Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн хэрэг гарсан. Үүний улмаас тус байрны 63 өрхийн 218 оршин суугчид өнөөдрийг хүртэл түрээсийн орон сууцанд амьдарч байна. Хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсгээс гал гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэр хэмжээг тогтоохоор ажиллаж дүгнэлт гаргаж буй.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр өнөөдөр 207 дугаар байрны оршин суугчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном “Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн сарын 10-ны өдрийн захирамж гаргаж, барилга байгууламжийн ажлын даалгавар боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгээс мэргэжлийн зөвлөх баг авч, тухайн барилга байгууламжийн нүүрсхүчлийн хий бетон арматурт хэрхэн нөлөөлсөн талаарх лабораторийн дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтэд барилгыг хүчитгэхээр зэврэл үүсэх магадлалтай гэж гарсан. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа барилгын холбоод руу газар хөдлөлтөд тэсвэртэйг шалгах тооцоо, хүчитгэлийн тооцоог хийх хүсэлт ирүүлсэн ч харамсалтай нь өнгөрсөн хугацаанд нэг ч байгууллагаас хариу ирүүлээгүй байна. Улсын онцгой комиссын дүгнэлтээр дээрх барилгад хүчитгэл болоод урсгал засварын ажлыг хийж гүйцэтгэхэд 10 орчим тэрбум төгрөг зарцуулагдах тооцоолол гарсан. Энэ асуудалтай холбогдуулан бид Барилгын хөгжлийн төвөөс тухайн барилгыг нурааж дахин шинээр барих тооцооллыг хийлгэж үзэхэд буулгах зардалд 2.6 тэрбум, дахин шинээр барих ажилд 10 орчим тэрбум төгрөг зарцуулагдах тооцоог гаргаад байна. Барилгыг буулгалгүй хүчитгэл хийж засварлах, буулгаж шинээр барих хоёрт ижил зардал гарах учраас энэ асуудалд оршин суугчдын саналыг сонсож байна” гэдгийг хохирогчдод танилцууллаа.
Оршин суугчид өнөөдрийг хүртэл түрээсийн орон сууцанд амьдарч байгаа бөгөөд түрээсийн хугацаа ирэх 9 дүгээр сарын 30-ны өдөр дуусна. Хэрэв барилгыг нурааж, дахин шинээр баривал оршин суугчид үргэлжлүүлэн түрээсийн байранд амьдрах болно. Барилга бүрэн ашиглалтад орж дуустал нийслэлээс оршин суугчдын түрээсийн төлбөрийг үргэлжлүүлэн төлөх юм.
НЗДТГ-ын дарга П.Хадбаатар “Дэлбэрэлтэд өртсөн орон сууцны оршин суугчидтай бид гэрээ байгуулж, түрээсийн орон сууцанд хамруулсан. Ингэхдээ гэрээний хугацааг энэ оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл байгуулсан. Улсын байцаагчийн дүгнэлт гарч барилгыг нурааж, дахиж шинээр барих шийдвэр гарвал бид дахин гэрээг сунгаж, барилга ашиглалтад ортол оршин суугчдыг түрээсийн орон сууцанд байлгах ажил үргэлжилнэ гэв.
Оршин суугчдын зүгээс барилгыг нураах болон шинээр барих компанийн талаарх мэдээлэл, хэдий хэр хугацаанд ажил гүйцэтгэх талаарх мэдээллийг тухай бүрт авч байхыг хүссэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС