Экскoватор
Газар шороо, олборлолт, тэр тусам уул уурхай салбарыг хүнд машин механизм, тэдгээрийн дотор эксковаторгүйгээр төсөөлөх аргагүй. Зориулалт, ашиглах нөхцөл зэргээс хамаараад эксковаторууд олон янз. Тэдний дундаас хамгийн том “Bagger 288”. Энэ аварга том техникийг 1978 онд “Krupp” компанид зохион бүтээж угсарчээ. Ротор буюу эргэлддэг шанагатай болохоор тэр нь тасралтгүй эргэлдэн ухдаг. Ухсан шороогоо туузан зам дээр асгаж тэндээсээ гал тэргэнд ачин боловсруулагчид хүрдэг.
Зураг дээрээс харахад хэмжээг нь төсөөлөхөд бэрх байж болно. Тэгэхээр хэмжээг нь хэлэх хэрэгтэй. Өндөр нь 96 метр, урт нь 240 метр, өргөн нь 64 метр. Улаанбаатарт хамгийн түгээмэл байдаг есөн давхар барилгууд 30 метр өндөр байдаг гэхээр хэр том болохыг баримжаалж болно. Эксковаторын жин нь 13 мянга 500 тонн. 200 метрийн урт гарын үзүүрт нь 18 шанага бүхий ротор буюу эргэлддэг дугуй байдаг. Шанага тус бүр нь 6,6 шоо метрийн багтаамжтай. Энэхүү дугуй нь минутад 48 эргэлт хийдэг. Тэгээд минутад 240 мянган шоо метр чулуулгыг хуулан авна. Энэ хэр их хэмжээ вэ гэвэл 10 давхар байшинтай тэнцэх өндөр ханатай цэнгэлдэх хүрээлэнг дүүртэл нь шороогоор дүүргэхтэй адил. Ийм хүнд эд доош цөмрөх, суухаас сэргийлэх үүднээс тус бүр нь 3,5 метрийн өргөнтэй 12 гинж хийж өгсөн. Үүний ачаар “Bagger 288” эксковаторын хөрсөнд үзүүлдэг даралт нь хүн явахдаа үзүүлдэг даралттай адил. Энэ аварга эксковатор нь шаардлагатай үед өөрөө явж чаддаг. Гэхдээ маш удаан, цагт ердөө 1 км орчим газар туулна. Тэрээр ажиллаж байхдаа ганцхан удаа буюу 2001 онд “Hambach” нэртэй ил уурхайгаас “Garzweiler” ил уурхай руу очих гэж л хөдөлжээ. Эксковатор энэ замыг гурван долоо хоногийн турш туулсан байна. Энэ аварга эд ажиллахдаа 17 мегаватт цахилгаан эрчим хүч зарцуулдаг нь манайхаар жижиг хотын хэрэглээтэй адил юм. Эксковаторыг дөрвөн хүн ажиллуулдаг.
1995 онд зохион бүтээгч нар “Bagger 288”-ийн дүү “Bagger 293”-ийг бүтээжээ. Дүү нь ахын адил аварга хэмжээтэйн дээр эргэлдэгч дугуйн дээрээ тус бүр 15 шоо метрийн багтаамжтай 20 шанагатай.
Богино хугацааны асар их хэмжээний чулуулаг ухаж гаргах шаардлагатай үед ийм аварга техник хамгийн их хэрэгтэй байдаг. Ганц шанагатай ердийн эксковатор сар хийдэг ажлыг аварга “Bagger 293” ердөө хоёр гуравхан өдрийн дотор л амжуулна.
Бульдозер
Уул уурхайн газар шорооны ажилд маш чухал үүрэг гүйцэтгэдэг өөр нэг техник бол яах аргагүй бульдозер. “Komatsu D575A” нь дэлхийн хамгийн том бульдозер юм. Энэ хүчирхэг бөгөөд үлэмж том техникийн жин нь 142, 5 тонн, өндөр нь 4,87 метр, өргөн нь 7 метр, урт нь 12,7 метр.
Америкийн ба Австралийн нүүрс олборлогч компаниуд энэ аварга техникийг хамгийн ихээр ашигладаг. Ингэхдээ нэрийг нь өөрчилж бульдозер биш харин супердозер гэдэг болжээ.
Энэ аварга техникийг хамгийн анх 1981 онд угсарч, Хьюстон хотноо болж байсан тоног төхөөрөмжийн “Conexpo” үзэсгэлэн дээр танилцуулсан байдаг. Үүнээс хойш 10 жилийн дараанаас буюу 1991 оноос хойш Осака хотын ойролцоох үйлдвэрт угсарч эхэлсэн.
Бульдозерийн хөдөлгүүр 1150 морины хүчтэй. 12 цилиндртэй, дөрвөн такттай, усан хөргөлттэй турбо үлээлттэй хөдөлгүүртэй. Ийм аварга эдэд хөдөлгүүрийн хүч хүрэхгүй санагдаж байж болох. Тэгвэл энэ бүх хүч хурдлахад бус харин түлхэхэд гардаг болохоор хангалттай хүрэлцдэг. Бульдозерийн хусуур нь жирийн бульдозерийнхээс гурав дахин их хэмжээний чулуулаг түрж чаддаг. Өөрөөр хэлбэл 69 шоо метр чулуулгийг түрээд явж чадна. Нүсэр хүнд болохоор түүнийг тогтоож дийлэх юм гэж байхгүй. Бүгдийг нидрээд хамаад гардаг.
Өөрөө буулгагч
Уул уурхайд зайлшгүй хэрэгтэй бас нэг техник нь өөрөө буулгагч буюу манайхны ярьж заншсанаар “самсваал” юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн том өөрөө буулгагч нь “Caterpillar 797B”. Урт нь 14 метр 85 см, өргөн нь 9 метр 53 см, өндөр нь 7 метр 70 см. Энэ компанийн “Caterpillar 797F” нь яг адил овор хэмжээтэй ч хөдөлгүүрийн болоод моторын эзлэхүүн бага болохоор жин бага. Тэгэхээр “Caterpillar 797B” нь уурхайн аваргаас аварга өөрөө буулгагч нарын дотор хамгийн аварга нь төдийгүй дэлхийн хамгийн том автомашин юм.
“Caterpillar 797B”-тэй овор хэмжээгээр ойролцоо маш олон тооны өөрөө буулгагч байдаг. Жишээлэхэд, “Unit Rig” компанийн “Terex MT6300AC” өөрөөр буулгагч нь уртаашаа 15 см-аар илүү ч өргөнөөрөө 0,5 метрээр л бага. Тэгэхээр нийлбэр дүнгээрээ “Caterpillar 797B”-ийг арай л гүйцэхгүй. “Белаз-75600”, “Komatsu 930E” хоёр ч гүйцэхгүй. Гэхдээ “Komatsu 930E” нь уурхайн дэлхийн хамгийн урт өөрөө буулгагч бөгөөд урт нь 15 метр 60 см. Өргөнөөрөө 8 метр 70 см, өндөр нь 7 метр 30 см.
Уурхайн өөрөө буулгагчийн хувьд овор хэмжээ бус харин даац хамгийн чухал юм. Анхандаа даацыг нэмэгдүүлэхийн тулд эд ангиудын овор хэмжээг нэмдэг байсан бол сүүлийн үед илүү үр дүнтэй технологийн шийдлүүдийг ашигладаг болсон. “Caterpillar 797B” нь тэртээ 1998 онд зохион бүтээгдсэн бөгөөд 245 тоннын даацтай, 117 литрийн багтаамжтай 24 цилиндртэй хөдөлгүүртэй, долоон шатлалтай хурдын гидромеханик хайрцагтай, уурхайн өөрөө буулгагч нарын дотроо хамгийн хурдан буюу цагт 68 км хурдалдаг үнэхээр аварга том бөгөөд гайхалтай нь байлаа. Түүний гол өрсөлдөгч нь 238 тоннын даацтай 1997 оны “Euclid R260”, 290 тонны даацтай 1996 оны “Komatsu 930E”, 315,5 тонны даацтай 1974 оны “Terex 33-19 Titan” байв. Энэ гурван өрсөлдөгч нь хурдаараа “Caterpillar 797B”-ийг гүйцдэггүй. Хамгийн ойрын өрсөлдөгч нь цагт 64 км хурдалж чаддаг “Komatsu 930E”.
“Caterpillar 797B”-тэй даацаараа өрсөлдөх чадвартай өөрөө буулгагч дөнгөж 2004 онд гарч ирсэн нь “Liebherr T282B”. Түүний даац нь 363 тонн. Хэдийгээр 2010 онд гарсан “Caterpillar 797F” үүнтэй адил даацтай ч гэлээ өөрийн жингээр илүү. Харьцуулахад “Liebherr T282B” нь 230 тонн жинтэй бол “Caterpillar”-ууд 280 тонн жинтэй. Тэгэхээр өөрийн жин ба даацын харьцаагаар “Liebherr T282B” нь дэлхийн хамгийн хүнд даацын өөрөө буулгагч болж байгаа юм. Гэхдээ өөр нэг өрсөлдөгч болох “Terex MT6300AC” нь өөрийн жин ба даацын харьцаагаар адил ч гэлээ овор хэмжээгээрээ илүү болохоор “Liebherr T282B” хамгийн даацтай автомашин хэвээр байгаа юм.