Баруун талдаа жолооны хүрдтэй авто машин тойрсон асуудал сүүлийн үед нэлээд гарч байгаа. Тухайлбал, амралтын нэг өдөр хөдөлгөөнд оролцуулахгүй байх санал асуулга явагдсан. Уг санал асуулгад оролцогчдын 70 гаруй хувь нь зөвшөөрөөгүй. Цаашлаад импортоор оруулж ирэхийг хориглох асуудал ч хөндөгдөөд буй. Учир нь, Засгийн газар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс 2012-2020 он хүртэлх стратеги төлөвлөгөө баталсан юм. Замын цагдаагийн газраас манайх шиг зүүн, баруун талдаа жолооны хүрдтэй авто машин хөдөлгөөнд холилдон оролцохыг зөвшөөрдөг улс цөөхөн. Үүнийг цэгцлэх ёстой хэмээж байгаа. Мөн улсын хэмжээнд жилд гарч буй ослын 51.6 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй авто машинаас үүдэлтэй гэсэн. Яагаад гэвэл, гэрлийн тусгалын өнцөг нь замынхаа гол руу чиглэн тусдаг тул өөдөөс ирж буй авто машины гэрэл жолоочийн нүдийг гялбуулах, гүйцэж түрүүлэх үед осол гарах нөхцөл бүрдүүлдэг хэмээсэн. Гэвч жилд гарч буй нийт ослын хэд нь жолооны хүрдний байрлалаас болж гарав гэдгийг баталсан нарийн судалгаа алга. Өөрөөр хэлбэл, гарсан ослын нийт хувьд нь согтуугаар авто машин жолоодсон, техникийн бүрэн байдлаа хангаагүй, хурд хэтрүүлсэн зэргээс гарсан нь ч хамрагдаж буй юм. Үүнээс гадна буруу талдаа жолооны хүрдтэй авто машин хамгийн олон байгаа учраас гарч буй ослын өндөр хувийг эзлэх нь тодорхой гэсэн яриа гарч байгаа. Жишээлбэл, нийслэлд энэ оны нэгдүгээр сарын байдлаар 307 мянган авто машин бүртгэлтэй байна. Үүний 70 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй.
Гаалийн ерөнхий газрын улсын ахлах байцаагч Ч.Тамираас импортоор орж буй нийт авто машины хэдэн хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байгааг лавлав. Тэрээр “Суудлын авто машины нийт импортын 70-80 хувийг Зүүн өмнөд Азийн орнуудад хэрэглэж байсан япон авто машин эзэлдэг. Таван хувь нь Хятадаас орж ирдэг. Үлдсэн хувьд нь АНУ, Европын улсууд, ОХУ-аас оруулж ирж байгаа авто машинд ногдоно. Зүүн өмнөд Азийн орнуудын экспортолж буй хуучин авто машин тухайн улсынхаа техникийн хяналт оношилгоонд орж хэрэгцээ шаардлага хангасан дүгнэлттэй байдаг. Ялангуяа, Японоос импортолж буй машин техникийн гэрчилгээ, техникийн үзлэгийн бичиг баримттай аукцон буюу нийтийн дуудлага худалдаагаар зарагддаг. Техникийн үзлэгийн бичиг баримтын баруун дээд өнцөгт нь 4,3,2,1-ийн аль нэг үнэлгээ тавигдана. Дөрөв гэсэн үнэлгээтэй бол техникийн шаардлага бүрэн хангана. Гурав нь техникийн аюулгүй байдлын шаардлага хангах боловч нэмэлт үйлчилгээ хийх ёстой. Өөрөөр хэлбэл, нарны гэрэл бууруулагч хальс, салхиний хаалт зэрэг нэмэлт үйлчилгээ хийх ёстой гэж ойлгож болно. Үлдсэн үнэлгээ нь техникийн шаардлага хангахгүй юм. Манай улсын импортолж байгаа авто машин нь 3-4 гэсэн үнэлгээтэй байдаг” хэмээсэн юм.
Буруу талдаа жолооны хүрдтэй авто машиныг хоригловол эдийн засгийн хувьд ч чамгүй алдагдал хүлээнэ. Тухайлбал, гаалийн байгууллага улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлдэг. Өнгөрсөн онд л гэхэд төсөвт 2.1 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Энэ мөнгөний 10 хувь нь авто машинаас авч буй татвар аж. Тэгэхээр импортын мэдээллээс үзвэл япон авто машин хориглоход улсын төсөвт орох татварын мөнгө бараг тэр чигээрээ сох дутна. Мөн иргэдийн хөрөнгө үнэгүйдэх магадлалтай. Жишээ нь, 10 сая төгрөгийн үнэтэй авто машин худалдан авсан иргэн байлаа гэж бодъё. Хориглосон шийдвэр гарсан тохиолдолд тэр хүний машины үнэ доод цэгтээ хүртэл унаж магадгүй нь. Өөрөөр хэлбэл, 6-7 сая төгрөгөөр хямдарч магадгүй гэсэн тооцоог ч зарим эдийн засагч хийсэн сураг бий.
Нөгөө талаас, олон улсын худалдаан дээр ч асуудал үүсэх магадлал бий гэнэ. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн. Хүний эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулаагүй аливаа бараа бүтээгдэхүүнийг шууд хориглох олон улсын харилцааны асуудалд тохирохгүй ч байж мэдэх аж. Эдийн засгийн өрсөлдөх чадвар судалгааны төвийн захирал Б.Лкашмигаас нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлийн тухай тодруулсан юм. Тэр “Манай улсад жолооны хүрд нь баруун талдаа авто машиныг цэгцлэх асуудал тулгараад байна. Нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөний талаар хийсэн бодит судалгаа алга. Бидний ажиглалтаар дундаж давхаргын иргэд буруу талдаа жолооны хүрдтэй авто машин унаж байна. Зарим нь амьжиргаагаа залгуулах орлого олдог гэж хэлж болно. Нэг ёсондоо, ажлын байр нь болчихсон хүмүүс ч бий. Нийт авто машины дийлэнх нь баруун талдаа жолооны хүрдтэй судалгаа гарсан. Үүнд, тохирсон сэлбэг, засварын газрууд, мэргэшсэн засварчин ч олон болсон. Тэгэхээр нарийн судалж нийгэм, эдийн засгийн үр нөлөөг нь бодитой тодорхойлж байж зөв шийдвэр гарах байх. Хүмүүс төр засгийн бодлого шийдвэрийг эсэргүүцэж байгаа нь амьжиргааны төвшинтэй холбоотой. Монголчуудын амьжиргааны төвшин сайжирсангүй. Монгол Улсын эдийн засаг хурдацтай өсч байгаа ч өнөөдөр иргэд, дундаж давхаргынхан түүний үр шимийг хүртэж чадахгүй байна” гэсэн хариу өглөө.