Ж.ГЭРЭЛЧУЛУУН
Үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80, Улсын драмын эрдмийн театрын түүхт 85 жилийн ойд зориулж мэргэжлийн теарт судлаач, зохиолч, яруу найрагч, орчуулагч, тайз дэлгэцийн урлагийн төлөөллүүд хамтран туурвисан гурван ч номын хурим өнгөрөгч амралтын өдөр тохиолоо. Орчин үеийн Хятадын сонгодог зохиолуудыг сорчлон дээжилсэн “Хятадын сонгодог жүжгүүд” номыг Ардын жүжигчин Ж.Лхамхүү эмхэтгэсэн бол “Мотор дуугарлаа” номыг Монголын кино урлагийн нэрт мастерууд, “Монголын театрын түүх” номыг мэргэжлийн театр судлаач, яруу найрагч, жүжгийн зохиолчид хамтран өлгийджээ. Энэ үеэр Ардын жүжигчин, Соёл урлагийн их сургуулийн багш Ж.Лхамхүүтэй театрын урлаг болоод шинэ уран бүтээлийнх нь тухай ярилцлаа.
-Юуны өмнө шинэ номоо өлгийдсөнд баяр хүргэе. Манайд дорнын тэр дундаа Хятадын сонгодогууд орчуулагдсан нь цөөн. Та номондоо ямар ямар зохиол бүтээл багтаав?
-Тиймээ ховор гэхээс аргагүй. Ер нь, Монголын театрын түүхэнд Хятадын хоёрхон жүжиг тавьсан байдаг. Манай академик театр түүхэн хөгжлийнхөө 85 жилийг ойг үзэх гэж байна. Дээр үед, алтан үеийнхнээс ч өмнө “Буурал үст охин” гэх жүжиг тавьсныг Балган багш найруулж байсан удаатай. Нөгөөх нь Гомбожав, Эбимов нар “Хятад орон хүрхрэгтэн” гэдэг хоёр жүжгийн зохиол тавьснаас хойш ерөөс Хятадын сонгодог жүжиг манай тайзнаа тоглоогүй. Сүүлд, 1990 оны үед манай Тунгалагийн “Орчин үе” театрт “Аянгын бороо” жүжгийг тоглож байлаа. Гэхдээ энэ бол хувийн театр гэдэг утгаараа өөр асуудал. Дараа нь “3:27” уралдаанд манай “Эмоци”-ийн Тэмүүжин ангийнхантайгаа орсныг Тунгалаг үзчихээд “Танай хүүхдүүд чадвартай юм. Чи хүүхдүүдээ аваад энэ хятад зохиолыг жүжиг, дипломын ажил болго” гэсэн. Бид ч санал болгосны дагуу “Аянгын бороо”-г дахин тавьж диплом хамгаалсан юм. Хүүхдүүд ч зохиолдоо үнэхээр дурласан. Дараа нь Тэмүүжин маань “X-түц”-д очоод театрын жүжиг болгосон юм билээ.
-Танай оюутнууд тэр дундаа таны дааж авсан анги Хятадын зохиол бүтээлээр диплом хамгаалж тэр нь тайзнаа амилсан нь цөөнгүй байх шүү?
-Тийм тийм. “Аянгын бороо”-ны дараа манай нэг оюутан Лао Шэгийн “Цайны мухлаг” жүжгийг таньдаг хүнээрээ орчуулуулж ирснийг 2011 оны төгсөгчид маань тайзнаа тавьсан. Одоо мөн л “Х-түц”-д байгаа Батзориг, мисс Гэрэлчулуун нар тоглож байсан юм. Өнгөрсөн хаврын төгсөлт дээр Цао Юйгийн “Мандах нар” жүжгийг тавьж Мишээл гэж миний нэг шавь гол дүрд тоглосон юм. Мөн манайхны жүжиг болгосон “Сюэкө бүсгүй” зохиолыг “Чонон сүлд”-ийг орчуулсан Болдбаатар орчуулсан юм. Угтаа бэсрэг роман л даа. Сүүлд “Х-түц”-ийнхэн жүжгийн зохиол болгож “Сэрүүн хасын нууц” нэртэйгээр тавьсан. Би ч мөн адил өөрийн эмхэтгэсэн ганц нэг юмыг жүжиг болохыг харлаа. Яахав, зохиолоос жүжгийн зохиолын хэлбэрт оруулах хэцүү л дээ. Гэлээ ч оюутанд гарын авлага болог, урд, дорно зүгийн бүтээл хийг, уншиж судлаг гэсэндээ тэр.
-Анзаараад байхад барууны кино, жүжгийн зохиол манайд их орчуулагддаг тэр чинээгээр тайзнаа тавигддаг. Дорных муу, таны хэлдгээр оюутнуудад гарын авлага болчих нь ховор санагдсан?
-Муу муу, би хэлсэндээ 85 жилийн түүхтэй театрт хоёрхон жүжиг тавигдсан байгаа юм. Сая би Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Наранбаатарт хэрэг болгон номоо бэлэглэсэн нь урд зүгийн зохиол бүтээл хий гэсэн хэрэг. Ер нь, дорнын театрын урлаг баруунаас дутахгүй арвин их түүхтэй, тэр чинээгээр тавигдаж буй бүтээл, зохиолууд нь нэг тийм гүн ухааны шинжтэй, ээдрээтэй хэр нь утга санаа агуулга нь өргөн хүрээ хамардаг. Жүжгийн жижиг элементүүдийн цаана бүхэл, том сэдэв нуугдаж байдаг. Зүгээр нэг томоор зогсохгүй хүмүүний дотоод мөн чанар руу хандсан, өөрийгөө танин мэдэх, ойлгох сэдэл агуулдаг онцлог. Тиймдээ ч найруулагч, жүжигчин, үзэгчдийн сэтгэлгээний түвшин өндөр байхыг шаардах нь бий.
-Шинэ номын тань орчуулгын ажилд дөрвөн хүн оролцсоноороо онцлог. Мөн таны хоёр дахь ном гэж сонссон?
-Тийм, “Ариун сүмийн босго өндөр” номоо театрынхаа 80 жилийн ойг тохиолдуулж эмхэтгэсэн. Хүүхэд нас, оюутан ахуй цаг, залуу халуун насныхаа тухай мөн жүжигчний мэргэжил эзэмшиж урлагт хөл тавьж байсан үе, ямар найруулагчийн ямар бүтээлд дүр бүтээж байсан гээд ерөнхийдөө театр, дэлгэцийн урлагт хүчин зүтгэж өнгөрүүлсэн дурсамж, үүх түүхийг минь багтаасан ном. Гэхдээ зөвхөн миний түүх гэхээсээ тэр номонд орсон зохиолууд бүтээл болон тавигдсанаараа онцлог. Бүтээл болох болохдоо оюутнуудын маань дипломын ажил байсан нь илүү өгөөжтэй байсан. Хараад байхад эмхэтгэж цэгцэлсэн зүйлсээ мөнөөх ариун сүмийн өндөр босгоор алхах гэж буй оюутан залуусын гарт өгөх нь хожмын үр өгөөж сайн байдаг юм байна.
-Энэ номонд тань орсон дөрвөн зохиол ч жүжиг болох байх?
-Болно байх. Болоосой ч гэж хүсч байна. Мэдээж оюутны ажил театрын бүтээл хоёр огт өөр зүйл шүү дээ.
-Уран бүтээлчид манайд кино, жүжгийн зохиолч ховор болсон гэдэг?
-Үнэн. Тиймдээ ч гадаадын зохиолоор хэт их нүдээд байгаа хэрэг. Яахав, дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн сонгодог бүтээлүүд манай тайз дэлгэцэнд тавигдах нь зөв. Гэвч цаагуураа манайд зохиолч нүдний гэм болоод байгаад учир байгаа юм. Жишээ нь, Ванган, Лодойдамба, Намдаг, Чимэд гуайн зэрэгт хүрч бичих хүн ховор байна шүү. Угтаа, усгүй хөрс хатаж хагараад үржил шимгүй болдог шиг театр зохиолоор цангаж байдаг. Хийх хүсэл эрмэлзэл нь оргилсон шижигнэсэн залуус байв ч сайн зохиол, тэр дундаа өөрсдийн зохиолоор цангаж байна. Үндэсний хэв шинж, монгол хүний сэтгэхүйн ур, цар хүрээ, монгол агуулга, ухаан шингэсэн час хийсэн зохиол бариад ороход хэн ч цааш түлхэхгүй. Даанч ховрын юм гэдэг шиг театр зохиолоор цангаж байна даа.
-Та ном товхимол гаргахын хажуугаар одоо ч оюутнуудад багшилж байна. Таны насанд хүнд ажил шүү?
-Хавар нэг анги төгсгөсөн, сая дахиад нэгийг авчихлаа. /инээв/ Яахав, хэдэн оюутнаа тойруулчихаад бужигнаж л байна. Ач, зээгээсээ ч насаар бага хүүхдүүдэд хичээл зааж байна. Дээр нь орчин үеийн хүүхдүүдийн сэтгэлгээ, сэтгэл зүй өөр болж. Тиймээс тэдэнтэй илүү нээлттэй харилцаж, найз шиг нь байх ёстой санагддаг. Ер нь би өөрийгөө их нээлттэй хүн гэж боддог. Тэр нээлттэй, чөлөөтэй байдал минь хүүхдүүдийг их татдаг юм шиг байна лээ. Хэдийнэ төгсчихсөн шавь нараас минь холбоотой байдаг нь олон. Жүжигчин Ганцэцэг, Амгаланбаатар, найруулагч Түвшин гээд олон шавь нар минь Цагаан сараар ирж золгодог л юм.