Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Оюунцэцэг: Байгаль орчин, амьтан, ургамлын тухай хууль зөрчвөл төлүүлж, хууль бус орлогыг хураан, торгох шийтгэл оногдуулдаг

Төв аймгийн прокурорын газраас байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг сүүлийн гурван жилийн байдлаар аймгийн хэмжээнд судалсан байна. Энэ талаар тус аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Х.Оюунцэцэгтэй ярилцлаа.

-Төв аймгийн хэмжээнд байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмыг зөрчих зөрчил хэр их гарч байна. Энэ төрлийн зөрчил гарахад нөлөөлж буй шалтгааныг юу гэж дүгнэж байна вэ?

-Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн гаралт 2022, 2023 онд 15-25 хувиар буурсан. Гэхдээ зарим төрлийн зөрчил буурахгүй байна.

Тус аймгийн нутаг дэвсгэрийн 16.4 хувийг ой мод эзэлдэг бөгөөд ховор эмийн ургамал их ургадаг, мөн дархан цаазат болон ан агнуурын 20 орчим зүйлийн ховор ан амьтантай. Нутаг дэвсгэр, байгаль орчны энэхүү онцлогтой холбоотойгоор амьтны тухай, ойн тухай, газрын хэвлийн тухай, усны тухай хууль зөрчих зөрчлийн хэрэг нийтлэг үйлдэгдэж байна.

Тухайлбал, энэ он гарснаас хойш амьтныг зөвшөөрөлгүйгээр агнасан 12, агнуурын бүс нутгаас бусад газарт, хориотой үед, хориглосон арга хэрэгслээр агнасан, тээвэрлэсэн 43 зөрчил бүртгэгдсэн.

Иргэд ашиг олох зорилгоор тарвага, загас, зээр гэх мэт ан амьтныг хууль бусаар агнах, модны үр жимсийг их хэмжээгээр түүж бэлтгэх зэргээр энэ төрлийн зөрчлийн хэргийг үйлдэж байна. Мөн бусдын хууль бусаар олж авсан эд зүйлсийг мэдэхгүйгээр дайж, тээвэрлэж авч явсны улмаас зөрчлийн хэргийн холбогдогч болж, хариуцлага хүлээх тохиолдол гардаг.

Байгаль орчин, амьтан, ургамлын тухай хууль зөрчвөл хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр төлүүлж, хууль бус орлогыг хураан, торгох шийтгэл оногдуулдаг.

Тодруулбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 49.5 дахь хэсэгт зааснаар ойн сан, амьтан, ургамлын аймаг, усны нөөц, газарт учирсан хохирлыг тухайн зүйлийн экологи–эдийн засгийн үнэлгээг 2-5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож, зөрчил үйлдсэн иргэн, хуулийн этгээдээр нөхөн төлүүлдэг.

Мөн зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, олсон хөрөнгө, орлогыг хурааж улсын орлого болгон, хуульд заасан хэмжээгээр торгоно.

Тус аймгийн хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд үйлдэгдсэн байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах зөрчлийн хэргийн улмаас нийт 247 сая төгрөгийн хохирол учирснаас 80.9 хувийг нь нөхөн төлүүлсэн байна.

Жишээ нь, нэр бүхий иргэд 180 ширхэг тарваганы хөлдөөсөн тулмыг Архангай аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэж явсныг тус аймгийн Лүн сумын нутагт илрүүлэн шалгаж, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн тохиолдол 2022 онд гарсан. Дээрх иргэд тарваганы хөлдөөсөн тулмыг худалдан борлуулж, ашиг олох зорилгоор авч явсан нь тогтоогдож, эрх бүхий байгууллагаас Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгож 62,7 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

-Энэ төрлийн зөрчлийн хэрэгт хэдэн хүн холбогдож, хуулийн хариуцлага хүлээсэн бэ. Иргэдийг энэ төрлийн зөрчлийн хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна?

-Төв аймагт сүүлийн 3 жилийн хугацаанд бүртгэгдсэн байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах зөрчлийн хэрэгт нийт 300 хүн, 82 хуулийн этгээд холбогдож, хуулийн хариуцлага хүлээсэн. Зөрчлийн хэрэгт холбогдсон иргэдийн 93 хувь нь эрэгтэй, 7 хувь нь эмэгтэй хүн байгаа бол дийлэнх нь бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 36-45 насныхан байна.

Аймгийн хэмжээнд одоогоор байгаль орчны хяналтын улсын байцаагч 28 хүн ажиллаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 3, сумдад 18, Хустайн байгалийн цогцолбор газарт 7 байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилладаг.

Төв аймгийн прокурорын газраас дээрх байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудаас явуулсан зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавьж байна. Энэ хүрээнд сургалт, зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулахаас гадна иргэдэд чиглэсэн урьдчилан сэргийлэх ажлыг дангаар болон хамтран хийдэг.

Мөн тус прокурорын газраас холбогдох байгууллага, албан тушаалтанд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдэгдэл, шаардлага хүргүүлэх зэргээр хуульд заасан арга хэмжээг авч ажиллаж байна. Хамгийн сүүлд гэхэд, 2 сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах зөрчлийн хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах талаар прокурорын мэдэгдэл хүргүүлж, яриа таниулга хийн хууль эрх зүйн мэдээлэл өглөө.

 Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан