“Монгол хүүхдүүд” баярын арга хэмжээг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүүхэд багачуудад хүргэв. Тэрбээр мөн “Монголын хүүхдүүд эрүүл энх, саруул сайхан, айх айдасгүй өсөн хүмүүжих ёстой. НЗДТГ болон Засгийн газрын зүгээс хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд онцгойлон анхаарал хандуулж ажиллаж байна. Улаанбаатар бол залуучуудын хот. Тиймээс залуу үе, үр хүүхдээ хамгаалах, тэдний ирээдүйг бэлтгэх хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг хүлээн ажиллаж байгаа. Улаанбаатар иргэдэд ээлтэй, хүүхдэд аюулгүй, сурч боловсрох орчныг бүрдүүлсэн хот болох ёстой. Энэ хүрээнд эрх зүйн чадамжийг нэмэгдүүлж, олон ажлыг төлөвлөн ажиллаж байна” хэмээлээ. Мөн Улаанбаатар хотын иргэн нэг бүрийг эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, хүүхдийн төлөө, хүний төлөө зорилгын нүд, чих болж, зөрчил дутагдлыг арилгахад хамтран ажиллахыг уриаллаа.