Өнгөрсөн онд улсын төсөвт дахин дахин нэмэлт өөрчлөлт орж байсан. Энэ нь төсөвт илтгэх итгэлийг сулруулж байна хэмээн үзжээ. 2013 оны улсын төсөв ДНБ-ий 41.1 хувьтай тэнцэж байгаа. Иймд өнгөрсөн оны эцсийн гүйцэтгэлээс 28.9 хувиар нэмэгдэж, долоон их наяд 250 гаруй тэрбум төгрөгт хүрсэн. Энэ жилийн төсвийн онцлог нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бүрэн хэрэгжиж эхэлсэнд оршино. Иймээс уг хуульд зааснаар тэнцвэржүүлсэн төсвийн алдагдлыг хоёр хувьд барина хэмээн тусгасан. Манай улсын энэ жилийн улсын төсөвт Дэлхийн банкны судлаачид үнэлэлт өгчээ. Үүнд, төсвийн алдагдлыг бага, тогтвортой байлгах хууль хэрэгжүүлж, илүү сайн бодлого баримталж байгаа нь дэвшилтэй.
Гэвч төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж зарлагаа тэлэх байдалтай төлөвлөсөн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зорилтыг гажуудуулж томоохон эрсдэл дагуулж байна. Өнгөрсөн оны төсвийн орлого дутуу төвлөрснийг сайтар тооцсонгүй хэмээн дүгнэжээ. Төсвийн нийт зарлага болон эргэн төлөгдөх зээлийн хэмжээ 17.9 хувиар нэмэгдэж, 7.4 их наяд төгрөгт хүрнэ гэж төлөвлөсөн. Үүний дийлэнх нь хөрөнгө оруулалтын зардал бөгөөд 44.7 хувиар өссөн аж. Хэдийгээр хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн ч, урьд нь хийсэн хөрөнгө оруулалтын чанарт сөргөөр нөлөөлж магадгүй гэнэ. Дэлхийн банкны судлаачид энэ онд төсвийн алдагдал зургаан хувьтай байна гэж тооцжээ. Хэрэв улсын төсвийн гадуурхи санхүүжилтийг төсөвт оруулбал алдагдал нь илүү өндөр гарна гэв.
Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын бонд гаргаад байгаа. Дэлхийн санхүүгийн зах зээл Монгол Улсыг сонирхож буй нь Засгийн газрын гаргасан бондын арилжаа тод харуулсан. Дээрх мөнгөөр улсын төсвийн алдагдлыг нөхөж болохгүй хэмээн эдийн засагчид анхааруулж буй. Тус банкныхан ч бас ийм байр суурьтай байгаа аж. Тухайлбал, Засгийн газрын бондын орлогыг зөв төлөвлөж ашиглахгүй бол томоохон эрсдэл үүсгэх аюултай. Энэ мөнгө улсын төсвөөс гадуурхи санхүүгийн суваг болж болохгүй. Харин хэрхэн ашиглахыг улсын төсөвт суулгаж өгөх хэрэгтэй хэмээн онцолсон байна. Мөн Засгийн газар уг бондын мөнгөөр санхүүжүүлэх төслүүдийг сонгож баталгаажуулахдаа гадаад зээл санхүүгийн өртөг, өөрийн орны эдийн засгийн чадавхи, хязгаарыг тооцон үзэхэд цаг хугацаа хангалттай зарцуулах хэрэгтэй гэжээ. Учир нь, уг мөнгийг улсын төсвөөс эргээд төлөх тул санхүүжүүлэх төслүүд нь өртөгөө хангалттай нөхөх, орлого олдог байх ёстой гэж үзсэн байна.
Улсын төсвийн зардлын томоохон дарамт бол төрийн албан хаагчдын цалингийн өсөлт. Өнгөрсөн оны төсвийн тодотголоор төрийн албан хаагчдын цалин хөлсний зардал 50 гаруй хувиар өсчээ. Гэтэл Олон улсын валютын сангийн судалгаагаар цалингийн өсөлт эдийн засагт халалт үүсгэж, инфляцыг таван пунктээр нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Сүүлийн таван жилд цалин 15-30 хувиар нэмэгдэж ирж. Өөрөөр хэлбэл, 2003 оноос хойш төрийн албан хаагчдын цалин долоо дахин өссөн тооцоо гарав. Тэгэхээр цалин хөлсийг шууд өсгөдөг тогтолцоог халж, ажлын нөхцөл онцлогт тохирсон, зах зээлд суурилсан урамшуулал уян хатан бодлого боловсруулах шаардлагатай ажээ. Энэ онд Засгийн газрын зээлийн үлдэгдлийн хүүгийн төлбөр 162 хувиар өсөх нь. Өөрөөр хэлбэл, 153 тэрбум төгрөгөөс 398 тэрбум болно гэж Дэлхийн банк тооцжээ. Үүнд, Засгийн газрын 1.5 тэрбум ам.долларын бондын хүүг нэмж бодсон байна. Монгол Улсын Хөгжлийн банкны зээлсэн 580 сая ам.долларын хүүгийн төлбөрт л гэхэд 97.5 тэрбум төгрөг төлөх тооцоо гарсан аж.
“Хүний хөгжил сан”-гийн бэлэн мөнгөний шилжүүлэг энэ онд 17.9 хувиар буурах нь. Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд 2.2 их наяд төгрөг байв. Харин энэ жил 1.8 их наяд болох төлөв байна. Энэ нь иргэдэд хавтгайруулан бэлэн мөнгө тараахгүй болсонтой холбоотой ажээ. Дэлхийн банкны эдийн засагчид манай улсын энэ жилийн төсвийг ингэж дүгнэж байна. Харин улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлэх ашигт малтмалын үнэ хямдарчихгүй байгаасай гэж найдлага тавья.