Дорнод аймагт газрын тос олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн удирдлага, ажилтнуудын хооронд үүсээд буй асуудлаар Хөдөлмөрийн яам, Газрын тосны газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Уул уурхайн яам, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын Тээвэр Холбоо Газрын Тосны Ажилтны Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн дэргэдэх Үйлдвэрчний Эвлэлийн Хороо болон компанийн удирдлагуудын хамтарсан уулзалт хийлээ. Өнгөрсөн оны 4-р сард тус компанийн ажилтнууд Үйлдвэрчний эвлэлийн хороондоо хандаж компанийн удирдлагуудад доорхи асуудлуудыг тавьж байжээ.
Үүнд:
1. Монгол ажилтнуудын цалин хөлсний хэмжээг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх
2. Ажлын горимын 40 хоног ажиллуулаад 20 хоног амруулах хуваарийг багасгах
3. Ажилтнуудын амьдрах байр, ажиллах орчныг сайжруулах гэсэн асуудлууд багтсан юм.
Өнгөрөгч оны 11-р сард Засгийн газрын тэргүүн Дорнод аймагт ажиллах үед цалин нэмэгдүүлэх талаар компаний удирдлагуудтай зөвшилцсөн боловч хэрэгжилт удааширсаар компаний ажилтнууд ажил хаялт хийх мэдэгдэл гаргаад байгаа. Иймээс Хөдөлмөрийн яамнаас холбогдох агентлаг, холбоо, үйлвэрчний эвлэлийн хороо тус компаний удирдлагуудыг оролцуулсан уулзалтыг зохион байгуулж, дээрх асуудлуудаар тэдгээрийн байр суурийг сонсож тайлбар авлаа.
“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнуудын үзэж байгаагаар Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу монгол ажилтнуудын цалинг 2013 оны 1 дүгээр сараас нэмэгдүүлэх, 2012 оны 11, 12 дугаар сарын цалингийн нэмэгдлийг олгохоор амласан ёсоор нэмсэн боловч хээрийн болон удаан жилийн нэмэгдлийн мөнгийг үндсэн цалин дээр нэмж олгосон нь нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэгтэй адил зүйл болсон байна.
Уулзалтын үеэр “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн зүгээс өөрсдийн нөөц бололцоо, судалгаа шинжилгээнд тулгуурлан ажилтнуудын цалинг тодорхой хувиар нэмж, цалингийн хүснэгтэд шинэчилсэн өөрчлөлт хийсэн гэдгээ мэдэгдсэний хариуд салбарын холбооныхон “Компаниас гаргасан цалин нэмэгдүүлэх шинэ саналыг албан бичгээр өгсөний дараагаар ажилтнууддаа танилцуулж, зөвшилцсөний эцэст хэлэлцээрийн ширээнд сууна” гэдгээ илэрхийллээ.
Харин Газрын тос олборлолтын газраас тус салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьд их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж, эрсдэл дагуулж удаан хугацаанд өгөөжөө өгдөг учир энэ асуудалд хоёр тал холбогдох хууль журам, бодлогын хүрээнд зохицож ажиллахыг хүслээ.
Харъяа газрын төлөөлөлүүд болон талууд харилцан байр сууриа илэрхийлж санал солилцсоны эцэст Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг хэлэхдээ “Газрын тос олборлоход хөрөнгө оруулалт их хийдэг ч, ажилтнуудынхаа цалин хангамжинд төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа нь харагдлаа. Энэ нь танай компаний хувьд хөдөлмөрийн харилцааны бодлогоо эрс өөрчилж, шинэчлэл хийх цаг болсныг харуулж байна. Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон Газрын тосны газрын хүсэлтийн дагуу танай компанийн 200 гаруй гадаад ажилтны хөдөлмөр эрхлэх хугацааны сунгалтийг 2012 онд хийсэн нь бидний зүгээс үүргээ биелүүлж байгаа явдал гэж ойлгож байгаа. Тиймээс та бүхэн ойрын хугацаанд бидэнд мэдэгдсэний үндсэн дээр цалин нэмэх асуудлаа шийдвэрлэхийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэлээ.