Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэчлэн тогтоосон их дээд сургуулиудын босго оноо

Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд нэг сарын хугацаа үлдээд байна. Их дээд сургуульд шинээр элсэгчдийн хувьд ямар сургуульд суралцах, ямар мэргэжил сонгох талаараа эргэлзэж буй. Энэ жил дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх журамд орсон өөрчлөлтийн талаар 2024 оны дөрөвдүгээр сарын 18-нд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас их, дээд сургуулийн төлөөллүүдэд танилцуулсан юм.

Тухайлбал, их, дээд сургуульд оюутан элсүүлэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэг ижил байхаар тогтоосон.

Ингэснээр элсэгчид ижил босгоор мэргэжлээ сонгон суралцана гэсэн үг. Энэ талаар БШУЯ-ны Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир “Өмнө нь төрийн өмчийн сургуулийн сувилагчийн ангийн босго 480 оноо байсан бол хувийн хэвшлийн их, дээд сургуулийн хүний их эмчийн ангийнх 410 байв. Өмчийн хэлбэр харгалзаж босго оноо тогтоосноор хүний их эмч нь сувилагчаасаа бага оноогоор элсдэг тогтолцоо хэрэгжиж байсан. Цаашид ч өмчийн хэлбэр харгалзахгүйгээр шалгуур шаардлагыг ижил байлгана” гэж мэдээлсэн.

Түүнчлэн Элсэлтийн шалгалтын босго оноог шинэчлэн тогтоохдоо өмнөхөөс нь бууруулахгүйгээр хуульчлан тогтоожээ.

Энэ талаар Х.Тамир “Жил бүр босго оноог шинэчилнэ. Зарим мэргэжил дээр өмнөх оноог нь барьж болно. Заримыг нь нэмнэ. Харин бууруулж болохгүй” гэж тайлбарласан билээ.

Энэ жилийн тухайд орон нутгийн сургуулийн босго оноо 420 байх бол нийслэлийн их, дээд сургуулиудад мэргэжлийн ангиллаас хамаарч ялгаатай тогтоосон байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны дөрөвдүгээр сарын 12 өдрийн А/170 тоот тушаалаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа дээд боловсролын сургалтын байгууллагын 2024-2025 оны хичээлийн жилд элсэлт авах үндэсний Босго оноог 420-480 байхаар тогтоосон байна.

Оюутан элсүүлэх үндэсний босго оноо:

  • Их сургууль- 480
  • Дээд сургууль -440
  • Коллеж -400
  • Орон нутгийн их, дээд сургууль – 410 байна.

Харин улсын томоохон их дээд сургуулиудын 2024-2025 оны хичээлийн жилд бакалавр, дэд бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноо:

  • МУИС- 480-600
  • МУБИС- 420-480
  • АШУҮИС- 410-480
  • ШУТИС- 420
  • ХААИС- 450-480
  • СУИС- 440-480

СЭЗИС-ийн босго оноо хамгийн өндөр буюу 500-650 байхаар тогтоожээ.

Харин их дээд сургуулийн сургалтын төлбөр дунджаар нэг кредит нь 123300 байна.

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ыг 2024 оны долдугаар сарын 4-7 хооронд зохион байгуулахаар бэлтгэл ажил бүрэн хангагджээ. Одоогийн байдлаар 36 мянга орчим шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна.

Шалгуулагч нь ЭЕШ-д монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс хоёроос багагүй хичээлийг сонгон шалгуулна.

ЭЕШ-ын сэдэв даалгавруудыг тухайн хичээлүүдийн хөтөлбөрийн агуулгын хүрээнд тохирсон, шалгуулагчийн мэдлэг, танин мэдэхүйн түвшин, сурах ерөнхий чадварыг шалгахаар боловсруулан бэлтгэсэн тестийн хэлбэртэй байна. ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд орно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

1 Сэтгэгдэл
Origoo talhnii meneger hontsiin shees hontsiin huuhed
Хамгийн их уншсан