Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ

Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барихаас өмнө олон нийт, судлаач, эдийн засагч, мэргэжлийн оролцогчдыг хамруулсан нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр (2024.09.11) зохион байгууллаа.Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, ЗГХЭГ, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон төрийн бусад байгууллагууд, ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, их сургуулиудын багш, судлаачид оролцож санал солилцов. Хэлэлцүүлгийг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн үг хэлсэн бөгөөд Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Эдийн засгийн төлөв, макро бодлогын зорилт” сэдвээр, Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын Эрсдэлийн үнэлгээний хэлтсийн захирал Г.Борхүү “Банк, санхүүгийн салбарын өнөөгийн байдал, бодлогын зорилт” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд Монголбанк дунд хугацааны инфляцын зорилтыг 5 хувь орчимд тогтворжуулахаар зорьж буйгаараа онцлог болж байна. Ингэхдээ 2025-2026 онд +/-2 нэгж хувийн интервалтай, 6 хувь орчимд тогтворжуулах, 2027 оноос 5 хувийн орчимд хүргэж бууруулах зорилтыг дэвшүүллээ.  Мөн төгрөгийн ханшийн хувьд гадаад хүчин зүйлтэй нийцэн, уян хатан тогтох зарчмыг үргэлжлүүлэн баримтлах, макро зохистой бодлогын шийдвэр гаргалтын тогтолцоог илүү боловсронгуй болгох, жижиг дунд бизнесийн нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн тогтолцоог олон улсын сайн жишигт нийцүүлэх ажлыг эхлүүлэх зэрэг зорилтуудыг тусгав. Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд Монголбанк тогтвортой, ногоон санхүүжилтийн мэдээлэл цуглуулах тогтолцоог хөгжүүлж, бэхжүүлэх, банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, салбарын хяналт, шалгалтын үнэлгээний аргачлалыг олон улсын жишигт үе шаттайгаар нийцүүлэх зэрэг зорилтыг тусгажээ. Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцогсод Төв банкны зүгээс цаашид инфляцын тогтвортой байдлыг хангахад гадаад нөхцөл байдал болон төсвийн тэлэлттэй холбоотой учирч буй эрсдэл, түүнд Төв банк ямар бодлогын хариу үйлдэл үзүүлэх, банкны салбарын хөрөнгө оруулалт, тэр дундаа гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжих, банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах хуулийн хэрэгжилтийг хангах, зээлийн хүүг бууруулах, ингэхдээ дотоодын мөнгөний захын хэрэгслийг хөгжүүлэх зэрэг сэдвээр асуулт асууж, санал хэлэв.Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг 2017 оноос хойш жил олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлж байна. Хэлэлцүүлгийн гол зорилго нь богино болон дунд хугацаанд хэрэгжүүлэх төрийн мөнгөний бодлогын зорилт, тэдгээрийн үндэслэлийг тайлбарлаж, мэдээллийн тэгш байдлыг хангахад чиглэдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан