Дэлхийн зах зээлд хөрөнгийн хуримтлалаараа тэргүүлдэг таван салбарын нэг нь программ хангамжийнхан. Хуримтлагдсан хөрөнгө нь ойролцоогоор 1050 тэрбум гаруй ам.доллар. Эрэлт ямар их байгааг энэ тоо харуулах. Эрэлтийг хангахын тулд программ хангамж нийлүүлдэг компаниуд байна. Хүн болгоны мэдэх “Майкрософт” компани үүний тод жишээ. Гэтэл бусдын зохиож, эрхийг нь авсан программыг хууль бусаар хуулбарлаад тарааж, борлуулдаг хар захын бизнес гэж бас бий. Энэ хууль бус бизнес сүүлийн хэдэн жил дэлхийн хэмжээнд маш эрчимтэй тэлсээр.
2010 онд 58,8 ам.долларын хууль бусаар хуулбарласан программ хангамж дэлхийн хэмжээнд зарагдаж байсан бол 2011 онд 68,4 тэрбум ам.доллар болж нэмэгджээ. Ингэж нэмэгдсэн нь үсрэнгүй хөгжиж байгаа зах зээлтэй орнуудад компьютерийн нийлүүлэлт эрс нэмэгдсэнтэй холбоотой. Жишээлэхэд, зарим эх сурвалж манай урд хөршид зарагдаж байгаа нийт программ хангамжийн 77 хувь хууль бусаар хуулбарласан буюу хулгайнх гэж тодорхойлжээ.
Хойд хөрш ба Энэтхэгт энэ үзүүлэлт арай бага тус бүр 63 хувь. Бразилд 53 хувь. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр программ хангамж боловсруулагчид нь Хятадад гэхэд олох ёстой орлогынхоо дөнгөж 27 хувийг аваад бусдыг нь хууль бус бизнес эрхлэгчдэд алдаж байна гэсэн үг.
“Microsoft” компанийн жишээн дээр авч үзвэл зөвхөн энэ дөрвөн улс төдийгүй өөрийн бүртгэлтэй Америкийн татварын албанд тэр хэмжээний мөнгөнөөс татвар төлж чадахгүй байна гэсэн үг юм. Дэлхийн хэмжээнд байгаа бүх компьютер хэрэглэгчдийн 31 хувь нь хулгайн программ хангамжийг тогтмол хэрэглэдэг, 26 нь бага хэрэглэдэг аж. Тэгэхээр дэлхийд байгаа нийт компьютерийн 50 гаруй хувь нь хулгайн программ худалдан авдаг гэсэн үг. Үр дүнд нь программ хангамж боловсруулагч компаниуд ашгаа, тэднээс татвар авах ёстой улсууд татварын мөнгөө хууль бус бизнес эрхлэгчдэд алдаж байна. Иймд энэ асуудал нь зөвхөн программ хангамж боловсруулагч компанид халдсан хэрэг биш төрийн халаас руу гараа шургуулсан хэрэг юм. Үүний дээр программыг хууль бусаар хуулбарлан тараах, борлуулах нь оюуны өмчид халдсан, зохиогчийн эрхийг маш бүдүүлгээр зөрчсөн хэрэг юм.
Иймд ихэнх орон оюуны өмчийг хамгаалах хуульд өөрчлөлт оруулж хууль бус программ хангамж ашигласан тохиолдолд ноогдуулах шийтгэлийг чангаруулсан.
Манай хойд хөршид гэхэд хулгайн программ хангамж зарсан, ашигласан, худалдан авсан тохиолдолд хоёр зуун мянга хүртэлх рубль, эсвэл 18 сарын ажлын цалингаар, эсвэл 200 цаг олон нийтийн ажил хийлгэх, эсвэл хоёр жил хүртэл хорих ялаар шийтгэдэг болсон. Үүний дээр программ хангамжийн өмчлөгч нь нөхөн төлбөр шаарддаг. Орос дэлхийн тавцанд хуулийг дээдэлдэг улс гэсэн имижээ сэргээх гэж багагүй чармайж байгаа. Энэ чармайлтын хүрээнд хууль хяналтын албад хувийн болон улсын байгууллагуудад гэнэтийн шалгалт хийдэг болжээ. Ингээд хулгайн программ хангамж ашиглаж байсан нь илэрвэл “будаа”. Тухайн байгууллагад байгаа компьютерийн тоогоор торгууль шийтгэл нэмэгдэнэ. Сибирийн нэг тосгоны багш, мэдээлэл зүйн ангидаа компьютер авахдаа дээр нь хулгайн үйлдлийн систем суулгасан байсныг мэдээгүй аж. Үүнийг нь цагдаа нар шалгалтаар илрүүлээд шүүхээс хөөрхий багшид хоёр жил хорих ял өгч байсан нь ихээхэн дуулиан тарьсан.
Гэхдээ “Microsoft”-ын үйлдлийн системээс гадна компьютер дээр нь офисын программ, зургийн редактор гэх мэт хэрэглээний хулгайн программууд суусан байдаг. Тэрхүү суулгасан программуудын албан ёсны үнэ нь 10 мянган рублиэс илүү гарвал шууд эрүүгийн хэрэг үүснэ. Хулгайн программ суулгасан компьютерүүдийг нь хурааж авна.
АНУ-д хууль бус программ хангамж ашигласан бол 150 мянган ам.доллараар торгоно. Зохиогчийн эрхийг зөрчин хулгайгаар хуулж, борлуулсан бол 250 мянган ам.доллараар торгож тав хүртэлх жилээр хорино. Дээр нь шүүхийн бүх зардлыг даах ёстой болно. Программын өмчлөгч нь мөн л нөхөн төлбөр шаардах эрхтэй. Японд интернэтээс хулгайн программ татаж авсан хүнийг хоёр жил хүртэл хорих, эсвэл 25 мянган ам.доллараар торгодог. Харин Хятадад программ хууль бусаар хуулбарлах асуудлыг дийлэнхдээ анзаараагүй мэт царай гаргадаг. Хааяа л программ хангамж боловсруулагч том компаниудын шахалтаар компьютерийн захуудаар үзүүлэн маягийн цэвэрлэгээ хийж хулгайн программтай баахан диск хураан авч устгаж байгаагаа харуулна. Ийм байдал дэлхийн хэмжээнд зохиогчийн болон оюуны өмчийн эрхийг дээдэлдэггүй улс гэсэн нэр авч, имижээ алдахад хүргэж байгаа болохоор сүүлийн жилүүдэд илүү танхаарч байгаа. Манай улс ч энэ асуудлыг огт байхгүй мэт ойшоодоггүй. “Компьютер форматлана, төрөл бүрийн программ суулгана” гэсэн зар хаа сайгүй. Компьютер мэддэггүй хүн тэдэн рүү ярихаас өөр аргагүй.
Ярихаар нэг нөхөр ирээд баахан хулгайн программ суулгаж өгчихөөд хэдэн цаас аваад яваад өгнө. Хэрэв манайд дээрх улсуудтай адил хууль үйлчилдэг байсан бол хулгайн программ суулгуулсан айл өнөөдөр бөөн төлбөрт унж, компьютерээ хураалгачихсан суух байсан биз.
Харин сүүлийн үед байдал өөрчлөгдөж эхэлсэн бололтой. Ямартай ч УИХ-ын дарга З.Энхболд төрийн байгууллагуудад хандан оюуны өмчийн зөрчилгүй программ хангамжийн бүтээгдэхүүн хэрэглэхийг уриалсан. Шинэ засаглал хуучирсан юмыг шинэчлэн өөрчилж байгаа нь зөв. Уриалга гаргаж анхааруулалгүйгээр төрийн байгууллагуудыг шууд шалгаад, торгоод, хураагаад эхэлбэл тун ч таагүй байдал үүсэх нь гарцаагүй гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй. Манайд 150 мянга гаруй төрийн албан хаагч байгаа. Бүгд компьютерийн ард суудаггүй ч захиргааны албан тушаалтан 15280 хүний дийлэнх нь компьютерийн ард сууж байгаа нь ойлгомжтой. Бүгд шахуу “Microsoft”-ийн “Windows” үйлдлийн систем, “Office” программ ашиглаж байгаа. Эхлээд эдгээр программыг худалдан авч компьютер дээрээ суулгах ёстой. Хулгайн биш албан ёсны “Windows7” хамгийн хямдаа 99 ам.доллар. “Office” 199 ам.доллар. Дээр нь бүх компьютерүүдэд вирусын эсрэг программ суулгах хэрэгтэй. Үнэгүй программууд нь олигтой хамгаалж чадахгүй болохоор төрийн байгууллагуудын мэдээллийн нууцыг хангахын тулд “Касперский” гэх мэт үнэтэйг нь авч суулгахаас өөр аргагүй болно. Дараа нь эдгээрийг 1-3 жил тутам заавал шинэчилж байхгүй бол хоцрогдоод цаг үеийнхээ шаардлагыг хангахаа байдаг. Хоёр программ шинэчлэхэд дунджаар 150 ам.доллар гэж тооцвол хэдий хэмжээний ам.доллар болох вэ? Манайх хэр баян улс билээ?
Европын олон улс, манай хойд ба урд хөршийн төрийн яам, албадууд чөлөөтэй программ хангамж руу шилжсэн. Ийм программ хангамжийн эх код нээлттэй, үнэгүй тараагддаг болохоор дээр нь суурилаад өөрийн онцлогт тохирсон программууд боловсруулах боломжтой. Ингэснээр эдгээр улс төсвийн мөнгөө Билл ахад өгөлгүй хэмнэж байгаа төдийгүй өөрийн орны программ болосвруулагчдад захиалга өгөх замаар илүү үсрэнгүй хөгжих боломжоор хангаж байгаа юм.