Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Стандартын хэрэгжилт хаана очоод бүдэрдэг вэ

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Хорин жилийн түүхтэй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг 2023 онд татан буулгасан. Улмаар салбар бүрийн харьяанд мэргэжлийн хяналтын чиг үүрэг шилжсэн. Гэвч салбарын хяналтыг яамдад хариуцуулах, онцгой болон тусгай чиг үүргийнхээс бусад хяналт шалгалтыг хувийн хэвшил болон төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх чиглэл бариад хоёр жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хүнсний аюулгүй байдал, чанаргүй барилга, зам, гал түймэр гарч эрдэнэт хүний амь эрсэдсээр байна. Стандарт гэдэг нь аливаа үйл ажиллагаа эсвэл бараа, бүтээгдэхүүний чанар үзүүлэлт, шаардлагыг зохих журмын дагуу хамаарал бүхий ашиг сонирхолтой талууд зөвшилцөн боловсруулж эрх бүхий байгууллагаар хянуулж батлуулсан хэм хэмжээг илэрхийлсэн бичиг баримт. Тухайлбал, Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах, аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны хангавал зохих хамгийн доод хэм хэмжээг тогтоосон үзүүлэлт.

Тэгвэл наад захын стандартыг манай улсад хэн мөрдүүлж байгаа нь тодорхойгүй байна. Тиймээс бид хяналтыг хэн хэрэгжүүлж буй талаар сурвалжилсан юм.

Ганцхан стандарт зөрчихөд л эдийн засаг болон эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг хэрхэн үгүй хийж байгаа талаар ганцхан жишээ дурдъя. Одоогоос арван сарын өмнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоох замд 2024 оны нэгдүгээр сарын 25-ны шөнө хүнд даацын автомашин “Патрол” маркийн суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан. Ослын улмаас хүнд даацын автомашинд тээвэрлэж явсан шингэрүүлсэн хий дэлбэрч тухайн орчинд явганаар болон тээврийн хэрэгслээр зорчиж явсан дөрвөн иргэнээс гадна галыг унтраахаар очсон онцгой байдлын байгууллагын гурван албан хаагч амиа алдсан. Мөн ойр орчинд нь байрладаг орон сууц галд өртөж, оршин суугчид орон гэргүй болж түрээсийн байранд амьдарч байна. Аюултай ачаа тээвэрлэх ганцхан стандарт зөрчигдөхөд ийм ноцтой зүйл болж байна. Стандартын дагуу бол тус авто машин хотын хүн амын суурьшил багатай бүсээр зорчих ёстой бөгөөд жолоочоос гадна ХАБ-ын инженер, техникчтэй хамт хөдөлгөөнд оролцох ёстой. Мөн дээрх шиг эрсдэл үүссэн үед нэмэлт техникүүд буюу тог таслах тусгай удирдлагатай байх ёстойгоос гадна ачаа тээвэрлэж буй ёмкост мэргэжлийн байгууллагын дүгнэлтийн дагуу савны амны наагуур хамгаалалттай хөдөлгөөнд оролцох ёстой. Тэр бүү хэл аюултай ачаа тээвэрлэсэн авто машины шатахуун нь дууссан тохиолдолд шатахуун түгээгүүрийн газар руу очихгүйгээр тусгай зориулалтын саванд авах дүрэмтэй ажээ. Хэрэв тухайн автомашин стандартаа мөрдсөн бол дээрх осол болохгүй байх бүрэн магадлалтай байжээ. Гэвч стандартыг нь мөрдүүлдэг байгууллага татан бууснаар монголчууд бид дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж стандарт гэдэг зүйлийг мартсан нь энэ.

Боловсролын яам, Батлан хамгаалах яам стандартаа мөрдүүлж бусад нь энэ талаарх ойлголтгүй байна

Стандартыг мөрдүүлдэг мэргэжлийн хяналтын байцаагч нар харья яаманд очиж ажиллаж буй. Тэгвэл яамдууд стандартын хэрэгжилтийн тайлангаа жил бүр стандарт хэмжил зүйн газар ирүүлдэг ажээ. Боловсролын яам болон Эрүүл мэндийн яам тайлангаа зөв ирүүлж байгаа бол бусад нь элдэв шалтаг тоочсон албан бичиг ирүүлсээр байгаа аж.

Тухайлбал, Эрүүл мэндийн салбарт 701 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаад төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд 2023 онд 21 аймаг, нийслэл дүүргийн 3552 обьектод хяналт шалгалт хийхээр төлөвлөснөөс 2869 обьектод хяналт шалгалт хийж, биелэлт 85.6 хувьтай байна зэргээр тайлангаа ирүүлжээ. Харин бусад яамдуудын хувьд  хяналт шалгалтаа ч ойлгоогүй хариулт өгдөг байна. 

Энэ талаар Стандарт хэмжил зүйн газрын дарга  С.Батбаатар “Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсаны дагуу манай байгууллагад хэмжилтийн хяналт, сорьцын хяналтын байцаагч нар ирсэн. Тэдний хувьд ямар нэгэн өөр үүрэг чиглэл хүлээлгүй байцаагчийнхаа ажлыг хийж байгаа. Бид Монгол Улсын хэмжих хяналт болон алт, мөнгөн эдлэл кг-даа хүрч байна уу эсэх сорьцод хяналт тавин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, зах зээлд хуурамч бүтээгдэхүүн орж ирж байна уу гэдэгт хяналт тавьдаг. Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг салбарын яамдууд руу шилжүүлснээр нэг асуудал үүсэх болсон. Тэр нь нэг уул уурхайн компани дээр жилдээ 7-8 шалгалт очдог болсон. Тодруулбал, Уул уухай, эрдэс баялгийн яам, Татварын ерөнхий газар, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, хэмжил зүйн хяналт, Аймгийн тамгын газар,  Экологийн цагдаа зэрэг газрууд тус тусдаа шалгалт хийж байна. Үүнээс үүдэж компаниуд хяналт шалгалтыг угтан авч, үддэг ажлын хэсэг байгуулсан байгаа юм. Хуучин МХЕГ-нь хяналтын нэгдсэн тогтолцоотой байсан. Тодруулбал, Экологийн цагдаагийн алба, Уул уурхайн яам, Байгаль орчны яам, татвар зэрэг холбогдох байгууллагууд нэгдсэн журмаар жилдээ нэг удаа очиж 2-3 хоног ажилладаг байсан. Ингээд холбогдох арга хэмжээг авдаг байлаа. Тиймээс Засгийн газрын хяналтыг хэрэгжүүлэх байгууллага энэ асуудалд анхаарах хэрэгтэй байна. Мөн манай байгууллагын хувьд бусад яам, агентлагуудыг хяналт шалгалт хийсэн тайлангаа ирүүлэхийг үүрэг болгодог. Ингэхэд хоёр яам л тайлангаа сайн ирүүлж байна. Бусад нь хяналт, шалгалтын тайлангаа ч ойлгоогүй хариулт ирүүлж байна. Тодруулбал, манайх ISO 9001, ISO14000 нэвтрүүлсэн стандартын мэргэжилтэн ажиллуулж байгаа гэдэг тайлбар ирүүлдэг. Стандартын хэрэгжилт гэхээр ийм тайлан ирүүлж буй нь стандартын хэрэгжилтээ ойлгоогүй байна гэсэн үг” гэв.

Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсанаар хүнсний эрүүл ахуйн асуудал алдагдахад хүрчээ

Одоогоос хоёр жилийн өмнө сургууль болон зоогийн газарт хоолны хордлого гарахад мэргэжлийн хяналтын байцаагч нар очиж тохирох арга хэмжээг авдаг байсан. Тэгвэл одоо дээрх асуудал гарахад хаашаа хандахаа мэдэхгүй байгаагаа иргэд хэлж байлаа. Энэ тухай иргэн Б.Баттогтох “Мэргэжлийн хяналт байхгүй болсноор хяналт шалгалтыг хэн тавих нь тодорхойгүй болсон. Тухайлбал, сургуулийн ойролцоо зарж буй хоол хүнсэнд хяналт тавьж байгаа газар алга. Мөн хоолны газар ороод хордлоо гэхэд хэнд хандахаа мэдэхгүй байна” гэв. Энэ дагуу дээрх асуудлын хэн хариуцдаг талаар мэдэхийн тулд олон газар луу холбогдлоо. ХХААХҮЯ-ны салбарын хяналтын газрын дарга Б.Батшагайгаас тодруулахад “Манай яам салбар хоорондыг бодлого, арга зүйгээр хангадаг. Дээрх асуудлыг Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газар болон дүүрэг дээрх байцаагч нар хариуцна” гэсэн юм. Харин Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнбилэг “Манайх одоо энэ асуудлыг хариуцаж байгаа. Бид өнгөрсөн есдүгээр сард 4.4 мянган иргэн, ААН, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Шалгалтын явцад 3.327 зөрчил илрүүлж, 75.7 хувийг газар дээр нь арилгуулсан. Шалгалтаар 43 нэр төрлийн 998 ширхэг, зургаан тонн хадгалалтын хугацаа дууссан 81 сая төгрөгийн бүтээгдэхүүн хураан авч устгуулсан” гэж байлаа. Хэвлэл мэдээллийн байгууллага олон шат дамжлага дамжин арай гэж холбогдож байхад иргэд бол холбогдож асуудлаа шийдүүлэх боломж нь хэр бол гэдэг эргэлзээтэй.

Мэргэжлийн хяналтын байгууллага байхгүй болсны улмаас хүнсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрээд байгаа юм. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсанаар хүнсний аюулгүй байдал алдагдсан. Тэд хүнсний аюулгүй байдалд өдөр тутамдаа байнгын манаа хийдэг байв. Одоо ингэж чадахгүй болсон. Хяналтаа эрчимжүүлэхгүй бол хүнсний хангамж, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй байна. Улаанбаатар хотын зургаа болон найман нэрийн барааны дэлгүүрүүд, ТҮЦ-д хугацаа дууссан, шошго сольсон хүнсний бүтээгдэхүүн зарагдаж байгаа эрсдэл их байна. Хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавих хууль эрх зүйн орчин бүрдэж, бүтцийн өөрчлөлт хийгдэх хүртэл Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар дээрх асуудлыг хариуцна” гэж өнгөрсөн сард ярьж байсан юм.

Мэргэжлийн хяналтын газар зураг төслөөс нь эхлээд л хариуцлага хүлээлгэх эрх мэдэлтэй байв. Гэтэл ингээд л хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналт гэж байхгүй болж дарга нарын компани нь ямар ч шалгалт, хяналтгүйгээр хүнсээ нийлүүлж, барилгаа барьж, замаа тавьж, дураараа дургиж байна. Үүнийх нь горыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд иргэд амь нас, эд хөрөнгөөрөө амсаж байгааг  харж л байна. Улс орнууд яаж хяналтаа яаж нэгтгэх вэ гэдэг гарц гаргалгаа хайж байхад манайх бэхжүүлэхийн оронд устгаж л байдаг нь харамсмаар.

Уг нь Стандарт хэмжил зүйн газрын дэргэд Стандартын хэрэгжилтийг хянах газар гэж байгуулахаар холбогдох хуулиудыг боловсруулж байгаа гэж Стандарт хэмжил зүйн газрын дарга  С.Батбаатар хэлсэн. Тэгвэл манай улсын 6600 орчим стандартыг мөрдүүлэх буух эзэн буцах хаягтай газартай болох нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл, стандартыг баталж буй газар нь стандартаа мөрдүүлдэг дэлхийн жишигт шилжих хэрэгтэй. Ингэснээр эрсдлийн түвшин буурах боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. ПҮРЭВ ГАРАГ. № 31 (7455)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан