Оюутолгой төслийн гүний уурхайн олборлолт албан ёсоор эхэлснээр Монголын тал хэзээ ногдол ашиг хүртэх нь олны анхаарлыг татсаар байна. Монголчууд өчигдөр маргаашнаас илүү орлого олж, ашиг хүртэх юм шиг хүлээж байгаа. Энэ талаар Оюутолгой төслөөс хэзээ ногдол ашиг хүртэх талаар “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбатаас тодруулжээ.
Н.Цэрэнбат “Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг болон Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшиж байгаа “Эрдэнэс Оюу Толгой” ХХК энэ төслийн үр ашгийг нэмэгдүүлэх ёстой. Үүнээс хүртэх өгөөжийг цаг хугацааны хувьд наашлуулах, мөнгөн дүнг нэмэгдүүлэх шаардлага тавьж ирсэн.
Үүний хүрээнд өнгөрсөн жил 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэснээр монголчуудын ногдол ашиг хүртэх хугацаа наашилсан. Далд уурхай ашиглалтад орсноор 2051 хүртэл тасралтгүй явах технологийн ажил эхэллээ гэсэн үг.
Урт хугацааны төлөвлөлтийн дүнд аюулгүй ажиллагаа, гэнэтийн саатал гарахгүйгээр явбал 2032 оноос эхэлж ногдол ашиг хүртэнэ хэмээн тооцож байгаа. Сүүлийн хэдэн жилд дэлхийн зах зээлд зэсийн үнэ өндөр байгаа нь давуу талтай.
Гэвч санхүүгийн эх үүсвэрийн хувьд дэлхийн томоохон улс орнуудын төв банкны бодлогын хүү нь өсөж байгаа нь тодорхой хэмжээгээр зардал нэмэгдүүлж болзошгүй” хэмээжээ.