Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хувьцаа хэмээх мөсөн чихрийг цонхны цаанаас долоох “хувьтай” байж

“Агаа нь хувьцаатай хүн. 1072 ширхэн хувьцаатай хүн, бүр давуу эрхийн нэг хувьцаатай хүн” хэмээн онгироод яваад байсан чинь худлаа хошгироод байснаа хэдхэн хоногийн өмнө мэдлээ. Яаж олон хүнд томорчихоогүй юм гэж бодож сууна. Хэрэв баахан бүлт бүлт үсэрчихсэн бол ёстой нүүр хийх газаргүй болохгүй юу.
Учир юу гэхээр хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эрдэнэс Тавантолгой” бидэнд хувьцаа гаргаж өгөх нь битгий хэл өөрөө барьцаанд орчихоод байгааг төр засгийн ажлыг ил тод, тунгалаг явуулна гэж амласныхаа хүрээнд олонд ил болгов.
Бид уг нь, нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний 1072 хувьцааг “Эрдэнэс Тавантолгой” компаниас, давуу эрхийн нэг хувьцааг “Эрдэнэс МГЛ” компаниас авах ёстой. Өнгөрсөн парламентын бүрэн эрхийн хугацаанд ингэж баталсан. Гэтэл бидэнд хувьцаа өгнө гээд байсан “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани маань өнөөдрийн байдлаар Монгол Улсын арилжааны банкуудад 110 тэрбум төгрөгийн өртэй гэнэ. Гэтэл үүнийгээ дарах эд хөрөнгө, эргэлтийн мөнгө төгрөг энэ компанид байхгүй аж. Өдөр хоногийг өнгөрөөж, банкныхаа хүүг дөнгөн данган дарж яваа юм байна.
Гэтэл дайран дээр давс гэгчээр тус компани маань Хятадын төрийн өмчит компани болох “Чалко” компаниас 350 сая ам.долларын зээл авсан гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдсэн. Гэхдээ үүнээс 190 орчим тэмбум төгрөгийг төлж бараагүй байгаа гэнэ. Үндсэндээ бидэнд хувьцаа өгөх ёстой компани маань нийтдээ 300 орчим төгрөгийн өрийн данстай. Хамгийн хачирхалтай нь арилжааны банк, Чалкогоос авсан зээлийн хүү нь Засгийн газрын гаргасан Чингис бондын хүүнээс өндөр гэхээр энэ компани бидэнд хувьцаа өгч, бид хувьцааны үр шимийг хүртэнэ гэдэг ёстой л мянгуужингийн үлгэр болж таарах нь. Харин дансанд нь орлого орж ирж байгааг Ерөнхий сайд хэлээгүй. Магадгүй орлогоосоо зарлага нь даваад байгаа нь ойлгомжтой. “Төр хамгийн менежер” гэсэн үг байдаг болохоор манай Төрийн компани болгон алдагдалтай ажилладаг нь нууц биш юм чинь. Гэтэл MCS компанийн ашиглаж байгаа Ухаа худагийн ажил ямар эрчимтэй явж байгааг би биш ч гэсэн төрийнхөн хэлээд байгаа. Өнгөрсөн жил энэ компанийн ажил яваад, улсын ажил явахгүй байна гэж Засгийн газрын сайд нар багагүй гомдоллож байсныг санаж байгаа байлгүй. Энэ мэтээр төрийн ажил яст мэлхийн хурдаар урагшлах нь битгий хэл, гэрлийн хурдаар ухарч байна.
Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг энэ байдлаас ямар нэгэн байдлаар гарна гэдгээ хэлсэн. Түүний хэлж байгаагаар Засгийн газарт хоёр арга зам байгаа ч хоёулаа мухар зам гэнэ. Тухайлбал, Бондын асуудлаар бодлогын зөвлөл хуралдаж энэ өрийг бондын мөнгөнөөс төлөөд төрийн компанийнхаа үйл ажиллагааг үргэлжлүүлэх гэхээр “Чалко”-той хийсэн гэрээ нь Тавантолгой битгий хэл Монгол Улсад асар их хэмжээний хохирол учруулаад байгаа аж. Дэлхийн зах зээлд нэг тонн нүүрсний үнэ 100 ам.доллар байхад манайх Чалкод нэг тонн нүүрсээ 70 ам.доллараар өгөх гэрээ байгуулж. Тэгвэл энэ гэрээг хэн байгуулав. Хэний гарын үсгээр баталгаажив гэдгийг олон нийт сонирхож байна. Ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболд уу, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт байгуулав уу гэдгийг олж мэдэх нь чухал. Тиймдээ ч энэ гэрээг улсын нууц биш бол ил болгоно гэдгээ Засгийн газрын тэргүүн хэлсэн.
Мөн энэ гэрээнээсээ салах гэхээр тус компанид мөн л их хэмжээний мөнгө төлөх болчихоод байгаа гэнэ. Угаас мөнгөний гачигдалтай байдаг манай улсад энэ нь бас л мухар зам.
Цодгор хүүгийн цодонд орчихоод байгаа энэ хүнд байдлаас яаж гарах вэ хэмээн  сайд нарыг толгойгоо гашилгаж байхад Хятадууд манай улсын Засгийн газарт  дахин мад тавьсан мэдэгдэл гаргах нь тэр.
“Чалко”-гийн зүгээс “Эрдэнэс Тавантолгой” цаашлаад Монгол Улсын Засгийн газарт хандаж өмнө байгуулсан гэрээгээ хүндэтгэхийг шаарджээ. Тэд “Өнгөрсөн арваннэгдүгээр сард тус компанийн худалдааны менежерүүд Монголын албаны хүмүүстэй уулзаж, үнэ, тээвэртэй холбоотой асуудлаар хэлэлцэж ярилцсан учраас одоо гэрээний суурь нөхцөл өөрчлөгдөх ёсгүй” гэж тов тодорхой мэдэгдэж.

Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” компани нь нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлдэг Алтанговь компанид мөнгөө төлж чадаагүйгээс 3,6 сая ам.долларын төлбөр төлөх болчихоод байгаа аж. Үүнээс болж “Алтанговь” компани тээвэр хийхээ зогсоосон байна.
Энэ мэтээр бид “Эрдэнэс Тавантолгой” компаниас хувьцаа авна хэмээн хэдэн жилийн турш цонхны цаанаас мөсөн чихэр долоож байсан болж таарлаа.
Цаашилбал уул уурхай манай эдийн засгийн тэргүүлэх салбар болж, Монгол Улсыг, монголчуудыг тэжээж эхлэх нь гэдэг ч бас юу болох юм бол доо. Төрийн мэдлийн ганц компани нь гарлагын том хүүдий болчихоод, хувийн хэвшлийн хэдэн компаниас орж ирэх татварын хэдэн төгрөгийг нь өрөнд өгөөд байвал бид хэзээ баяжиж, халаас минь түнтийх юм бол доо.

Д.Намнан

0 Сэтгэгдэл
ээ чааваас тэгээ юу харамсалтай юм
Хамгийн их уншсан