Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГОРЬДЛОГО ТЭЭСЭН ТӨСЛҮҮДИЙН ЦААНА ГАРЪЯ

Төв аймгийн Зуунмод сум. Уг нь аймгийн төв нь л дөө. Хоттой хамгийн ойр аймгийн төв. Гэвч хөгжлийн хувьд Сүхбаатар, Өмнөговийн ёстой чигчий хуруунд ч хүрэхгүй. Ажилгүйчүүд дэлгүүрийн үүд сахиж лонхны бөглөө мултлах хүсэлтнүүд дүүрчихсэн бүүдгэр амьдрал тэнд л үргэлжилнэ. Уг нь хятадын нэг оёдлын үйлдвэр байсан юм. Гэтэл нэг л өдөр үүдээ хаагаад тэнд ажиллаж байсан хүмүүс бүгд ажилгүй болсон. Үнэндээ манай Зуунмодынхныг бүхэлд нь тэжээж байсан үйлдвэр хэмээн иргэд ярьж ажилтай болох л түмэн хүсэлтэй байна хэмээж байсан. Цөөн айлын эзэн Оюутолгойд ажилладаг л гэнэ. Гэвч...
Өөрийн эрхгүй нийслэлээс хэдхэн км-ийн цаана байж арай ч дээ гэх дүр зураг бууна. Тэд ажилтай болох аймгийн төвд ажлын байр хэзээ шинээр буй болохыг л мөрөөдөнө үү гэхээс өөрсдөө бий болгох талаар үнэндээ ямар ч санаачлага алга.
Үүний тулд төлөвлөсөн томоохон хөтөлбөрүүдээ газарт буулгаж, нүдэнд харагдаж гарт баригдах бодит ажилд ханцуй шамлах л хэрэгтэй байна. Уг нь, цаасан дээр байгаа эдийн засгийн хөгжлөөр Монгол Улс моодны хэллэгээр “гараад өгсөн”. 17 хувь гэдэг хэний ч нүдийг томруулах эдийн засгийн өсөлт. Уул уурхайн тогтоогдсон нөөцөөр дэлхийд 10-т цохиж яваа Монгол Улс Үндэсний хөгжлийн цогц бодлогынхоо дагуу 2021 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ээ  12000 ам.долларт хүргэж чадвал Азийн барын нэг болно. Чихэнд чимэгтэй л үг. Гэтэл үүний тулд бидэнд юу хэрэгтэй вэ. Ёстой өнөө АН-ын уриа болсон ажилтай, орлоготой Монгол хүн. Хамгийн түрүүнд хэрэгжиж болох хөтөлбөрийн нэг бол мэдээж төмөр замын их бүтээн байгуулалтын ажил. Замаа барьж эхэлбэл Сайншандад кокс, зэс, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрүүдийн шав тавигдана.
Коксжсон нүүрсний хэрэглээ зөвхөн урд хөршид гэлтгүй Азид өдрөөр цагаар өсч байна. Бидэнд харин нүүрс байна шүү. Багадаа 200 жил ашиглах нүүрс байна аа хэмээн мэргэжилтнүүд тооцоолоод өгч. Гэвч бид байгаагийн зовлон амсч сонголт байна шүү хэмээн хоорондоо хэрэлдсээр сууна. Дэлхийн зах зээлд гаргах уу, тэртээ тэргүй цангасаар байгаа урд хөршдөө өгөх үү гэсэн асуултын хариуг хэзээ хэн олж ажилгүй монголчуудыг гялайлгах билээ.
Сонголт 1. 2015 он гэхэд Өмнөд Солонгос 23 сая тонн, Тайвань есөн сая тонн, Япон 63 сая тонн нүүрс импортоор авах гэнэ. Тэгвэл бид хэрүүлийн бай болоод байгаа 200 жи­лийн нөөц, Таван толгойн нүүрсээ тэдэнд хэрхэн хүргэх вэ.
Сонголт 2. Хятадын төрийн өм­чийн Чалькогоос зээлсэн 340 сая ам.долларын өрөндөө одоогоор  тонныг нь 70 ам.долллараар үнэлж нүүрсээ өгөх гэрээтэй байгаа. Ахиад өр барьцаа гэсэн маягаар энэ гэрээг үргэлжлүүлж, бидэнд дэлхийн зах зээл хамаагүй мэт чихэн дүлий нүдэн балай суусаар байх уу .
Мэдээж аль алинаас нь арвитайхан ашиг олохын тулд хямд дэд бүтцийн систем нэн тэргүүнд хэрэгтэй. Энэ бол дэлхийг хэрсэн төмөр замын сүлжээ. Гэтэл бидэнд 1956 онд бүрэн эдэлгээнд оруулсан 1100 км төмөр зам л бий. Тиймээс төмөр замын их бүтээн байгуулалтыг дэлхийн зах зээл дээр гарахаар төлөвлөж эхлүүлэхээр Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг анх удаа 2010 онд баталж, 2013 он гэхэд эхний бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байхаар тооцоолсон. Үүнд олон мянган монгол инженер замчид, ажилчид ажиллаж, үүнийгээ дагасан олон айл өрхийн амьжиргаа дээшлэнэ гэж төлөвлөсөн. Зарим газраа  замын транс, гидрогеологийн ажлууд ч эхэлсэн.
Олон хүн төмөр замд ажиллах горьдлого тээн гүйцэтгэгч компанийн ажилд авах зарыг хүлээж сууна. Харамсалтай нь эргэж буцсан Монгол төрийн бодлого иргэдийн амьжиргаанд нөлөөлөөд зогсохгүй гадаадын хөрөнгө оруулагчдыг түлхэхэд хүргээд байна.

Тэгвэл урагшаа эсвэл хойшоо гарах төмөр замын ялгааг харьцуулж үзье.

Урагшаа Таван толгой-Гашуун сухайт

Тавантолгой-Зүүн баян-Сайншанд-Баруун Урт-Чойбалсан

267 км-нарийн цариг-Хятадын төмөр замын сүлжээнд шууд холбогдоно. Хүн тээвэрт ашиглаж болохгүй.

1040 км өргөн цариг-Монголын төмөр замын нэгдсэн сүлжээнд холбоотой. Хүн тээвэрт ашиглаж болно.

Гарц: Гашуун сухайт-Хятад

Гарц: Чойбалсан-Эрээнцаваар Орос руу

Баруун Урт-Рашаантаар Хятад руу

Баруун Урт-Бичигт-Хятад

Хүрэх зах зээл: Хятадын Бугатын төмөрлөгийн үйлдвэр

Ганцхан Хятадын зах зээлээс шууд хараат

Хүрэх зах зээл: Оросын гурван боомт, Хятадын таван боомтоор дамжиж далайн тээвэрлэлтээр Япон, Солонгос, Тайванийн зах зээлд

Оросын боомтоор дамжин Европт хүрэх боломж нээгдэнэ.

Худалдаж авах үнэ: Нэг тонн нүүрсэнд 70 ам.долларын гэрээ

Худалдаж авах үнэ: Нэг тонн нүүрсэнд 200 хүртэл ам.доллар

Тав хүртэлх жилийн гэрээг үнээ бууруулах нөхцөлтэйгээр байгуулна

20-50 жилийн тогтвортой гэрээг зах зээлийн үнэтэй уялдуулж байгуулна.

Монголд үлдэх нэмүү өртөг: Нүүрсээ угаагаад шууд Хятад руу гаргах

Монголд үлдэх нэмүү өртөг: Нүүрс угаана, боловсруулна, тээвэрлэлтийн зардал шингэнэ

Гэх мэтээр цааш нь бичиж болох юм. Энэ бол өмнөх төрийн болон судалгааны байгууллагуудаас хийж, танилцуулсан судалгаанаас түүсэн зарим баримт. Магадгүй уншигч та ч үргэлжлүүлж бичээд үзээрэй.

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлснээр “Том асуудлыг голоос нь барьж авдаг юм. Том асуудлыг тойрч явдаггүй юм. Бүх анхаарлаа, хүчээ түүнд чиглүүл, бүх хөрөнгөө түүнд оруул, шийдвэр гаргах тэр эрх мэдлээ түүнд ашигла, цагаа төвлөрүүлээд ажилла” л даа.

Н.Бат

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан