Түлшинд хэмнэлттэй, эко машинууд хөгжсөөр эцэстээ агаараар цэнэглэдэг машин хэдэн жилийн дараа хэрэглээнд нэвтрэх нь. Францын “PSA Peugeot Citroen” компани жирийн машинаас 45 хувиар бага түлш хэрэглэдэг, агаараар цэнэглэдэг машиныг 2016 он гэхэд худалдаанд гаргахаар ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Хэрвээ агаараар сайн цэнэглэсэн тохиолдолд хотын замд шатахууныг бүр 80 хувиар буюу тавны дөрвийг нь хэмнэх боломжтой гэнэ. Учир нь, энэ машины агаарын хөдөлгүүр нь цагт 69 километрээс доош хурдтай үед автоматаар ажиллаж эхэлдэг байна.
Ердийн машины хөдөлгүүр дээр агаар хуримтлуулах цилиндр суулгаж өгснөөр шатахуун юмуу агаар, эсвэл хоёулангаар нь зэрэг ажиллах боломжийг хангаж байгаа аж. Цаашдаа энэхүү загварыг улам сайжруулсаар 2020 он гэхэд 188 км замд ердөө дөрөвхөн литр түлш хэрэглэх хэмжээнд хүргэх зорилготойгоор зохион бүтээгчид нь ажиллаж байна.
“Peugeot Citroen”-ы гаргаж ирсэн “Гибрид агаартай” хөдөлгүүрийн систем нь өнөөдөр хэрэглэж буй бусад гибрид машинуудтай харьцуулбал өндөр үнэтэй баттарей хэрэглэх шаардлагагүй болгож байгаагаараа давуу талтай ажээ. Энэхүү технологийг гаргаж авахын тулд “Peugeot Citroen” 100 гаруй эрдэмтэн, мэргэжилтнүүднийг хоёр жилийн турш ажиллуулжээ. Тус компаниас зарласан өөр нэг өгөөмөр бэлэг нь заавал энэ машиныг авахгүйгээр зөвхөн хөдөлгүүрийг нь аваад ямар ч төрлийн машинд суулгах боломжтой болгосонд байгаа юм.