Зүүн Хойд Азийн хотуудын өмнө тулгамдаж буй нийтлэг асуудал, хотуудын сайн туршлагыг сурталчлан таниулах, цаашид хамтдаа хөгжих, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор энэхүү чуулга уулзалтыг 2014 оноос уламжлал болгон хоёр жил тутамд зохион байгуулдаг.
Энэ удаагийн Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Чуулга уулзалтыг “Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой хөгжил, төр , хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин хэрэгжүүлэх нь” сэдвийн дор хэлэлцэж байна.
Уг форумыг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэлсэн үгэндээ “Нийслэл Улаанбаатар хотын ирэх дөрвөн жил их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжил, цэцэглэлтийн жилүүд байх болно. Улаанбаатар хот цоо шинэ тэсрэлт хийх бэлтгэл ажлыг хангаж, миний бие хотын дарга болсноос хойш багахан хугацаанд нийт 60 гаруй хуулийн төслийг санаачлан, боловсруулж, Монгол Улсын Их Хурлаар батлууллаа. Нэн түрүүнд хөгжлийн саад, түгжээ болоод байсан хууль, эрх зүйн орчноо сайжруулж, үүнийгээ дагаад эдийн засгийн таатай орчин бий болох нөхцөлийг бүрдүүлээд байна. Зүүн Хойд Азийн орнуудад хотжилт, эдийн засгийн өсөлт хурдацтай явагдаж байгаа хэдий ч энэхүү ахиц дэвшил нь байгаль орчин, нийгмийн томоохон сорилтуудыг дагуулсаар байгаа. Тогтвортой хөгжил нь эдгээр сорилтыг даван туулах, хот суурин газрын урт хугацааны хөгжил цэцэглэлт, амьдралын чанарыг хангахад нэн чухал юм. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг баталж, түүнд “Улаанбаатар ба дагуул хот”-ын бие даасан бүлэг оруулан, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан ногоон санхүүгийн үндэсний тогтолцоог дэмжин хөгжүүлж, олон улсын санхүүгийн арга хэлбэрийг ашиглан байгальд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ гэсэн зорилго дэвшүүлэн ажиллаж байна” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС