АНУ-ын Нью-Йорк хотноо хоёрдугаар сарын 15-наас эхлэн олон улсын шилдэг загвар зохион бүтээгчдийн загварыг танилцуулах “International Couture Fashion Week New-York” загварын долоо хоног эхлэх гэж байна. Энэ арга хэмжээнд Монгол Улсаас анх удаа “Katya-Zol” брэндийг Засгийн газрын дэмжлэгтэйгээр танилцуулахаар боллоо. Ингээд “Katya-Zol” брэндийг зохиогч, загвар өмсөгч Катя буюу Г.Золцэцэгтэй ярилцлаа.
-Монголоос анх удаа “International Couture Fashion Week New-York” загварын долоо хоногт таны загварыг танилцуулахаар боллоо. Сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?
-Анх энэ загварын шоунд бүтээлүүдээрээ оролцох хүсэлтэй байгаагаа ССАЖЯ-нд мэдэгдэхэд нааштайгаар хүлээн авч дэмжиж бүх зардалыг даахаар болсон. Бас дан ганц загвараар бус чадварлаг баг бүрдүүлж явах хэрэгтэй гэж зөвлөсөн. Ингээд мэргэжлийн сайн баг бүрдүүлэн Монгол брэндийг Нью-Йоркийн тайзнаа танилцуулахаар болоод байна.
-Олон улсын хэмжээний шоунд өөрийнхөө загварыг танилцуулах эрх авахын тулд нэлээд шалгуур давсан байх?
-Тэгэлгүй яахав. Хийсэн загваруудаас сонгож шалгаруулдаг юм билээ. Өөрийн бүтээлүүдийн каталоги болон видеог эхний шатны шалгаруулалтанд явуулсан.
-Ямар багийн бүрэлдэхүүнтэй явж байгаа вэ. Багийнхаа гишүүдийг танилцуулаач?
-Манай баг стилист дизайнер Д.Энхмаа, нүүр хувиргагч Э.Эрдэнэсувд, “Матрикс” салоны захирал, стилист Н.Батжаргал, “Студи-3”-ын фото зурагчин Э.Ууган-Эрдэнэ, дизайнерын туслах Д.Цэцэгмаа, загвар өмсөгч А.Сарнай гэсэн бүрэлдэхүүнтэй байгаа.
-Багаа хэрхэн бүрдүүлсэн бэ. Тодорхой шалгуур тавьсан уу?
-Хэлний мэдлэг, мэргэжлээрээ хаана их дээд сургууль төгссөн, ажиллаж байсан туршлага зэргийг нь харж багийн бүрэлдэхүүнээ сонгосон.
-Олон улсын загварын мэргэжилтэнүүд цугласан газар дан ганц загвараа үзүүлээд зогсохгүй болов уу. Өөр хийхээр төлөвлөсөн ажил бий юу?
-”UBS” телевизийн сурвалжлагч бидэнтэй хамт очиж, үйл явдлыг цаг алдалгүй, газар дээрээс нь дамжуулахаас гадна “New-York fashion Mersedes Benz” шоуны улаан хивсний ёслолыг дамжуулж, Нью-Йорк хэв маяг, загварын чиг хандлагыг эх орондоо таниулах ажил хийхээр болсон. Бас тэндхийн загварын сургуулиас сурвалжлага нэвтрүүлэг бэлтгэн хүргэхээс гадна монгол брэндийг дэлхийд сурталчлах хөтөлбөртэй явж байгаа.
-Үзүүлэх загваруудад Монгол хэв маяг орсон болов уу?
-Бага зэрэг орсон. Ажил хэрэгч хэрнээ дэгжин загварын эмэгтэй иж бүрдлээрээ оролцоно.
-Таны загварыг ямар моделиуд өмсөж танилцуулах вэ?
-АНУ-ын шилдэг 100 гаруй загвар өмсөгчдөөс өөрийн загварт тохирсон 15 моделийг сонгож загвараа өмсүүлнэ. Мөн багт маань багтсан загвар өмсөгч Сарнай бас миний загварыг өмсөж танилцуулна.
-Катя өмнө нь өөрийнхөө бүтээлүүдийг “K.A.T” нэрээр гаргадаг байсан байх аа?
-Тийм ээ. “К.А.Т” брэндээ гаргаад олон улсаас 500 гаруй байнгын үйлчлүүлэгчидтэй болсон. Тэгээд өдөр тутмын загваруудаа өөрчилж, тансаг зэрэглэлийн цор ганц загваруудаа гаргахаар сэтгэл шулуудан “Roolsmodels crate” агентлагын тусламжтайгаар “Katya-Zol” нэрээр үйл ажиллагаагаа шинэчлэн явуулж байгаа.