Сүүлийн хэдэн жил манайд эрчимтэй хөгжсөн салбар бол барилгын салбар. Нийслэл хотын өнгө төрх өдрөөс өдөрт өөрчлөгдөж, шинэ шинэ, тэгэхдээ хуучны архитектур, хэв загвараас огт өөр барилгууд яахын зуургүй л босдог болсон. Та бидний хэдийний мэдэх ёотон шиг цагаан байшин гэдэг түүх болон үлдэж орчин үеийн, өрнийн тансаг, дорнын уламжлалт хийцтэй барилга олширсон нь манай барилгачдын гавьяа.
Барилгачдын энэ л армийн нэгээхэн хороо дивиз нь “Авзага трейд” компани. Монгол Улсын Засгийн газар 100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Анх ярьж байснаасаа чамлалттай сонсогдож шүүмжлэл дагуулж байгаа ч цөөн ч гэсэн тэр орон сууцыг чухам барилгачид л барьсан.
“Авзага трейд” компани нийслэл хотод орон сууцнаас гадна хөдөө орон нутагт эмнэлэг, сургууль гээд нийгмийн чанартай олон нийтийн үйлчилгээний томоохон барилга байгууламж барьдаг байгууллага. Энд Эрдэнэт хотын цэнгэлдэх хүрээлэн, Булган аймгийн спортын ордон, хэдэн арван сумын хүн эмнэлэг гээд олон байгууламжийг нэрлэж болно. Зөвхөн энэ жил л гэхэд эдний компани улсын хэмжээнд 10 гаруй объект дээр нэгэн зэрэг ажиллаж байна.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж дээр доргүй ярьж байгаа өнөө үед жинхэнэ үндэсний үйлдвэрлэгч гэж чухам л “Авзага трейд” компанийг хэлж болно. Цагаан сарын бэлгийг хүртэл хятадын бараа авбал мөнгө нь гадагшаа урсдаг хэмээн ярьж байгаа өнөө үед барьж байгуулсан, хийж бүтээсэн ажлынх нь цалин хөлс нь ч, барьсан сүндэрлүүлсэн барилга нь ч жинхэнэ ёсоороо эх орондоо үлддэг аж ахуйн нэгж бол “Авзага трейд”.
Эднийх барилгын зарим нэгэн компани шиг хямд өртөгтэйг нь бодож гадаадын ажиллах хүч, хятад солонгосын нэг ч ажилчин авдаггүй, монгол инженер, монгол ажилчдаа ажиллуулан цалин хөлсөө монголчуудынхаа гар дээр тавьдаг компани.
Өмнө хэлсэн арав гаруй объектод тус компаний 500 орчим үндсэн ажилчин ажиллаж, хийж бүтээж, барьж байгуулж байна. 500 хүний цаана хэдэн өрх айл, тэдний хэдэн ам бүл байгаа билээ. Тэр л хүмүүс жинхэнэ үндэсний үйлдвэрлэгч “Авзага трейд”-дээ ажиллаж, нийслэл хөдөө орон нутаг орд харш сүндэрлүүлэн, хөдөлмөрийнхөө хөлсийг чухам л эх орондоо “үлдээж” байгаа.
Үндэсний үйлдвэрлэл, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье, хэн дээгүүр дарга мяндагтнуудтай ойр, танил тал нь газрыг баруун зүүнээрээ авч өгдөгийг болиулъя гэж байгаа өнөө үед ийм л жинхэнэ үндэсний үйлдвэрлэгч компаниудаа харж хандах, наашаа гэдэг цаг болоод байна.
Уг нь олоон жилийн өмнөөс эдний компани 40 мянгатын хуучирч олон жил болсон дөрвөн давхар барилгуудыг, оршин суугчдыг нь гудманд гаргахгүйгээр ээлж дараалан шинэ орон сууцанд оруулах зарчмаар шинэ хороолол болгоё гэсэн төсөл боловсруулж байсан. Мөн барилгачдад зориулсан хөнгөлөлттэй үнэ бүхий хороолол байгуулах, Гандангийн дэнжийг гэр хороолол, барилга хосолсон үндэсний маяг хэлбэртэй хотхон болгож тохижуулах гээд хэд хэдэн төсөл боловсруулсан ч тус компанийн захирал, Монгол Улсын гавьяат барилгачин П.Мэндбаяр дээгүүр доогуур гүйж, дарга түшмэлүүдтэй ойр байдаггүйгээс дэмжигдээгүй өнөө хүрч байгаа нь үнэн. Магадгүй хэдэн жилийн өмнө ярьж байсан энэ төслийг дэмжээд захаас нь хэрэгжүүлээд явсан бол 40 мянгатын дөрвөн давхар хуучин барилгуудаас хэд нь өчнөөн олон давхар орчин үеийн орон сууц болж өнөөх 100 мянган айлаас нь хэд нь орон сууцны нөхцлөө дээшлүүлэх байсан бол. Энэ хэрээрээ гэр хорооллын айлуудын тоо хэдээр цөөрч өвөл хаврын агаарын бохирдол хэдэн хэдэн хувиар багасах байсан бол.
Гандангийн дэнжийг шинэчлэх орчин үеийн гэр хороолол, тохижсон гэр хороолол болгох төсөл нь ч гэсэн. Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч, Монгол Улсын баатар Э.Бат-Үүлээс өмнөх дарга нар ухаалаг хандсан бол, хэдэн жилийн өмнөөс л үүнийг анхааралдаа авч, тал талаас нь санаа нийлээд хэрэгжүүлж эхэлсэн бол өнөөгийнх шиг түргэн тусламж, гал унтраах машин орохооргүй, шинэ барилга барих гэхээр газраа чөлөөлж өгөлгүй хэдэн зуун сая төгрөг нэхээд суучихдаг болох ч байсан бил үү, үгүй бил үү.
Гудамж замыг нь цэгцэлье, цэвэр бохир ус, дулааны шугам тавья гээд айлуудыг чөлөөлөх гэхэд ядаж л өнөөгийнхөөс арай бага мөнгө нэхэх байсан даа.
Иймд одоо барилга барих газар, олгохдоо барих байгууламжийн тендер шалгаруулахдаа танил тал, найз нөхөд биш, ардах эзнийг нь харж биш, харин хэн нь ажлын ямар туршлагатай, өмнө нь барьсан барилга байгууламж, объект нь юу, одоо яаж ашиглагдаж байгаа, ажиллагсдын нь хэдэн хувь монгол ажилчид байгаа зэрэг шалгуурыг харж байж өгдөг болмоор байна биш үү. Урьд нь ч ийм л журам байсан, даан ч хэрэгжүүлдэгүй байснаас биш. Тэгэхээр одоо энэ журмаа жинхнээр нь мөрдье. Чухамдаа энэ мэтийг тендерийн материал хүлээж авахдаа л шүүн тунгаадаггүйгээс хамгийн хямд, хятад ажиллагсадтай, хамгийн хямд тааруухан материал ашигладаг компаниуд хямд үнээр зодож тендер авчихаад өнөөдөр араасаа хэл ам дагуулсаар байгаа нь нууц биш.
Ашиглалтад ороод жил бололгүй хана тааз нь нурдаг, цан цохидог, сантехник нь ус алддаг гээд оршин суугчид, албан байгууллагуудыг чирэгдүүлж, тав тух алдуулдаг компаниуд чухам л ийм маягаар монголын мөнгийг гадагш урсгасаар байна биш үү.
Монгол эсгий, мод, арь ширээр сайхан сайхан зүйл урладаг, гурил хийдэг, сүү үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжинэ гээд байгаачлан барилгын салбарын жинхэнэ үндэсний үйлдвэрлэгч компаниудыг дэмжих цаг болжээ.
Ингэвээс энэ олон барилга барих хөрөнгө оруулалтын багагүй хувь нь монгол ажилчдын гар дээр очиж, монгол хүний аж амьдралын төлөө зориулагдана даа.