Орчин үеийн хүн дунд сургууль, их сургууль дүүргэснээсээ хойш барагтай л бол бодол санаагаа өөрийн гараар бичиж буулгахаа больсон. Нэг бодол санаагаа илэрхийлэх бол компьютер ашиглана, найздаа хандах бол утсаараа мессэж бичнэ, хол газар мэдээ хүргэх бол имэйл бичнэ. Цаашдаа энэ мэтээр үргэлжлээд байвал гараар бичих гэгч зүйл нь өд, бичгийн машин шиг мартагдах дээрээ тулж ч магадгүй юм. Иймд Олон улсын бичгийн хэрэглэл үйлдвэрлэгчдийн ассоциацас (Writing Instrument Manufacturers Association, WIMA) жил болгоны энэ өдрийг Гараар бичих өдөр (National Handwriting Day) болгон зарласан билээ.
Ингэснээр хүн болгон бичгийн давтагдашгүй хэв маягтай гэдгийг сануулан бодол санаагаа гараар бичиж үлдээж байхын ач холбогдлыг сурталчлахыг зорьжээ. Хүн төрөлхтөн саяхныг хүртэл, өөрөөр хэлбэл бичгийн машин гарч ирэх хүртэл бүх л түүх, шастираа гараар бичиж буулгасаар ирсэн түүхтэй. Будда бурханаас эхлээд суут Аристотель, Нагаржуна, Леонардо да Винич гээд суутнууд бүгд бүтээлээ гараар бичиж байсан бол Бурханы шашны ариун судруудаас эхлээд Христийн шашны Библь, Лалын шашны Коран хүртэл бүгд анх гараа бичигдэн буусан юм.
Хүн болгоны бичгийн хэв давтагдашгүй онцлог байдаг тул хүний зан байдал, үзэл бодол, ааш маягийг бичгийн хэвээр тодорхойлдог судалгааны салбар ч бий болсон юм. Энэ салбарыг графологи гэдэг. Бичгийн хэвээр хүний сэтгэл зүйг тодорхойлохдоо үсгийн хэмжээ, налуу ба хэлбэр, бичгийн чиг, даралтын хүч, үг бичих онцлог, бичгийн хэвийн ерөнхий байдал гэсэн долоон үндсэн шинжийг ашигладаг.
Ингэхэд та гадны шахалтаар бус харин өөрийн хүслээр бодол санаагаа гараа бичилгүй хэр удаж байна?