Оюутолгойн бүлэг ордын нийт нөөцийн дийлэнх хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь Хюго Даммет ордын гүнд оршдог. Гүний уурхайн олборлолтыг аюулгүй, дэвшилтэт “блокчлон олборлох” аргачлалаар эхлүүлэх гэж байна. Ингэснээр Оюутолгой нь зэсийн баяжмалын үйлдвэрлэлдээ ил уурхайн хүдэр дээр нэмж газрын гүний 1.3 км-ээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдэх юм.
Гүний уурхайгаас нэг өдөрт олборлох хүдрийн хэмжээг ирэх жилүүдэд үе шаттайгаар нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн оргил үед хүргэхээр зорьж буй аж.
Оюутолгойн бүлэг ордын нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд байдаг. Ил уурхайн ордтой харьцуулахад гүнд буй бүлэг орд нь эрдсийн агуулга өндөртэй. Газрын гадаргаас 700 метрийн гүнээс эхлэн үргэлжлэх орших бүлэг ордыг ил уурхайн аргаар олборлох боломжгүй учир гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг эрчимжүүлснээр өнөөдөр олборлолтоо эхлүүлж байна.