“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” амжилттай хэрэгжиж, өнгөрсөн хоёр долоо хоногт 3600 гаруй иргэн суралцах хүсэлтээ Хөдөлмөрийн биржэд гаргажээ. Тэгвэл өнөөдрөөс Аж ахуй нэгж байгууллагууд суралцах хүсэлтэй иргэдтэй уулзалт ярилцлага хийх юм байна. Өнөөдрийн хувьд эхний ээлжийн 600 иргэн, 12 ажил олгогч, аж ахуй нэгж байгууллагын удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй ярилцлага хийн, сонгон шалгаруулалтад оролцох юм. Ажил олгогч, аж ахуй нэгж байгууллагууд ярилцлаганд орсон иргэдээс ярилцлагын дүнд сонголт хийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцуулах хүсэлтээ гаргах ажээ.
Түүнчлэн маргааш буюу баасан гарагаас энэхүү арга хэмжээ үргэлжлэн ажил хайгч иргэд, ажил олгогчидтой уулзалт хийх юм байна. Уулзалтын үр дүнд аж ахуйн нэгжүүд мэргэжилтэй ажилтантай, харин ажил хайгч иргэд мэргэжилтэй, ажилтай болох нөхцөл бүрдэх юм. Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн эхний ээлжийн сургалт хоёрдугаар сард эхлэх юм.