдгээх, сэтгэл санааг нь засах, өвчнийг нь эдгээх, сайн сайхан явах эх үүсгүүр, шалтаг шалтгааныг бөөгийн зан үйл, эм тариагүйгээр хийдэг. Энэ эмчилгээ нь олон хүнд өгөөжтэй байвал бөөгийн нэр хүнд өсч, утга учир нь илэрч байгаа хэрэг. Ямар ч өвчинг эмгүйгээр эмчилж болно шүү дээ.
-Тийм гэж үү. Гэвч бөөгийн нэр барьж, залилах явдал гарсаар байна шүү дээ?
-Жинхэнэ зайран, удган хүн бусдыг мэхлэх биш тусалж, эмчилдэг. Яахав, бөөгийн нэрийг барьж зовсон, ядарсан хүнийг хуурч байгаа хүн эргээд тэр гэсгээлээ хүртэнэ. Бөө бол оюун бодлын шашин юм шүү дээ.
-Чингис хааныг бөө мөргөлийн шашинтай байсан гэдэг. Тиймээс ч Монголыг дэлхийд таниулаад зогсохгүй байлдан дагуулсан. Өнөө үед олон бөө төрж байгаа нь манай улсын мандан бадрах цаг ирсний дохио ч гэж ярих юм. Та үүнтэй санал нийлэх үү?
-Дэлхий нийтээрээ бөө мөргөлийг монголчуудын оюунлаг байдал, дэлхийг эзэлж байсан эзэн Чингис хаантай холбон сонирхож байна. Монголчууд тийм цөөхөн байж, яагаад дэлхийн талыг эзлэв гэж судлахад монгол хүний оюун ухаан, тэр тэнгэрлиг чанар нь мөнх тэнгэр, бөө мөргөлтэйгээ холбоотой юм хэмээдэг. Бөө мөргөл монголчуудын бодлын шашин. Шарын шашин бол бодлогын шашин. Манжаас Автай сайн хаан юм уу манай бага хаадуудын үед оруулж ирсэн бодлогын шашин гэж ойлгодог. Гэхдээ аль ч шашинд сайн тал бий. Сайхан сэтгэлээр, сайн сайхны төлөө шашин номоо зориулж, хүнийг зөв талаас нь хүмүүжүүлдэг гэдэг утгаараа шашин бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Бөө мөргөлийн хувьд аль ч шашинтай харшлах, тэрслэх юм байхгүй.
-Сүүлийн үед уул усаа тахилаа, тэнгэртээ монголчуудыгаа даатгалаа хэмээн “Манукол” академийн ерөнхийлөгч Бат-Отгон, олонд Арго гэдгээрээ танигдсан Ариунболд нар мэдээлэх юм. Эдгээрт ялгаа бий юү?
-Бөө бөөгийн бөөлөх нь өөр, бүжин туулайн харайлт ондоо гэгчээр өөр л дөө. Нэг дор мянган бөө цуглаж бөөлнө гэж байхгүй. Нэг багшийн бөө нар л уул усаа тахина. Учир нь, тэнгэрүүд нь ч өөр байдаг. Олон отгын бөөг цуглуулж нэг дор бөөлнө гэж байхгүй л дээ.
-Өнгөрсөн онд дэлхий нийт байгалийн гамшигт их нэрвэгдсэн. Харин Монгол Улсад бөө мөргөл хүчээ авч, газар усаа тахиж эхэлснээр гамшигт нэрвэгдээгүй гэсэн. Энэ үнэн үү?
-Хүн байгаль хоёр хүйн шүтэлцээтэй. Уул ус чинь уян хайлан байдаг юм. Өөрөөр хэлбэл, уярдаг, хайлдаг. Дээр үеийн мундаг бөө нар харзны усыг буцалтал, хад чулууг бутартал дуулдаг байсан гэж ярьдаг юм. Хүн амьд байгалиа аргадаад байвал дэлхий ертөнц сайхан болно. Амьд байгалиасаа өм цөм аваад зарж, идээд байвал байгалийн гамшиг аюул, тохиолдох магадлалтай. Алт бол газрынх, од эрхэс тэнгэрийн гагнаас гэж ярьдаг. Тийм учраас гагнаасуудыг нь салгаад байвал зарим газарт аюул учрах магадлал бий л дээ.
-Хүмүүс бие нь өвдөх эсвэл ажил үйлс нь бүтэхгүй байхаар цагаан хэл ам хүрчихлээ гээд удган, зайранд үзүүлдэг. Яг юунаас болж ийм байдалд хүрдэг бол... Бөө мөргөлд юу гэж тайлбарласан байдаг вэ?
-Хүнд долоогоос есөн давхар гэрлэн бүрхүүл байдаг юм. Тэр бүрхүүл нь хэл ам, хэрэг төвөг, элдвийн муу муухай бүхнээс хамгаалдаг. Бүрхүүл нь цоорохоор хүний элэг, зүрх, бөөр зэрэг эд эрхтэн нь өвдөнө. Бөө хүн юунаас болсон, идээ ундаанд бузартсан уу, хэл амны гай байв уу, элдвийн муу юм хүрсэн үү зэрэг шалтаг шалтгааныг нь алсуур арилгаад өвчнийг нь эдгээдэг. Нэг ёсондоо бие, сэтгэлээр нь засдаг гэсэн үг. Шинжлэх ухаанд антибиотик, физикийн чанартай юмаар эдгээдэг бол, бөө хүний сэтгэлийг нь засдаг юм.
-2013 онд монголчуудын хувьд ямар тохиолтой байх нь вэ. Та хэлээд өгөхгүй юү?
-Сайхан жил болно. Бумбын эрин эхэлж байгаа. Цаг агаар сайхан болж, цэцэг, ногоо дэлгэрч, оюуны эрин үе эхэлнэ. Хэдийгээр дэлхийн байгаль цаг уур өөрчлөгдөн байгалийн гамшиг тохиож байгаа ч Монгол орны хувьд яах ч үгүй.
Учир нь, монголчууд дөрвөн улиралдаа зохицон амьдардаг, өлчир. Харин барууны болон урд зүгийн оронд ус мөрөн нь ихсэх юм уу цаг агаар хүйтрэх байгалийн аюулыг үзэж магадгүй.