Манай гариг дээр урьдчилан мэдэж, сэргийлж сэрэмжилж болдоггүй байгалийн гамшиг бол газар хөдлөл юм гэдэг. Дэлхий ертөнц бий болсон цагаас энэ гамшиг дагалдаж, хүн төрөлхтөн аж төрч амьдарсан цаг үеүдэд багагүй хохирол гамшиг учруулж байж. Дэлхий дээр жилдээ дунджаар 10 мянга орчим удаа газар хөдөлдөг гэсэн мэдээ бий. Газар хөдлөл нь олон мянган хүний амь сүйтгэж, эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг хамгийн аймшигтай байгалийн үзэгдэлд ордог. 1920 оны арван хоёрдугаар сарын 16-нд Хятадын Ганьсу мужид болсон газар хөдлөлөөр 200 мянган хүний амь үрэгдсэн бол, дараа нь орон гэргүй болсон хүмүүсээс 20 мянга орчим нь хөлдөж үхсэн байдаг. Манай гариг дээр хамгийн сүүлд тохиолдсон, хамгийн их сүйрэл дагуулсан 10 газар хөдлөлийг толилуулж байна.
Афганистанд 1998 онд болсон газар хөдлөл. 1998 оны тавдугаар сарын 30-нд Афганистаны хойд нутагт Рихтерийн шаталбараар 6,9 баллын хүчтэй газар хөдөлж 30 тосгон газрын хөрснөөс арчигдан бас 70 суурин эвдэрч сүйрчээ. 5000 орчим хүн амь үрэгдэн, 16 мянган байшин эвдэрч 45 мянган хүн орох оронгүй үлдсэн байна.
Туркэд 1999 онд болсон газар хөдлөл. 1999 оны наймдугаар сарын 17-нд газар 7,7 баллын хүчтэй хөдөлж 17,2 мянган хүн амь алдаж, 120 орчим барилга байшин эвдэрч сүйдсэн. Нефть боловсруулах үйлдвэрт их хэмжээний гал гарч Измит хот цахилгаан, холбоогүй болон ертөнцөөс тусгаарлагдаж байсан. Нийтдээ 25 тэрбум долларын хохирол учирч байж.
Тайваньд 1999 оны есдүгээр сарын 21-нд болсон 7,6 баллын хүчтэй газар хөдлөлөөр 2415 хүн амь үрэгдэж, 20 хүн сураггүй алга болон, 11,3 мянган хүн бэртэж гэмтсэн. 51,7 мянган барилга байшин нурж, 53,8 мянган байшин эвдэрч сүйрсэн. Нийтдээ 10 тэрбум долларын хохирол учирсан байна.
Энэтхэгт 2001 оны нэгдүгээр сарын 26-нд 7,9 баллын хүчтэй газар хөдлөхөд 19,7 мянган хүн амь үрэгдэж, 166 мянган хүн бэртэж гэмтсэн. 8,8 мянган тосгон эвдэрч сүйрсний дотор 228,9 мянган байшин бүрэн нурж, 397,5 мянга нь эвдэрч гэмтсэн. Энэ газар хөдлөл тус оронд сүүлийн зуун жилд тохиолдож байгаагүйгээр барахгүй, хөрш Пакистан, Балба орнуудад мэдрэгдсэн байдаг.
Иранд 2003 оны арванхоёрдугаар сарын 26-нд газар 6,3 баллын хүчтэй хөдлөхөд газар хөдлөлийн төвд байсан Бам хот үндсэндээ газрын хөрснөөс арчигдсан. 35 мянган хүн амь үрэгдэж, хэдэн арван мянган хүн бэртэж гэмтсэн.
Пакистанд 2005 оны аравдугаар сарын 8-нд болсон 7,6 баллын хүчтэй газар хөдлөлөөр олон арван тосгон, суурин газрын хөрснөөс бүрэн арчигдаж 84 мянган хүний амь үрэгдсэн. Хөрш Энэтхэгт ч 1300 хүн амь алдсан байдаг. Энэ бол өмнөд Азид сүүлийн 100 жилд тохиолдож байгаагүй хүчтэй газар хөдлөл байсан.
Индонезийн Яав арал дээр 2006 оны тавдугаар сарын 27-нд 6,2 баллан хүччтэй газар хөдөлж 5782 хүн амь үрэгдэн, 36,3 мянган хүн бэртэж гэмтсэн. 135 мянга гаруй барилга байшин эвдэрч сүйдэн, 1,5 сая хүн орох оронгүй болж байжээ. Гол хохирол Прамбанан хотод учирсан бол Жокьякарта хотод бас сүйрэл гарсан.
Хятадын Сычуань мужид 2008 оны тавдугаар сарын 12-нд газар 7,9 баллын хүчтэй хөдлөхөд 69,2 мянган хүн амь үрэгдэж, 18 мянган хүн сураггүй алга болсон. 288,4 мянган хүн бэртэж гэмтсэн. Чичирхийлэл нь Бээжин, Шанхай хотууд төдийгүй хөрш Пакистан, Тайланд, Вьетнам, Бангладеш, Балба зэрэг орнуудад мэдрэгдсэн байдаг.
Гаитид 2010 оны нэгдүгээр сарын 13-нд болсон газар хөдлөл нь рихтерийн шаталбараар 7,0 баллын хүчтэй байсан. Нийслэл Порт-о-Пренс хотоос 22 км зайтай газарт төв нь байсан энэ гамшгаар 280 мянган барилга эвдэрч сүйрэн 230 мянган хүн амь үрэгдэж, 300 мянга орчим хүн бэртжээ. Нийтдээ 5,6 тэрбум еврогийн хохирол учирсан гэдэг.
2011 оны гуравдугаар сарын 11-нд Японы Хонсю арал дээр газар хэд хэдэн удаа дараалан хөдөлсөн. Эхлээд 9,0 баллаар хөдөлсөн бол дараа нь үргэлжлээд 7,0, 7,4, 7,2 баллын хүчтэй хөдлөлүүд үргэлжилсэн. Газар хөдөлсний дараа хүчтэй цунами үүссэн нь хохирлын хэмжээг нэмсэн. Японы Үндэсний цагдаагийн газрын мэдээгээр 12 аймагт нийтдээ 4255 хүн амь үрэгдэж, зургаан мужийн 8194 хүн сураггүй болсон байна. 5000 гаруй байшин барилга усан дор орж, Мианмисанрику хотоос 9500 хүн сураггүй болжээ. Сендай мужаас 300 орчим хүн усанд живж сураггүй болсон байна. Иматэ хот гэхэд л бараг бүрэн устсан. Ямада мужид 7200 гаруй байшин усан дор орсон. Эдийн засагт учруулсан хохирлыг багаар бодоход 100 тэрбум ам.доллар гэж гаргасан.